Грект хямрал үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Грект хямрал үргэлжилсээр байна

Европын холбооноос Грекийн сангийн яамны сайд Эвангэлос Венизелост Грекийн хямралыг бууруулахын тулд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар өөрийн төлөвлөгөөгөө ажлын 16 хоногийн дотор явуул гэж мэдэгдсэн билээ. Харин энэ хугацаа нь өчигдөр дууссан юм. Европын холбооны тавьж байгаа гол асуулт бол “Грект мөнгөний бодлогыг хэрхэн хийх вэ?, Хэрвээ танай хямрал дэлхийн эдийн засагт нөлөөлбөл яах вэ?” гэсэн л асуулт байлаа. Гэвч энэ асуултын хариу харамсалтай нь тодорхой болсонгүй. Өнгөрөгч долоо хоногт Хямралын эсрэг хуулийг баталсан ч ямар арга хэмжээ явуулах нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ тэд Европын зарим эдийн засагчдын хэлж байгаачлан хувийн салбар руу мөнгөө тараачих юм бол эдийн засаг нь сэргэх эсэх нь ч эргэлзээтэй байна. Германы сангийн сайд Вольфганг Шойфль “Грект авч хэрэгжүүлж байгаа бодлогод бид өөрчлөлт хийх шаардлагатай. Хэрвээ энэ байдал Европын хүчирхэг гүрнүүдэд нөлөөлж эхэлбэл Европ тэр чигээрээ дампуурах болно” гэсэн хүчтэй эсэргүүцлийг өнгөрөгч лхагва гаригт хийсэн юм.

Одоогийн байдлаар Европын холбооноос олон улсын төвшинд дээгүүрт ордог эдийн засгийн мэргэжилтнүүдийг Грек рүү илгээхээр зэхэж байгаа бөгөөд энэ талаар Грекийн засгийн газартай тохиролцоонд хүрэх гэж байгаа ажээ. Грект хямрал болсноос хойш 120 мянган хувийн сектор дампуурсан бөгөөд үүнээс хойш хэрхэн арга хэмжээ авсан нь одоогоор тодорхойгүй байна. Грект өгсөн мөнгөн тусламж буюу 172 сая евроны 84,6 саяыг 2014 он гэхэд төлж барагдуулах ёстой ажээ. Хэрвээ хямралаас гарах явц энэ хэвээрээ үргэлжилбэл 2014 онд биш 2018 он гэхэд ч авч чадахааргүй төлөв ажиглагдаж байгаа юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж