ОХУ-ын Саха Якутск хотод болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд оролцох өсвөрийн тамирчид өнөөдөр “Боинг” хөлөглөн нисч байна. Өмнө нь 2004, 2008, 2012 онд манай тамирчид Якутын авиа компанийн онгоцоор нисч байсан бол энэ жил анх удаа МИАТ компани “Боинг-В737-800” онгоцоор 160 тамирчны ирж, очих тээврийн асуудлыг шийдэж, 50 гарй тамирчныг гал тэргээр зорчуулах байдлаар зохицуулжээ.
ЮНЕСКО-Д СОЁЛЫН ӨВД БҮРТГЭГДСЭН НААДАМ
“Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг 1996 оноос дөрвөн жил тутам ОХУ-ын Саха Якутск улсад зохион байгуулж байна. Тус наадмыг 2010 онд ОУОХ болон Азийн олимпийн зөвлөл ивээлдээ авч, 2011 онд ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан юм. “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадмыг ОХУ-ын Спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Саха улсын Засгийн газар, ОХУ-ын Үндэсний олимпийн хороо, ЮНЕСКО, Азийн олимпийн Зөвлөл, ОУОХ-ны ивээл дор спортын 22 төрлөөр зохион байгуулж, 39 орны 4500 тамирчидн, төлөөлөгчид оролцохоор зохион байгуулагч улсад зочлоод байна. “Азийн хүүхдүүд” наадам долдугаар сарын 5-17-нд болно. Наадмын нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцох тухай мэдээлэл бий.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
Монголын баг 2012 оны V их наадамд 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр спортын 17 төрөлд оролцож, 9 алт, 9 мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртэн, багийн дүнгээр ОХУ, Казахстан улсын дараа III байрт шалгарч байв.
Харин энэ удаагийн наадамд спортын 19 төрөлд 200 тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгчдийг оролцуулж байна.
ОРОЛЦОХ ТӨРЛҮҮД:
- Сагсан бөмбөг
- Бокс
- Волейбол
- Жүдо
- Кураш
- Хөнгөн атлетик
- Мас рестлинг
- Ширээний теннис
- Усанд сэлэлт
- Буудлага
- Самбо
- Чөлөөт бөх
- Байт харваа
- Таэквондо
- Хапсагай
- Уран сайхны гимнастик
- Шатар
- Даам
- Якут харайлт
Баг тамирчдыг өнгөрсөн онд явагдсан Монголын хүүхдийн спортын V наадам, өсвөр үеийн УАШТ, тусгайлан явуулсан тэмцээнээс сонгон шалгаруулжээ. Монголын багийн бүрэлдэхүүнд тив, дэлхийн медальт олон шилдэг тамирчид багтаж байгаа. Тухайлбал, жүдо бөхийн 2015 оны дэлхийн өсвөр үеийн АШТ-ий мөнгөн медальт Б.Ойдовчимэд, хүрэл медальт Б.Нармандах, даамын 2016 оны МБАТН-ын мөнгөн медальт Г.Хэрлэнмөрөн, 2013 оны дэлхийн өсвөр үеийн АШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, чөлөөт бөхийн 2015 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Н.Анударь нарын шилдэг тамирчин хүүхдүүд бий. Насны хувьд 2000 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн 16 насны тамирчид оролцоно.
2020 ОНЫ НААДАМ МОНГОЛД БОЛОХ УУ?
“Азийн хүүхдүүд” наадмын зохион байгуулагчид болон ОХУ-ын төлөөлөгчид саяхан Монголд зочилсон юм. Энэ үеэр 2020 онд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг Монголд зохион байгуулах боломжийн талаар Монгол Улсад санал тавьсан. Наадам зохион байгуулах эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд ярилцаж шийдэх асуудал.
Хэрэв энэ наадам Монголд зохиогдохоор бол олон улсын зэрэглэлийн 50 метрийн бассейн, өсвөрийн тамирчдын нэг дор байрлуулах хотхон зэргийг юун түрүүнд бэлтгэх хэрэгтэй. Бусад асуудлын хувьд олимп, “Универсиад”, Азийн наадам, Дэлхийн аваргын тэмцээнүүдтэй адил том шалгуур тавьдаггүй, хүүхдийн олон улсын наадам учраас энгийн, хялбар түвшинд явуулах боломжтой ажээ.
Б.ЭНХ