Монгол циркийн 75 жилийн ой энэ жил тохиож байна. 75 жилийн ойн баярын хөтөлбөрийн талаар Монголын циркчдийн холбооны тэргүүн Л.Чулуунбаатар, “Циркус Хадгаа” компанийн захирал Х.Хатанбаатар, Хөгжим бүжгийн коллежийн циркийн урлагийн багш С.Батцоож нар өнөөдөр /2016.07.04/ мэдээлэл хийлээ.
Тэртээ 1941 оны долдугаар сарын 9-ний өдөр Яармагийн дэнжийн задгай талбайд 2000 хүний суудалтай анхны цирк үүдээ нээсэн түүхтэй. Өдгөө Монголын циркийн урлаг 75 “нас” хүрчээ. Энэхүү 75 жилийн ойн баярын хүрээнд “Эргэн дурсагдах Монгол цирк” нэгдсэн тоглолт энэ сарын 6, 7-нд болох гэнэ.
Уг тоглолтод ахмад, дунд, залуу үеийн 200 гаруй циркч нэгдэн нэгэн манеж дор анх удаа цуглах юм. Үүнд тусдаа үйл ажиллагаа явуулдаг 18 хамтлаг, гадаадад ажиллаж амьдардаг уран бүтээлчдийн 10 гаруй шавь нар оролцох ажээ.
“Эргэн дурсагдах Монгол цирк” нэгдсэн тоглолтын талаар зохион байгуулах комиссын дарга Х.Хатанбаатартай цөөн хором ярилцлаа.
-Түүхт 75 жилийн ойн баярын хөтөлбөрөөс танилцуулахгүй юу. Саяхан дурсамж номын нээлтээ хийсэн шүү дээ?
-75 жилийн ойн нэгдсэн тоглолтоос гадна хүндэтгэлийн хурал энэ сарын 7-нд болно. Саяхан нээлтээ хийсэн “Залуусын золбоо” дурсамж номонд 1976 онд Москвагийн Цирк, эстрадын сургууль, Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль төгсөгчид болон Монгол улсад мөн онд төгссөн анхны циркийн ангийнханы дурсамжийг өгүүлсэн. Эдгээр боловсон хүчний 40 жилийн ойн баяр бас тохиж байгаа. Уг ойн хүрээнд өөрсдийн уран бүтээл, түүхэн замнал, шавь нарын амжилтыг ном болгон гаргасан юм.
-Удахгүй болох циркчдийн нэгдсэн тоглолтод ахмад үеийнхэн оролцоно гэсэн. Хэн хэн оролцох бол?
-Одоо 60 настай, тэнцвэрийн жүжигчин Л.Төмөрбаатар гуай оролцож, ясны жүжигчин гэдгээ харуулах болно. Мөн алиалагч Н.Магсаржав нар хуучны алиалагчдын үзүүлбэрийг эргэн дурсаж, үзүүлэх юм.
-Энэ тоглолтын үеэр 75 уран нугараач нугарна гэсэн үү?
-Эдгээр уран нугараачийг Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуай удирдаж, дэглэж байгаа. Энэ үзүүлбэрт таваас дээш насны уран нугараачид үзүүлбэр үзүүлнэ. Мөн АНУ-аас ирсэн монгол багштай уран нугараачид оролцоно.
-Монголын циркчид сүүлийн жилүүдэд олон улсын уралдаанд амжилт гаргах болсон. Цаашдаа ямар уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?
-Аливаа тэмцээн уралдаан уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, сайжруулж, туршлага солилцож байдаг тустай. Томоохон тэмцээнд манай уран бүтээлчид алт, мөнгөн медалийн эзнээс буухгүй байгаа. Өнгөрсөн хавар үндэсний циркийн уран бүтээлчид Европ болон Азийн “А” зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан циркчид маань таван цомын баяр хийлээ. Саяхан агаарын гимнастикийн жүжигчин Эрдэнэбаяр Улаан-Үдийн тэмцээнээс алтан медаль хүртлээ. Цаашдаа зохиогдох уралдаан тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргах төлөвлөгөөтэй байна. Циркийн үзүүлбэрүүд маань ч гэсэн акробат гэдэг үндсэн төрлөөсөө салбарлан их хөгжиж байна. Гэрэлтүүлэг, хөгжим ч их шинэчлэгдэж байна.
А.ЦЭЭСҮРЭН