Хятад, Орос хоёр бие биеэ санхүүжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Хятад, Орос хоёр бие биеэ санхүүжүүлж байна

Хятад улс 1992 оны сүүлчээр ОХУ-аас зээлсэн 2,5 тэрбум ам.долларын зээлийн өрийн сүүлчийн төлбөр болох 624,3 сая ам.долларыг өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ. Энэ зээлийг Тяньванийн атомын цахилгаан станцыг барихад зориулан авч байжээ. Хятад ийнхүү зээлээ бүрэн төлж дуусаад ОХУ-ын Сангийн яаманд 40,62 тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний гадаад валютын зээл олгосон байна.

Тяньванийн АЦС-ын байгууламжид төхөөрөмж суурилуулж байгаа нь

2016 оны зургадугаар сарын 25-нд Бээжинд гарын үсэг зурсан Зээлийн гэрээний нэмэлтийн дагуу зээлийн төлбөрийг Хятадын тал бүрэн хийжээ.

"Нийт 2,5 тэрбум ам.доллараас 1,3 тэрбумийг ашигласан. Зээлдэгч тал төслийн зарлагын ихэнхийг өөрөө санхүүжүүлсэн юм” гэж ОХУ-ын Сангийн яам тайлбарлав.
Эрчим хүчний блокуудыг 2009 онд бүрэн ашиглалтад оруулан хуримтлагдсан өрийг 2010 оноос төлж эхэлжээ. Уг нь анх зээлийн төлбөрт өргөн хэрэглээний бараа авахаар тохиролцсон байсан юм байна. "Гэхдээ энэ нь ОХУ-ын санхүүгийн сонирхолд нийцэхгүй байгааг тооцон үзээд Хятадын санхүүгийн боломж эрс нэмэгдсэн учир өрийг ам.доллараар төлөхөөр талууд 2010 онд шийдсэн юм” гэж ОХУ-ын Сангийн яам тэмдэглэжээ.

Гэрээний дагуу Хятад сүүлийн төлбөрөө 2022 оны зургадугаар сард хийх ёстой байсан ч ийнхүү урьдчилан бүрэн төлжээ.

ХЯТАД, ОРОС ХОЁР БИЕ БИЕЭ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА

ЗХУ-ын үеийн барааны зээлийн өрийг ОХУ 2015 оны есдүгээр сард Хятадад төлжээ. Тэр нь 401 сая  швейцари франк байсан юм.

"Үүнээс жил хүрэхгүйн дараа бид Хятадаас 40,62 тэрбум рубльтай тэнцэх гадаад валютын зээл авлаа. Энэ мөнгөөр дээрх хэмжээний мөнгөний төсвийн алдагдлыг хаах эсвэл  улсын дотоод зээлийг төлөх, мөн Нөөцийн сангийн мөнгөний оронд ашиглах зэргээр зарцуулна” гэж  ОХУ-ын Сангийн яам мэдэгдэв.

ТЯНЬВАНИЙН АТОМЫН СТАНЦЫН ТҮҮХ

Тяньванийн атомын цахилгаан станцыг Оросын мэргэжилтнүүд 2007 онд босгон ашиглалтад оруулжээ. Аюулгүйн шинэ системийн ("хайлшийн урхи") буянаар энэ АЦС нь дэлхийн хамгийн орчин үеийн  байгууламжид тооцогддог. Станцын хоёрдугаар ээлжийг барих тухай гэрээнд ОХУ-ын "Росатом" болон Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци (CNNC) 2009 оны аравдугаар сард гарын үсэг зурсан. Дараагийн ээлжийн гурав, дөрөвдүгээр блокууд нь ВВЭР-1000 цөмийн тогоогоор тоноглогдох юм. Гуравдугаар блокийг 2018 оны хоёрдугаар сард, дөрөвдүгээр блокийг 2018 оны  арванхоёрдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж