Зургадугаар сарын 29-нд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан нам араараа нам тавиулж, Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Сонгуулийн дүнг Арчилсан намынхан хүлээн зөвшөөрч, алдаагаа өөрсдөөсөө хайх болсон. Харин УИХ-ын гишүүн /бүрэн эрх нь хараахан дуусаагүй/ Х.Баттулга ганцаараа ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, шүүх цагдаад өргөдөл, гомдол гаргажээ.
Тэрбээр өрсөлдөгчөө “царцаадсан” хэмээн буруутгаж байгаа бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагаас нь харахад өөрөө ч бас зүгээр байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна лээ.
Гэвч, 35 суудалтай байсан эрх баригчид намаараа шахуу гудамжинд гарах болсон гол шалтгаан юу вэ. Хэн үүнд хамгийн их буруутай вэ?
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын ялагдлын олон олон шалтгаанаас хамгийн нэгдүгээр шалтгаан нь Х.Баттулга өөрөө. Тиймээс “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэсэн үгийг түүнд дахин сануулахад буруудахгүй биз.
Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын нэр хүндийг шавартай нь хутгаж, өөрийнхөө багийн эсрэг ажилласан нь үнэндээ хэн билээ дээ.
Н.Алтанхуягаас Засгийг огцруулахын төлөө хэн сөрөг хүчинтэй нийлж, хэн, хэн эсрэг кноп дарсан нь хэвлэлийн хуудсыг сөхөөд харахад л тодорхой болно. Шинэчлэлийн Засгийн газрын сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулга үргэлж л Ерөнхий сайдынхаа эсрэг, үргэлж намынхаа бодлогын эсрэг ажиллаж байсан нь худлаа биш. Өнөөдөр л гэнэт Н.Алтанхуягт сайн хүн болж дүр эсгээд байгаа болохоос, үнэндээ Н.Алтанхуягийг түлхэж унагаад, намынхаа нэрийг сэвтүүлсэн нь яах аргагүй МоАХ, “Шонхор”-ынхон гэдгийг иргэд эрх биш гадарлаж байгаа байх.
Тэрчлэн намдаа нэр бүтэн хүн үлдээлгүйгээр, намнаж ирсэн нь бас хэн билээ. Түүний зохион байгуулалттай дайралтад өртөөгүй хүн өнөөдөр Ардчилсан намд алга. Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг гээд бүгдийг нь хар тамхичин, нүүрсчин, офшоорчин, мүүнчин, тагнуулчин болгон “цоллож”, өөрөөсөө бусдыг харлуулж, муулчилж, гутаасныхаа үр дагаварыг өөрөө амсч буй хэрэг.
Монголчууд “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг. Тиймээс өөрөөсөө бусдыг харлуулж, гутаахад өнгөрсөн дөрвөн жилийг зарцуулсан Х.Баттулгаас монголчууд залхсан хийгээд цөхөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс ялагдлынхаа шалтгааныг бусдаас биш өөрөөсөө хайж, өөрийгөө өөрчлөх, үгүйдээ л ядаж толинд харах хэрэгтэй болсныг хэлэхэд буруудахгүй биз. Үнэндээ Ардчилсан нам бол Х.Баттулгад боломжийг хангалттай олголсон. Гурван ч удаа УИХ-д суух, хоёр ч удаа засгийн сайдаар ажиллах эрхийг түүнд өгсөн. Гэвч, тэр юу хийсэн бэ гэдэг ганц асуултад монголчууд өдгөө ч хариу нэхсээр.
Ардчилсан намынхныг бүтэн нэр, бүлээн зүсгүй болтол гутааж, талцуулж, эвдрүүлэхэд голлон оройлсон Х.Баттулгын үг, үйлдлийнх нь хариуд ард түмний тавьсан дүнг тэр хүлээн зөвшөөрөхгүй гээд яалтай. Тэгээд ч “Баяраа чинь ширээн дээрээс өөрөө л ойччихсон юм билээ”.
Б.ХОНГОР