Эмэгтэй балетчдын амжилтын буухиаг залгалаа

Хуучирсан мэдээ: 2016.07.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэй балетчдын амжилтын буухиаг залгалаа

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин СТА О.Ганцоож, О.Анужин нарыг өнөөдөр /2016.07.02/ Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон баяртайгаар угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Эдгээр залуу уран бүтээлчид өнгөрсөн сарын 22-26-нд БНСУ-д болсон "Korea international ballet competition" олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцоод ирсэн юм.

Ес дэх удаагийн уг наадмаас ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом, тусгай шагнал хүртжээ.

ДБЭТ-ын гоцлооч СТА О.Ганцоожийн хувьд эрэгтэй бүжигчдийн дунд хамгийн хэцүүд тооцогддог трюкийг маш сайн гүйцэтгэж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Тэрбээр БНСУ-ын балетын холбооны нэрэмжит гурван тусгай байрын шагналын эзэн болжээ.

Харин О.Анужингийн хувьд 21 настай бөгөөд балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараагаар үргэлжлүүлж буйгаараа онцлог. Одоогоос 35 жилийн өмнө Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун 1981 онд Япон улсад болсон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, гурван хүрэл медаль авсан түүхтэй.

Дэлхий 20 гаруй орны 150 бүжигчдийн авьяасыг сорьсон энэ уралдаанд манай театрын найман бүжигчин амжилттай оролцсон бөгөөд тэдэнтэй хамт Соёлын тэргүүний ажилтан, АНУ-ын Вашингтоны Киров балетын академийн багш У.Бат-Эрдэнэ хамт явсан байна.

УДБЭТ-ын бүжигчин О.Анужины багш, Хөгжим, бүжгийн коллежийн багш Т.Туул хэлэхдээ “Хөгжим бүжгийн коллежид анх 2005 онд орж, долоон жил суралцсан. Мэргэжилдээ их дуртай, идэвхтэй, хичээнгүй охин байсан. Монголын балетын урлагийг дэлхийн түвшинд хүргэхэд шавийн маань үзүүлсэн энэ амжилт их хувь нэмэр орууллаа. Ийм нэр төртэй тэмцээнээс гуравдугаар байрын шагналыг хүртэж, анхны медалиа авсанд баяр хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн УДБЭТ-ын бүжигчин О.Анужин “Миний хувьд олон улсын томоохон тэмцээнээс хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Энэ ганц миний шагнал биш юм. Гэр бүл, хамт олон, багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өрсөлдөгчид маш хүчтэй байлаа. Цаашдаа олон залуус эх орныхоо нэрийг дэлхийд гаргах хүсэлтэй байгаа. Тэрхүү хүсэл мөрөөдлийг нь үргэлж дэмжиж байхыг хүсье” гэв.

Харин СТА УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож “Эрэгтэй бүжигчдээс Монголын бүжигчин л хамгийн хүнд техникийг үзүүлсэн. Шүүгчид “Монголын бүжигчнийг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Үнэхээр гэнэтийн бэлэг байлаа” хэмээн хэлсэн гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж