“Интермед” үйлчлүүлэгчээ чин сэтгэлээсээ хүндэлж харьцдаг нь маш их таалагдсан. Би хувьдаа үйлчилгээнд нь 100 хувийн сэтгэл ханамжтай байна
“Интермед” эмнэлэгт эпидурал, өөрөөр хэлбэл нугасны гадна хөндийн мэдээгүйжүүлэгтэй дурангийн мэс засал хийжээ. Оёдлын том сорвитойгоос гадна сар орчим эмнэлэгт хэвтэх байх гэсэн хагалгааг тус эмнэлгийн эмч нар дурангаар хийж, өвчтөн гуравхан хоноод эмнэлгээс гарсан байна. Энэ тухай эмчлүүлэгч Дөлгөөний найзаас сонсоод, өөртэй нь уулзсан юм.
-Бид эрүүл мэндийн мэдлэггүйгээсээ болж дур мэдэн өөрийгөө эмчлэх гэж оролдож цаг алддаг гэж эмч нар ярихыг байнга сонсдог ч өөртөө тохиолдтол тоодоггүй юм байна. Би жилийн өмнө ханиад хүрээд өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлээд эм бичиж өгснийг нь уугаад гайгүй болчихоор нь ажилдаа явсан. Хэсэг хугацааны дараа дахиад ханиалгаад байхаар нь мөн л өрхийн эмнэлэгтээ очиход нөгөөх л эмийг бичиж өгсөн. Түүнээс хойш ханиалгахаараа эмийн сангаас эм аваад уучихдаг болсон. Ингэж явсаар гурван сарын дараа нэлээд хүндэрч, эмнэлэгт үзүүлэхэд уушигны архаг үрэвсэл, бронхит, уушигны нэвчдэст үрэвсэл гэх мэт олон онош зэрэг тавигдаж, тодорхой онош тогтоогдохгүй явсаар өнгөрсөн есдүгээр сард эмч нар уушигны эмгэг гэдэг оношийг эцэслэн тавьсан. Цаг алдалгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, олон сар эмнэлэгтэй холбоотой явсан. Ажил ихтэй учир байнга л ядарчихаад, сайн сэхэл авч чадахгүй яваад л байлаа. Хэдэн сарын дараа эмчид үзүүлэхэд мэс засал хийлгэх шаардлагатай гээд, хагалгааны заавар, дэглэм зэргийг хэлэхэд нь маш их айсан.
-Яагаад хагалгааны тухай яригдах болсон юм бэ?
-Удаан хугацаанд эмийг буруу хэрэглэснээс болж шохойжилт үүссэн гэсэн. Мэс заслын аргаар уушгины дээд дэлбэнгийн хэсгийг тайрна. Нэлээд хүнд хагалгаанд тооцогддог бөгөөд сар гаруй хэвтэнэ гэсэн. Дээрээс нь нээлттэй хагалгааны үед цээжний хөндийг 21 см зүсч нээнэ, хавиргыг хадна, нуруунд мэдээ алдуулах тариа хийнэ гэсэн л дээ. Энэ нь сүүлдээ, аарцаг нурууны өвчтэй болох зэргээр нөлөөлж болзошгүй гэж өмнө нь сонсож байсан тул тэр нь надад их хүнд санагдсан. Хагалгаанд орсон, боолт хийлгэж байгаа хүмүүс зовиур шаналгаатай харагдаж байсан нь надад их хэцүү байсан. Тийм болохоор өөр эмнэлгийн эмч нартай уулзсан.
-Яагаад “Интермед”-д эмнэлэгт хандсан юм бэ?
-Онгоцонд явж байхдаа нэг сэтгүүлээс уншиж байснаа санасан. Орчин үеийн шинэ тоног төхөөрөмжтэй, эмч нар нь чадвартай зэргээр бичсэн байсан юм. Тэгээд ч аавыг минь эмчилж байсан Болд эмчийг энд ажилладаг гэж сонсоод ирсэн. “Интермед” эмнэлгийн орчин нөхцөлийн хувьд ч, хийгдэх мэс заслын хувьд ч, мөн эмч нарт нь итгэлтэй байсан учраас сонголт хийсэн.
“Интермед” эмнэлэгт дөрөвдүгээр сарын 25-нд үзүүлээд, сарын дараа 25-нд дахин зураг авахуулж, хариугаа аваад эмчид үзүүлэхэд зургадугаар сарын 6-нд хагалгаа хийе гэсэн. Тэр өдрөө ирж хэвтээд, мэс засалдаа орсон. Гурав хоноод л эмнэлгээс гарсан.
-Та үнэхээр гуравхан хоноод гарлаа гэж үү?
-Тийм ээ. Надад дурангийн хагалгаа хийсэн. Гурван гуурс байрлуулсан, хоёр гуурс руу нь мэдээ алдуулалтын шингэнээ тарьж, нэг нь яаралтай тусламж өгөх үед хэрэглэх байсан юм билээ. Хэсэг хугацааны дараа спирттэй хөвөнгөөр арчих, зүүгээр хатгах үед хэвлий хавиар мэдрэгдэж байснаас яг цээж хавиар юу ч мэдрэхгүй, зүгээр л үе үе нааш цаашаа зөөлөн түлхээд байгаа мэт санагдсанаас цаашгүй. Хагалгааны үеэр би нойрсуулагч эмчтэй ярилцаад, хөгжим сонсоод л. Нэг мэдэхэд хагалгаа дууслаа, амжилттай боллоо гэсэн. Хагалгаа яг 2 цаг 3 минут үргэлжилсэн.
Эмнэлгийн өрөөнүүд нь маш цэвэрхэн, хүмүүсийн харилцаанд намайг гэсэн сэтгэл үнэртээд сайхан байсан. Хагалгааны өмнө эмч нар уулзаж айдсыг минь тайлж, сайн тайлбарлаж өгч тайвшруулсан болохоор хагалгаанд ороход маш сайн бэлтгэл болсон. Олон сар уусан эмнээсээ болж зүрх давчдах, хүчтэй цохилох, гар салгалах зэрэг нөлөө байсан. Эмэндээ хордсон байсан. Тэрийгээ тайлуулах гэж долоо хоног бүр дусал шингэн залгуулж байв. Тийм болохоор энэ эмнэлэгт ирэх хүртлээ яагаад ингэж өвдөв, яагаад олон сар эмчлүүлсэн ч бүрэн гүйцэд эдгэрч чадсангүй вэ, энэ эмийг чухам юунд уудаг юм бол гээд л олон асуулт толгойд эргэлдэж байсан. Энд ирээд тэр бүрийнхээ хариултыг авч чадсан төдийгүй эрүүл мэндийн боломжийн мэдлэгтэй болоод гарч байна. Миний ажигласан нэг зүйл хэт бол олон үйлчлүүлэгчтэй, дараалал ихтэй эмнэлэгт хүн нэг бүрт тэр бүрийг тайлбарлах боломж эмч нарт маань гардаггүй санагдсан. Хэдийгээр надад төлбөр нь хэр өндөр гарах бол гэсэн болгоомжлол байсан ч үйлчлүүлэгчээ чин сэтгэлээсээ хүндэлж харьцдаг нь маш их таалагдсан. Би хувьдаа үйлчилгээнд нь 100 хувийн сэтгэл ханамжтай гарч байна.
-“Интермед”-ийг үнэ өртөг өндөр гэж хүмүүс ярьдаг ч үйлчлүүлсэн хүмүүс сэтгэгдэл өндөр байдаг нь үүнтэй холбоотой болов уу?
-Миний хувьд хурдан л эрүүл болохыг хүсч байсан болохоор бүтэн сар хэвтэж ажлаа алдахгүй, нөгөөтэйгүүр тийм том зүслэг хийсний дараа шарх нь эдгэх гэж хүмүүс яаж зовж байгааг харсан учир цэвэрхэн орчин нь илүү хурдан эдгэх найдлага төрүүлсэн. Олон хоног, сар өвдөж явахын оронд нэг сайн оношлуулаад, эмчлүүлээд авбал өөртөө, эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг гэдгийг маш сайн ойлголоо. Одоо надад ямар ч зовиур алга. Эмч надад амьсгалах, уушгины багтаамж, дархлаагаа сайжруулах зөвлөгөө өгсөн. Цаашид амьдралын хэв маягтаа анхаарах, эрүүл байхын төлөө өөрөө хичээх, дархлаагаа сайн байлгах л чухал юм билээ.
Миний хувьд ар гэрийнхэндээ бас санаа минь зовж байлаа. Олон хоног эмнэлэгт хэвтвэл тэднийг минь хэн хооллох вэ, бас надад хоол хэн зөөх вэ гээд л олон бодол толгойноос минь салахгүй байв. Богино хугацаанд зовиур шаналгаагүйгээр энэ бүгдийг минь шийдээд өгсөн “Интермед” эмнэлгийнхэндээ маш их баярлаж байна. Ялангуяа Болд эмч, Батгомбо эмч болон мэс заслын багийн бүх эмч, сувилагч нартаа баярлаж бахархаж байна
Мөн шинэ төрлийн хагалгааны анхдагч нь болсондоо баяртай байгаа. Мэс заслын хувьд тухайн хүндээ зовиургүйгээс гадна богино хугацаанд эдгээнэ гэдэг нь монгол эмч нарын мэдлэг, туршлага, чадвар дэлхийн түвшинд хүрчээ гэж бодогдуулж байлаа. Миний хувьд мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг ч эрүүл мэнд илүү чухал болохыг маш сайн ойлголоо. Тэр утгаараа би өөрийгөө, эрүүл мэндээ аварсандаа баярлаж байна.
Энэ төрлийн хагалгааг ерөнхий мэдээ алдуулалт даахгүй хүмүүст хийх боломжтойгоороо давуу талтай
Энэ төрлийн хагалгаа чухам юугаараа онцлог, бас давуу талтайг тус эмнэлгийн Мэдээгүйжүүлгийн эмч Н.Батгомбоос тодрууллаа.
-Энэ хагалгааг мэдээгүйжүүлгийн практикт дэлхий даяар хийдэг. 1950-иад оноос Америк, Оросын мэдээгүйжүүлгийн эмч нар 500-600 тохиолдолд цээжний хөндийн уушгины хагалгааг бүтэн унтуулахгүйгээр хийсэн байдаг. Цээжний хөндийн мэс заслыг салаа гуурсын тусламжтайгаар хийх шинэ арга нээгдсэнтэй холбоотойгоор хүнийг бүрэн унтуулж, нэг уушгийг тусгаарлаад мэс засал хийдэг болсон. Энэ аргыг одоо ч хэрэглэдэг.
Болд эмч Монголын цээжний хөндийн мэс заслын эмч нарын холбооны Тэргүүний хувьд Тайвань, Хятадын мэргэжил нэгт эмч нартай хамтарч ажилладаг. Дэлхийн олон оронд өргөн хэрэглэдэг цээжний хөндийн эпидурал мэдээгүйжүүлэх буюу нугасны гадна хөндийн мэдээгүйжүүлгийг Монголдоо нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн жил эмнэлгийнхээ мэдээгүйжүүлгийн эмч нарт хэлсэн. Энэ дагуу бид тус бүртээ уншиж судалсан, судалгаануудыг үзсэн. Хүндрэл гарвал ямар арга хэмжээ авах талаар мэдээгүйжүүлгийн эмч нарын багийн эмч нар чиглэл чиглэлээрээ судалсан. Нурууны гадна байдаг эпитурал хөндийд гуурс байрлуулж, тэр гуурсаараа дамжуулаад хэсгийн мэдээ алдуулах бодис шахаад хагалгаа хийдэг арга юм. Эмчлүүлэгчийг зөв сонговол ерөнхий мэдээ алдуулгатай хийсэн мэс заслаас хүндрэл багатай гэсэн судалгаа байдаг. Бүтэн мэдээгүйжүүлэг хийх боломжгүй өвчтөнүүдэд маш их хэрэгтэй байдаг учир бид ч Болд эмчийн саналыг дэмжсэн. Манай эмнэлэгт тоног төхөөрөмж нь байна, эм тариа нь байна, нөхцөл нь байгаа тохиолдолд биднээс л шалтгаална. Тийм ч учраас бид жил бэлтгээд анхны хагалгаагаа зургаадугаар сарын 6-нд 21 настай өвчтөнд амжилттай хийлээ.
Энэ хагалгаа Монголд цээжний хөндийн мэдээ алдуулалтын практикт анхных гэж хэлж болно. Цаашид ерөнхий мэдээ алдуулалт даахгүй хүмүүст хийх боломжтойгоороо давуу талтай. Хагалгааны дараа өвдөлт байхгүй. Ерөнхий мэдээ алдуулалт хийх үед салаа гуурсыг амьсгалын замаар дамжуулж тавьдаг болохоор хоолой хөндүүрлэдэг. Харин дээрх хагалгааны үеэр ийм зовиур байхгүй.
А.Болд: Өвчтөндөө зовиур багатай, эмнэлгийн ор хоног цөөн, наркозын хүндрэл бага, ийм л хагалгаа
Ингээд уг эмчилгээг Монголдоо нэвтрүүлэх, улмаар нутагшуулах санаачилгыг гаргаж, амжилттай эхлүүлсэн тус эмнэлгийн мэс заслын эмч, анагаах ухааны доктор А.Болдтой уулзаж ярилцлаа.
-Таныг ийм хагалгаа хийхийг нэлээд эртнээс хүсэж байсан гэсэн. Хэдийнээс судалж эхлэв?
-Дөрвөн жилийн өмнө Тайваньд байхад мэс заслын эмч нь “Бид цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавихгүйгээр нугасны мэдээ алдуулалтаар цээжний хөндийн хагалгаа хийж байгаа” гэж хэлж байсан. Тухайн үед ийм аргачлал байдаг юм байна, харах юмсан гэж бодлоо. Тайланд, Япон, Хятадад хөгжим сонсож эмчтэйгээ ярингаа хагалгаа хийлгэсэн тухай хүмүүсээс сонсож байлаа. Харин бодитоор үзээд гайхсан. Энэ аргачлалыг Монголдоо нэвтрүүлэхсэн гэж нэлээд судалсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд баг, тоног төхөөрөмж, эм тариа хэрэгтэй. Би ХСҮТ-д 14 жил ажилласан. Тэнд ажиллах хугацаандаа яагаад энэ аргачлалыг нэвтрүүлж, нутагшуулж чадаагүй вэ гэхээр, нэгдүгээрт, тоног төхөөрөмж байгаагүй, хоёрдугаарт, хангалттай эм тариа байхгүй. Гуравт, нөхцөл байхгүй. Нөхцөл маш чухал шүү дээ. “Интермед” шиг ийм нөхцөлд өвчтэй хүн ирээд тайван болно. Гэтэл хүн үзэж байхад байн байн хаалга тогшиж, жаахан удвал дайрч орж ирэх шахна. Тиймээс “Интермед” эмнэлэг анх надад ажиллах санал тавихад юуны түрүүнд бодож төлөвлөснөө хийх боломж олгох эсэхийг лавласан. Зөвшөөрч, гэрээндээ энэ талаар тусгасан. “Интермед” амласандаа хүрсэн. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, эм тариа, судалгаа хийх боломж бололцоо бүгд энд байна.
-Жил орчим судлав уу. Энэ өвчтөн хэр удаж байж зөвшөөрөв?
-Өнгөрсөн жилийн өдийд ярьж эхлэн тус бүртээ л бэлтгэсэн. Жилийн хугацаанд Солонгос, Тайвань, Хятад, Сингапур явж, хийсэн хагалгаануудынх нь датануудыг цуглуулж, унтуулгын эмч маань сургалтад хамрагдсан. Ингээд одоо л бид энэ хагалгааг хийхэд бэлэн боллоо гэж шийдэж энэ сарын 6-нд хагалгаагаа хийсэн.
Энэ хагалгааг хийхэд өвчтөнөөс маш их зориг шаарддаг. Аавыгаа алдаад бэтгэрч, өвчин нь эдгэхгүй байсаар хүндэрсэн болохоор эрүүл болох, тэгээд богино хугацаанд өвчнөөсөө салах нь энэ охины хувьд маш чухал байсан. Гол нь гэр орноо тэжээдэг учраас ажил хийх хэрэгтэй. Олон цаг хагалгаанд орно, нэг сар хэвтэрч байна гэдэг хүү, өвөөтэйгөө амьдардаг энэ хүүхдийн хувьд хуцүү байгааг ч хэлсэн. Би үзээд “Чамд дурангийн хагалгаа хийж, 3-5 хоногийн дотор л эмнэлгээс гаргах боломжтой. Харин төлбөрийн хувьд мэдээж бусад эмнэлгийнхээс арай өндөр байх байх” гэхэд “мөнгө гол нь биш ээ. Бүтэн сар би эмнэлэгт хэвтэж болохгүй байна” гэж учирласан. Хамаатан садан нь Ховдод байдаг, тэд нь ирж буцна гэвэл хагалгааны мөнгөний дайтай болчих гээд байна. Тиймээс тэд мөнгөө явуулах нь дээр гэж үзсэн юм билээ. Эрсдэлгүй хагалгаа гэж юү байх вэ. Нуулгүй хэлэхэд, бид эрсдэлийг хамгийн доод хэмжээнд тавьж хагалгаа хийнэ гэсэн. МУИС-т олон жил багшилсан, тооны ухааны хүн болохоор нэлээд бодож тэгээд шийдсэн гэж ирсэн. Ерөнхий унтуулгатай орох уу, эсвэл нугасны гадна хөндийн мэдээгүйжүүлгийн аргыг сонгох уу гэж тайлбарлаж өгөхөд шинэ аргачлалыг сонгосон. Хагалгааны явцад ер унтаагүй. Хагалгаа эхлэхэд л инээж юм яриад байсан, дуустал л тийм цоглог байсан.
-Өөр эмнэлэгт яагаад сар хэвтэнэ гэж айлгасан хэрэг вэ. Үнэхээр тийм хүнд хагалгаа юм уу, эсвэл хагалгааны дараахь хүндрэл их, эдгэрэлт удаан байдаг юм уу?
-Анх очсон хүнд бол энд тэндээ хагалгааны дараахь уут саваа барьсан, туранхай эцэнхий, шарх нь идээлсэн, шархандаа эмзэглэж атийж мушгирсан хүмүүс байхад айлгүй яах вэ. Нөхцөл нь тийм учраас шарх идээлэхээс өөр арга байхгүй. Эмч мэдээж сар хэвтэнэ гэхдээ үнэнийг л хэлсэн байгаа. Тэгэхээр тэр эмчийн буруу биш. Ийм их айдастай болсон хүүхэд ирсэн. Энд ирээд хагалгаа амжилттай болоод сайхан эдгэрээд гарч байгаадаа их баяртай байгаа.
-Та цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүн. Энэ чиглэлээр нэлээд юм хийж байгаа сурагтай?
-Цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийг өнгөрсөн 2015 оны 12 дугаар сард байгуулсан. Цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн шугамаар ирэх наймдугаар сард 10 эмч сургалтад хамрагдахаар гадагшаа явна. Бүх зардлыг цаад тал даана. Одоогийн байдлаар 16 сувилагч сургалтад яваад ирсэн. Бусад эмнэлгийн эмч, сувилагч нар ч явсан. Бидний хүсээд байгаа юм гэвэл, зөвхөн эмч биш сувилагч, бусад боловсон хүчнээ ч бэлтгэх хэрэгтэй. Тэгж байж багийн ажил маань амжилтад хүрнэ.
-Би хэсгийн мэдээ алдуулалт гэж ойлгоод байсан. Өөр юм байна. Яг яаж мэдээ алдуулсан гэдгээ энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Уушигны хагалгааны үед унтуулахын тулд цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавиад, аппараттай холбож унтуулаад, бүх булчинг нь суллаад, уушгийг унагааж байж хагалгаа хийдэг. Харин энэ хагалгаа бол тэрнээс өөр юм. Зөвхөн цээжин хэсэгт нугасны гадна хөндийд мэдээгүйжүүлэг хийнэ гэсэн үг. Хэсгийн мэдээ алдуулалт бол хүнийг амьдаар нь тамлан зовоодог шүү дээ. Хатиг нээхдээ тариа хийгээд, мэдээ алдаж байна уу гэж байгаад л хийдэг. Бидний хийсэн шинэ аргачлал бүхий хагалгааны явцад өвчтөн маш тайван амгалан байх боломжтой. Яг л ерөнхий унтуулгад орсон юм шиг юу ч мэдрэхгүй.
Эхний удаад бид залуу, уушгиас бусад эрхтэн нь эрүүл хүнд хийлээ. Өндөр настай, зүрх судасны архаг дутагдалтай, архаг хууч өвчтэй хүмүүст бүтэн наркоз хийхэд эсрэг заалттай байдаг бол бидний хийсэн энэ их зохимжтой аргачлал. Үүнийг манай унтуулгын эмч буюу эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн эмч нарын багийн бүрэлдэхүүн хийж байгаа.
Өвчтөндөө зовиур багатай, эмнэлгийн ор хоног цөөн, наркозын хүндрэл хол, ийм л хагалгаа. Энэ ажилбарын хувьд гадаадын орнуудад хийгээд, судлаад, болно гэдгийг баталсан, олон улсын стандарт болсон л эмчилгээ. Бид мөрдлөг болгож, суурьшуулах гээд байгаа юм. Бид Монгол Улсын хэмжээнд дахиад олон тоогоор энэ хагалгааг хийж байж судалгаа гаргах ёстой.