ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өчигдөр11.40 цагт хуралдуулахаар товлосон ч өнөөдөр буюу энэ сарын 05-ны 11.00 цаг хүртэл хойшилсон. Шалтгаан нь нийслэлийн МАН-аас хотын даргад нэр дэвшээд буй Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учир МАН-ын дарга Ц.Сандуй ИТХ-ын анхдугаар хуралдааныг хойшлуулах хүсэлтээ НИТХ-ын дарга Д.Баттулгад бичгээр илгээсэн байна.
- Шиидлийн Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаан өчигдөр болж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2018 онд авах 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн 2 дахь шат” болон “Ухаалаг боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцэн дэмжээ. Эдгээр хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Б.Болорт олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Зээлүүд нь нийт 40 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү 0.2 хувь, үйлчилгээний хураамж 0.1 байна.
- Мөн Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2015 оны 79 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан юм. Өөрчлөлт оруулсны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд ажилллаж байсан бол цаашид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч уг комиссыг тэргүүлнэ.
- Ардчилсан намыг шинэчлэх хороог байгуулан ажиллаж байсан Ардчилсан намын хэсэг залуус өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэд Ардчилсан намын дарга З.Энхболд, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарыг 24 цагийн дотор багтан намын гишүүд, дэмжигчдээсээ уучлал гуйн огцрох өргөдлөө гаргахыг шаардлаа. Мөн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог 48 цагийн дотор яаралтай хуралдуулж, намын их хурлыг ирэх наймдугаар сарын 15-ны дотор зарлах зэрэг шаардлага тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
- Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшигчид өөрчлөгдөж, зуун хувь Монголын талд шилжсэн талаар олон нийт хэдийнэ мэдсэн. Харин тус үйлдвэрийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг томилсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ. Энэхүү томилгоог Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч Засгийн газар болон 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” компанитай зөвшилцөн шийдсэн гэж мэдээлсэн ч өчигдөртөө хүчин төгөлдөр ажилласан Шийдлийн Засгийн газраас ийм томилгоо хийгээгүй гэсэн тайлбар хийжээ.
- Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцжээ. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбар хорооны дарга нар танилцууллаа. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорино. Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно. Барилдах бөхчүүдийг энэ сарын 8-10-нд бүртгэж эхлэх юм байна.
- Орон нутаг руу зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл олон улсын жишиг, дэлхийн авто тээвэрчдийн холбооноос баталсан дүрэм журмын дагуу 70-80 км/цаг хурдтай явах ёстой. Харин энэхүү үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй автобусыг иргэд “удаан явдаг” гэж шүүмжлэн, хувь хүний унаагаар үнэ тохирон явах болсон байна. Үүнээс болж олон хүн амь насаа алдсан гэж АТҮТ-ийн дэд захирал Д.Батбаатар өчигдөр мэдээлжээ. Улмаар хулгайн тээвэр улам бүр гаарч буй ийм үед гэнэтийн ослоос өөрийгөө хамгаалж, хөдөө орон нутаг руу явахдаа албан ёсоор хурдыг нь хянадаг, даатгалтай автобусанд суухыг АТҮТ-өөс анхааруулсан юм.