“Сургаал” гэхэд зөөлний тэмдэг бичнэ бичихгүй, “авьяас” гэхэд зөөлөн биш, хатуу нь байна гэж маргалддаг дарга, цэрэг олон. Тэгвэл энэ мэт маргаан багасаж, дарга цэрэг бүгдээрээ дагаж мөрдөх журамтай болжээ. Төрийн хэлний зөвлөл хуулинд заасан үүргийнхээ дагуу элдэв янзаар бичдэг 700 үгийг хэрхэн жигдэлснээс толилуулъя….
…Анзааргагүйгээсээ болж алддаг ойлгомжтой хэдэн үг байна. Жишээлбэл, “гоо” бүсгүйгээс үүссэн “гоолиг”-ийг эндүүрч “гуалиг” болговол гоолингоо гуалингоо болж, гоё сайхан бүсгүй гуалин модоор солигдоно. Олсон олзоо эн тэнцүү “хуваах” гэж ярихаас “хувиах” гэдэггүй. Тийм учир энэ үгнээс язгууртай “цагийн хуваарь” нь “хувиар” болж хувирах үндэсгүй. Цаашлаад исэхээс исгэлэн, хэдээс хэчнээн, эргэхээс эргэнэг, эргэцүүлэх, эш угаас эшлэлийг үүсгэж, ойлгомжтой хэдэн үгийг язгуур, үндсийг нь бодож байж бичихээ мартаж болохгүй.
Зургаадугаарт нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж нэг, хоёр, гурав дээр “дугаар” гэж үгийг залгах мөртлөө “зургаа, долоо” хоёрын урт “аа, оо”-г нэг, хоёроор нь гээж “зургадугаар, долдугаар” гэдгээ больж, “зургаадугаар, долоодугаар” гэж бүтэн болгохоор зөвлөлийн гишүүд шийджээ.
Долоодугаарт зовлон зүдүүр (зүдгүүр⚪), зожиг(жожиг⚪), зүүнтээ (зүүнтэй⚪), нэлээд (нилээд⚪), олонтоо(олонтаа⚪), өмхий(үмхий⚪), сургаал (сургааль⚪), Төвөд (түвд, төвд⚪), мэргэ төлгө (мэрэг төлөг⚪), хааш яаш (хайш яйш⚪), хөвүүн(хөвгүүн⚪), хэншүү(хиншүү⚪), хэр хэмжээ(хир⚪), эмхэтгэл(эмхтгэл⚪) мэтийг ингэж нэг мөр болгожээ.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Дураараа дургисан долоон зуун үгийг журамлалаа” өгүүллийн хэсгээс