“Найрамдал”-ын хүүхдүүдийг  буруу үйлд  ашиглаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.07.03-нд нийтлэгдсэн

“Найрамдал”-ын хүүхдүүдийг  буруу үйлд  ашиглаагүй гэв

“Найрамдал төвд амарч байсан 300 хүүхдүүдийг ээж аавдаа хэлж болохгүй гээд ВТВ ийн хэн ч үздэггүй all or nothing гээд хогийн шоунд алга ташуулах гэж корпрэйт зочид буудалд авчирч хоол ундгүй байлгажээ. 4 хүүхэд том хүнд зодуулсан байна. Сурвалжлаад өгөх тв сэтгүүлч байвал туслаач. Энэ мэдээг шэйрлээд хүмүүст анхааруулаад өгөөч. Найрамдал төвийн тухай үнэн мэдээ бичээд өгөх сэтгүүлчид энэ постыг хүргээд өгөөч ээж аавуудаа… Эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийг авч явах хориотой… Туслаач гуйж бна. Өнөөдөр миний хүүхэд маргааш таны хүүхдийг ямар зорилгоор юунд ашиглаж амь нас эрүүл мэндийг нь эрсдэлд оруулахыг таашгүй” гэсэн таагүй мэдээ олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь амралтын өдрүүдийн нэг дуулиан болов.

Хүүхэд бүрийн амрахыг хүсдэг, манай улсын урдаа барьдаг зуслан бол яахын аргагүй Найрамдал. Тэнд хүүхдүүд амрахын зэрэгцээ хөгжиж, өөрийгөө нээж, найзалж нөхөрлөж байдаг. Үе үеийн багачуудын сэтгэлд уяатай Найрамдал зусланд чухам ямар асуудал үүсээд байгааг бид Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн дэд захирал Б.Отгонбатаас тодрууллаа.

-Найрамдал төвтэй холбоотой нэгэн гомдол олон нийтийн сүлжээнд тавьсан нь олон хүнд хүрч, санал шүүмжлэл дагуулж байна. Чухам юунаас үүдэлтэй гомдол ийн газар авсан хэрэг вэ?

-Одоогоор манай Найрамдал төвд нийтдээ 690 хүүхэд, багачууд амарч байна. Тэдгээр хүүхдүүдийг бид олон улсын фестиваль үзүүлэхээр Улаанбаатар хотод авчирсан. Үүнтэй холбоотойгоор нэгэн ээж шүүмжлэл бичиж, олон нийтийн сүлжээгээр цацсан юм билээ. Бид ээлж болгондоо хүүхдүүдийг хөгжүүлэх хөтөлбөр багтаадаг. Түүний нэг нь энэ фестиваль байсан. Фестиваль хүүхдүүдэд маш их таалагдсан ч гомдол бичсэн ээжид таалагдаагүй байж болно. Олон хүн бүгд нэг сэтгэхүйтэй байхгүй нь мэдээж. Гэтэл хүмүүс тэр ээжийн постыг хүндээр хүлээж авсан нь харамсалтай.

-Дөрвөн хүүхэд томчуудад зодуулсан гэсэн байсан?

-Тийм зүйл байхгүй. Амрагч хүүхдүүдээ хөгжүүлэх, авьяас билгийг нь нээх үүднээс бид олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тэр хөтөлбөрүүдээ айл болгоноор ороод батлуулаад, аав ээж нарт танилцуулаад явах боломжгүй шүү дээ. Долдугаар сарын 25-нд л гэхэд олон улсын скаутын жембориг бид зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн олон улсаас хүүхэд багачууд ирж, манай төвд амардаг. Бидний боловсруулсан хөтөлбөр болгон хүүхдүүдийн сайн сайхны төлөө байдгаас хүүхдүүдийг ашиглах зорилго байдаггүй гэдгийг дахин хэлье. Энэ тухай би маш олон хүнд тайлбарлаж байна. Үүссэн нөхцөл байдлаас үүдээд бид цаашид хүүхдүүдээ хотод авчрах хөтөлбөрүүдээ цуцлах тухай ярилцаж байна. Бид хэзээ ч хүүхдүүдийг муу зүйл, буруу үйлд  ашиглахгүй шүү дээ.

-Найрамдал зуслангийн төлбөр энэ жил нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй. Харин ч өнгөрсөн жилийнхээс 10 хувиар буурсан. Нэг хүүхэд ес хоног амрахад 254 мөнгөн төгрөгийн төлбөртэй байгаа.

-Захиалгыг онлайнаар авч байгаа юу?

-Тийм ээ. Онлайнаар захиалсан амрах эрхийн бичгээ Гэрлэх ёслолын ордноос очиж авч байгаа.

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж