ОУВС хөгжиж буй орнуудад анхаарлаа хандуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

ОУВС хөгжиж буй орнуудад анхаарлаа хандуулна

ОУВС-ын шинэ тэргүүн Кристин Лагард хөгжиж байгаа улс руу хандсан бодлого явуулна гэдгээ хэллээ. Тэрээр ОУВС-ын хамгийн анхны эмэгтэй тэргүүн юм. “Бид өмнө нь нэгэнт хөгжчихсөн улстай хамтарч ажилладаг, тэдэн рүү чиглүүлсэн бодлого явуулдаг байлаа. Харин одоо бид хөгжиж байгаа орнууд руу чиглэсэн бодлого явуулбал илүү үр дүнтэй нь ажиглагдлаа” гэж тэрээр өнгөрөгч лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Тэрээр мөн “хөгжиж буй орнуудын соёл, зан заншилд нь тулгуурласан эдийн засгийн бодлого явуулахгүй бол зүгээр мөнгө тараадаг байгууллага байж болохгүй” хэмээн мэдэгдсэн байна. Кристин Лагард ОУВС-ын тэргүүнээр сонгогдохоосоо өмнөхөн Бразил, Хятад гэсэн орнуудаар айлчлал хийсэн бөгөөд эдийн засгийн хурдацтай өсөлт нь түүний анхаарлыг ихэд татжээ.

Мөн тэрээр ОУВС-нд ажилладаг эдийн засагчдын тоог 800-гаар нэмэхээр болжээ. ОУВС нийт 2500 гаруй ажилчидтай бөгөөд үүний 700 гаруй нь эдийн засагчид байсан юм. Хамтын ажиллагааны хувьд Хятад улстай түлхүү хамтарч ажиллах бөгөөд Ази тивийн хөгжиж буй орнуудад анхаарал хандуулахаа мэдэгдээд байгаа юм. Грек, Португалид явуулсан Европийн Холбооны бодлогын тухай мэдэгдэхдээ “Энэ арга хэмжээ хэдийгээр зөв ч эргүүлээд энэ их хэмжээний мөнгийг хэдэн жилийн дараа авна гэдэг маш хэцүү байх болно” гэж хэлжээ. ОУВС өнгөрөгч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаар дэлхийн олон орны удирдагчидтай хамтран хямралыг зогсоохоор ажилласан бөгөөд нийт 26 оронд 395 тэрбум долларын туслалцааг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр үзүүлжээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж