Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Ардчилсан намаас Хууль зүйн байнгын хороонд хандаж мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд төрийн албан тушаалыг 60 тэрбумаар худалдсан эсэхийг шалгах, энэ асуудалд хууль хяналтын байгууллага нь анхаарах ёстойг сануулахад оршиж байгаа аж. Тиймээс Ардчилсан намаас гаргасан уг мэдэгдлийн дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдаж хуулийн байгууллагад анхааруулах зорилготой аж.
Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "төрийн албан тушаалыг наймаалцах тухай яриа бол эвлүүлэг байсан" гээд авсарлага авах хүсэлт гаргасан. Харин тус байнгын хорооны дарга Д.Ганбат "маргаашнаас эхлээд төрийн албыг наймаалцаад эхэлбэл яах вэ? Бид хуулийн байгууллагаар шалгуулж, уг асуудалд хяналт тавих ёстой. ЦЕГ, АТГ, ТЕГ болон бусад байгууллагын дарга нарыг дуудаж энэ хуралдаанд суулгах хэрэгтэй. Одоо энэ танхимд хоёрхон мэргэжилтэн сууж байна. Дарга нарыг нь дуудаж ирүүлмээр байна" гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Өнөөдрийн хуралдаан бол Хууль зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ дагуу зохион байгуулж байгаа хурал юм. Заавал УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэх албагүй. Хууль зүйн байнгын хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд тогтоол гаргаж хуулийн байгууллагаар хянуулах эрхтэй" гэлээ. Тэрээр завсарлага авах цаг нь өнөөдөр биш, тийм хугацаа ч байхгүй гэдгийг онцоллоо.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Т.НОМИН