Шинэ гишүүд тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2016.07.05-нд нийтлэгдсэн

Шинэ гишүүд тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганыг нээнэ. Долоо дахь удаагийн УИХ байгуулагдах болж байгаа нь энэ юм. Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

Шинээр байгуулагдах УИХ-ын 65 гишүүн зөвхөн МАН-ын бүлгийг төлөөлөх бол сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэйгээр, МАХН, бие даагчдыг төлөөлөн тус бүр нэг гишүүн ажиллана.

Сонгуульд нэг нам үнэмлэхүй суудал авсан учраас голлох шийдвэрийг зөвхөн нэг бүлэг гаргана, хариуцлагаа мөн дангаараа үүрнэ.

Өмнөх парламенттай харьцуулахад Засгийн газар нь тогтвортой ажиллах боломж бий. Гол нь хяналт тавьж ажиллах ёстой сөрөг хүчний гишүүдийн тоо хэт цөөн байгаа нь парламентын гүйцэтгэх засаглалд тавих хяналт хэт зөөлөрч мэдэх талтай.

З.Энхболдын танхим бүрэн эрхийн хугацааныхаа ихэнхийг сандал суудлын хэрүүлд барсан гэх шүүмжлэлийн бай болоод байгаа ч нэг талдаа Засгийн газарт тавих хяналт нь илүү хүчтэй явж ирснийг онцлох ёстой болов уу. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан МАН УИХ-д 26 суудлыг эзэлж байсны зэрэгцээ Засгийн газраа унагах сонирхолтой эрх баригч намын гишүүдийн тоглолтыг өдөөн Н.Алтанхуягийн танхимыг огцруулж байв.

Хоёр дахь удаагаа эрх баригч хүчний Засгийн газрыг унагахаар зүтгэсэн ч алдаагаа дахин давтахгүй байх шийдвэртээ Ардчилсан намынхан нэгэн цул болж нэгдэж чадсанаар Ч.Сайханбилэгийн танхим өнөөдөртэй золгосон.

Шинэ Засгийн газарт ийм зовлон нүүрлэхгүй болов уу. Гэхдээ сөрөг хүчний оролцоо бага байна гэдгээр парламент нь Засгийн газарт тавих хяналтын тогтолцоогоо ажилуулахгүй сулд нь тавибал нэр хүндээ алдаж эхэлнэ.

Шинээр бүрдэх УИХ-д хийх ажил их бий. Нэн тэргүүнд ард түмэнд амласан мэргэжлийн Засгийн газар байгуулахад анхаарах.

Давхар дээлгүй сайдаар Засгийн газрыг бүрдүүлж ажиллах ёстой гэсэн өнгөрсөн хугацаанд барьсан байр суурь ард түмэнд таалагдах гэсэн тактик байсан уу, аль эсвэл үнэхээр улс орны ажлыг бодсон зарчим байсан уу гэдгийг одоо л Монгол түмэн харна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа. Уг хуулийг батлаад Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдыг л зөвхөн парламентаас сонгодог эрх зүйн орчныг нь баталгаажуулаад өгчих.

Ирэх оны улсын нэгдсэн төсвийг боловсруулж гаргах замын зураглалыг УИХ-аар яаралтай батлах шаардлага бий.

Эдийн засгийн хямралыг богино хугацаанд давж гарах хөтөлбөрийг баталж, Засгийн газрыг ажлаа эхлүүлэх боломжийг нь хангах.

Татварын багц хуулийг шинэчлэн баталж, иргэн, аж ахуйн нэгж бүр татвараа дарамтгүйгээр төлдөг орчинг бүрдүүлэх гэх мэтчлэн олон ажил шилээ даран хүлээж байгаа.

Дээр нь шинэ УИХ ёс суртахууны өндөр хариуцлага хүлээж ажиллах ёстой. Хурал нь цагтаа эхлэхгүй, хууль тогтоогчид нь ажилдаа ирэхгүй хувийн эрх ашгаа хөөгөөд эхэлбэл сөрөг хүчингүй парламентын ажил шууд унана.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж