Хувьцааны мөнгө хаачив?

Хуучирсан мэдээ: 2016.07.05-нд нийтлэгдсэн

Хувьцааны мөнгө хаачив?

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 300 мянган төгрөгийг сонгуулийн өмнө Засгийн газар худалдан авах шийдвэр гаргасан билээ. Хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн мөнгийг сонгуулийн өмнө хоёр удаа 100 мянган төгрөгөөр олгосон. Нийтдээ 300 мянган төгрөгийг долоо хоногийн зайтай 100 мянгаар нь олгож байгаа билээ. Харин үлдэгдэл 100 мянган төгрөг өчигдөр орох байсан ч сураг тасарчээ. Зөвхөн үлдэгдэл 100 мянгаас гадна материалаа шинээр бүрдүүлж өгсөн иргэдийн эхний ээлжийн мөнгө ч ороогүй байна. Арилжааны банкуудын зүгээс санхүүжилт орж ирээгүй учраас олгоогүй гэх тайлбар хэлж байна.

Олон нийтийн сүлжээгээр ч иргэд хувьцааны мөнгө хаачив хэмээн сураг ажиг хүлээж сууна. Нэг хэсэг нь “Засгийн газрын шийдвэр тул орох учиртай” гэх бол нөгөө хэсэг нь “Сонгуулийн шоу учраас орохоосоо өнгөрсөн” хэмээн бичиж эхэлжээ.

Уг нь Засгийн газраас шийдвэр гаргах үедээ “Хувьцааны мөнгө олгох үйл явц байнга үргэлжлэх тул хэзээ ч хүсэлт гаргаж болно” хэмээн мэдээлж байсан. Гэвч одоогоор хувьцааны мөнгө хэзээ орох эсэх нь тодорхойгүй байна.

Дашрамд дуулгахад, хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг өнгөрөгч сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэж эхэлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэн бий гэж тооцоолсон. Хамгийн сүүлийн мэдээллээр 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргажээ. Гэхдээ энэ мэдээллээс хойш хүсэлт гаргасан иргэний тоо нэмэгдсэн байна.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж