Анхдугаар чуулган хийх нь зохимжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Анхдугаар чуулган хийх нь зохимжгүй гэв

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ шинээр бүрэлдсэн “УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хийх нь зохимжгүй байна. Дөрвөн төрлийн зөрчлийг нягтлах хэрэгтэй байна, зөрчлийг нягтлуулахаар Үндсэн хуулийн Цэцэд бид өргөдөл өгсөн” гэлээ.

Анхдугаар чуулганыг хойшлуулах хэд, хэдэн үндэслэл байгааг тэрбээр ийн тайлбарлав. Нэгдүгээрт, Төрийн албыг зараад сонгуульдаа орох талаарх МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга М.Сандуй нарын бичлэгийг шалгах гомдлыг хуулийн байгууллагад өгснийг шалгах ёстой, хариугаа гаргах ёстой.

Хоёрдугаарт, гарын үсгээ зурж авсан саналын хуудасны тоо, автомат машинаар уншуулсан саналын хуудасны тоо 234-өөр зөрсөн. Энэ бол зөвхөн нэг тойргийн асуудал. Үүнийг 76 тойргийн хүрээнд нягталж шалгахгүйгээр анхдугаар чуулган хийж болохгүй.

Гуравт, саналын хуудсыг хувилж болдоггүй, гэтэл Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймагт саналын хуудас дууссан тул канондсон саналын хуудсаар санал авахуулсан. Эдгээрийг хасаж тооцох. Ингэхгүй бол сонгуулийн дүнд нөлөөлж байна.

Царцааны нүүдлийг авч хэлэлцээгүй. Нийт 18 мянган сонгогч нэг газраас хасагдаж нөгөө газарт нэмэгдсэн. Тодруулбал, царцааны нүүдэл Баянхонгор, Хөвсгөл, Увсад болсон. Өөрийн биеэр ирээгүй байхад нь итгэмжлэлээр сонгогчийн жагсаалтад бүртгүүлсэн. Хуулиараа өөрийн биеэр ирж, 10 хоногийн өмнө шилжүүлэх ёстой.

Ийм дөрвөн төрлийн зөрчил байхад УИХ-ын 76-гишүүнийг тангараг өргүүлэхээр болж байгаа нь хууль зөрчинө. Нягтлан шалгасны дараа хэдэн хүнийг оруулах вэ гэдгээ шийдэх ёстой. Хуулийн дагуу явсан сонгуулийн төлөө хэлэх үг байхгүй, гэхдээ ийм олон сонгуулийн зөрчлийн дараа тангаргаа өргөх нь зохимжгүй.

Хуулийн байгууллагууд эдгээр зөрчлийг шалгаж нягтлахад хоёр долоо хоногийн хугацаа хангалттай.

Ардчилсан нам шаардлагаа тавина. Сонгуульд ганцхан юм нууц, хэн хэний төлөө саналаа өгсөн нь нууц. Хууль зүйн байнгын хороо хуралдаж, энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулна” гэлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг 15.00 цагт зарлаад байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж