Унасан бөхөд шалтаг мундахгүй

Хуучирсан мэдээ: 2016.07.02-нд нийтлэгдсэн

Унасан бөхөд шалтаг мундахгүй

Парламент дахь 35 суудлаа 9 болгож чүү чамай бүлэгтэй үлдсэн Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаанаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь руу бухаж, нэр цэвэр үлдэхийг чармайж эхлэв. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л энэ байх даа. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг үндэсний компанидаа худалдан авах шийдвэрийг Засгийн газар гаргасан нь ялагдлын гол шалтгаан болсон юм бол санал хураалт болохоос хоёрхон хоногийн өмнө олон нийтэд цацагдсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын албан тушаалаар 60 тэрбум төгрөг босгох бичлэг МАН-ыг ялагдуулахгүй яасан юм бэ, харин ч эсрэгээрээ ялалт авчирлаа. Тэгэхээр Ардчилсан намынхан ялагдлын шалтгаанаа “Эрдэнэт” үйлдвэр лүү чихэх нь бодит үнэнтэй нийцэхгүй юм.  

Монголчуудын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг дангаараа 100 хувь эзэмшинэ гэдэг нь 100 хувь үр шимийг нь хүртэнэ гэсэн үг. Эндээс монголчууд л хожно.

Харин Ардчилсан нам яагаад энэ сонгуульд ялагдсан бэ?.

2012 оны УИХ-ын сонгуульд 33 суудлыг авсан Ардчилсан нам ялалтандаа дэндүү бялуурсан, эрдсэн. Засгийн газраа байгуулаад зургаан сар болов уу, үгүй юу ард түмний итгэлийг алдаж эхэлсэн. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуягийн танхимаас эхлэлтэй юм.

Хань хамсаатнуудаа тэрбээр Засгийн газрын томоохон албан тушаалд томилж, нүүрсний хулгайг эхлүүлсэн.

Хятадын “Чалько” компанитай байгуулсан гэрээг “Монголд алдагдалтай гэрээ” гэж хэн хамгийн чангаар хашигран цуцлуулсан билээ, Н.Алтанхуягийн Засгийн газар. Үүнд Уул уурхайн сайдын алба хашиж байсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ч буруутай.

Таван толгойн ордын нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар тогтвортой нийлүүлэх байсан гэрээг цуцалснаар монголчууд юу хожив, нүүрсээ хог болгосон. Тус ордын нэг тонн нүүрсийг өнөөдөр Хятад улс руу 30 ам.доллараар ч нийлүүлж чадахгүйдээ хүрч, алдагдалтай ажиллаж байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын “буян”.

Энэ бүхнээс эхэлж ард түмний итгэл алдарсан, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулах алхам тавигдсан.

Улмаар Ардчилсан намд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр гол тоглогч болж хувирснаар жинхэнэ бодийг нь хөтөлсөн дөө.

Ард түмний дунд Ардчилсан намын нэр хүнд навс унасан. Хууль тогтоох байгууллага нь Засгийн газрынхаа ажлыг хэрхэн чөдөрлөж болдогын сонгодог жишээг эндээс л монголчууд харсан.

Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын алдааг засахыг хичээж, Таван толгойн нүүрсний ордыг хөдөлгөхийг оролдсон. Харамсалтай нь, чадаагүй. Хоёр том тоглогч нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөдөлгөхийг хүсээгүй, байж болох бүхий л саад тотгорыг тавьсан.

Эдийн засаг нь мөнгөөр дутагдаж, иргэдийнх нь гэдэс өлдөж, мөр нь нүцгэрч эхэлсэн ч мэдрээгүй.

Гэвч хамаг алдааг зөвхөн дэлхийн эрдэс баялгийн үнийн уналт руу л чихсээр байсан.

Одоо харин сонгуулийн ялагдлын шалтгаанаа зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр рүү чихэж, нэр цэвэр үлдэцгээх нь л дээ.

Алдааг хамтдаа үүрч, хариуцлагаа хүлээж сур.

Г.ОЮУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж