Эрдэнэтчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Эрдэнэтчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголын ард түмний бахархал болж, хоёр зууныг дамжин цэцэглэж буй Эрдэнэт хот үүсч байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн нийт иргэд, сонгогчдод УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд “35 жилийн тэртээ Эрдэнэтийн овооны өгөөж баян энэ сайхан нутагт “Эрдэнэт” хэмээх Монголдоо төдийгүй дэлхий дахинаа алдар нэр нь дуурсагдсан шинэ үеийн сайхан хот сүндэрлэн боссон. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэ хот улс орныхоо нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ үйлдвэр, эдийн засгийн томоохон төв болж хөгжсөнийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эдүгээ 100 гаруй мянган оршин суугчтай, орчин үеийн техник, технологид тулгуурласан олон үйлдвэр, аж ахуйн газартай, сургууль, соёл урлаг, эмнэлгийн үйлчилгээ төвлөрсөн, гадаад, дотоодын харилцаа холбооны сүлжээ бүхий орчин үеийн хотын өнгө төрхийг олжээ. Дэлхийн металл боловсруулах үйлдвэрийн салбарт томоохонд орох “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэр эрдэнэтчүүд төдийгүй Монгол Улсын хөгжилд жинтэй байр суурь эзэлсэн хэвээр байна.

Ийм хотыг байгуулж, бүтээн босгоход хүч чадал, билэг авъяасаа харамгүй зориулсан үе үеийн ахмадууд, тэдний халааг авч залгамжлан хөдөлмөрлөж, бүтээж байгаа залуучуудын хичээл зүтгэлийн үр шимээр Орхон аймаг өнгө төрхөө өдрөөс өдөрт шинэчилсээр байна. Тэдний дундаас Эрдэнэт хот, Орхон аймгийн олон арван хөдөлмөрийн сайчууд, урлаг соёл, биеийн тамир, спортын алдар цуутан, гавъяатнууд төрөн гарсан билээ. Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад мэдлэг чадвар, бүтээлч хөдөлмөрөө зориулсан Оросын Холбооны Улсын мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, ажилчдад гүнээ талархаж байна.

Эрдэнэт хотын хөгжлийн ирээдүй бол байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг зүй зохистой ашиглах, нэн ялангуяа орчин үеийн шинжлэх ухааны өндөр технологид тулгуурласан зэс хайлуулах үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрүүд барьж ажиллуулах явдал юм. Цаашид орон сууцны томоохон хороолол болон цэвэрлэх байгууламжийн инженерийн шугам сүлжээ байгуулах, оюутны хотхон барих зэрэг их бүтээн байгуулалтын зорилтууд ч та бүхний өмнө тулгарч байна” хэмээжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж