“Хөсөгтөн” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

“Хөсөгтөн” наадам эхэллээ

“Хөсөгтөн” Монгол угсаатны наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Монгол залуус Английн хатан хаанаас тоглолтын урилга гардсан гайхалтай мэдээг сонсоод итгэмээргүй ч юм шиг санагдаж байлаа. Английн хатан театрт хөгжимдөнө, хөөмийлнө… Энэ гайхалтай мэдээ биш гэж үү.

Монголчуудыг, англичуудыг, Английн хатан хааныг бишрүүлсэн тэр хүмүүс бол “Хөсөгтөн” хамтлагийн залуус. “Хөсөгтөн” хамтлаг маргааш эх орондоо Английн хатан хаанд өргөн барих уран бүтээлээсээ толилуулж, дэлхийг байлдан дагуулсан хөөмийн урлаг, монгол хөгжмийн гайхамшгийг харуулсан бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэдний тоглолт монголд анх удаа зохион байгуулж байгаа “Хөсөгтөн” Монгол угсаатны урлаг, соёлын наадмын хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Төв Азийн цээжинд хоёр мянганыг дамжин оршсон төрт ёс, урлаг соёлын гайхамшигт уламжлалтай монгол түмний язгуур, өв соёлыг дээдэлсэн “Хөсөгтөн” наадмын нээлт МҮЭСТО-нд өнөөдөр болж, наадам хоёр өдөр үргэлжилнэ. Монгол угсаатны урлаг, соёлын хэмээн нэрийдсэн “Хөсөгтөн” анхдугаар наадамд “Энх амгалангийн хот мандал” бүтээх ёслол, “Монгол хөөмийн хөгжил” илтгэл, бяцхан авьяастнуудын тоглолт, үндэсний бүжиг, бий биелгээ, үндэсний хувцас, загвар гэхчлэн тус бүрдээ утга агуулга, хүндэтгэл тээсэн цуврал хөтөлбөр багтжээ.

Наадмын эхний өдөр буюу өнөөдрийн хөтөлбөрүүд тун сонирхолтой. Гандантэгчинлэн хийдийн дүйнхор дацангийн лам хуврагууд өнөөдөр даян дэлхийн энх амгалан, амар тайван, хүн зоны их буяны төлөө “Энх амгалангийн хот мандал” бүтээж эхлэх ажээ. Өнөөдөр мөн “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд “Монгол хөөмийн хөгжил” сэдвээр тун сонирхолтой илтгэл тавина. Түүний илтгэлийг антропологич, доктор, профессор Д.Бум-Очир орчуулна. Хамгийн гайхалтай нь, энэ илтгэлийг долдугаар сарын 23-24-ний өдөр Английн хатан хааны театрт болох арга хэмжээний үеэр англи хэл дээр орчуулан илтгэх юм. Бүхэлдээ “Хөсөгтөн” наадмын үйл явцыг англи хэл дээр орчуулан хүргэхээр зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн нь гадаадын жуулчдад монгол зан заншил, өв соёлыг танилцуулж, сурталчлах гэсэн зорилготой юм.

Маргааш буюу наадмын хоёр дахь өдрийн илтгэлийг “Буддын шашин монголчуудын оюун санааны агуу өв” сэдвээр сонгожээ. Илтгэгч нь Монголын бурхан шашны дээд сургуулийн сургалтын албаны дарга М.Ганхуяг. Түүний илтгэлийг мөн л доктор, профессор Д.Бум-Очир орчуулан хүргэнэ.

Долдугаар сарын 9-нд буюу наадмын хоёр дахь өдрийн хамгийн сонирхолтой арга хэмжээ мэдээж хэрэг үндэсний бүжиг, бий биелгээний наадам байх болно гэдэгт итгэлтэй байна. Үүний дараа үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын хувцас загварын үзүүлбэрийг толилуулах бол түүний дараа “Энх амгалангийн хот мандал” хураах ёслол, наадмын хаалтын ажиллагаа болж, төгсгөлд нь “Хөсөгтөн” хамтлагийн бие даасан тоглолт болно.

Монгол хөөмийг өрнийн сонгодог олон хоолойн дэг жаягаар урлаж яваа “Хөсөгтөн” залуусын уран бүтээл уншигч таньд лавтайяа таалагдана гэдэгт итгэж байна. Тиймээс та бүхнийг олон улсын урлагийн наадмуудын гранпри шагналт “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, тэдний зохион байгуулж буй “Хөсөгтөн” наадамд морилон саатахыг урьж байна. Тэднийг Английн хатан хааны театр урьж, Японы NHK телевиз хамтран ажиллах санал тавьсан байгаа. Ийм залуусаараа бид бахархах нь зөв биз дээ. Та заавал Монгол угсаатны наадмаар зочлоорой. Тэдэнтэй танилц…

Наадмын хөтөлбөр:

2011 оны долдугаар сарын 08 /Баасан гариг/

12.00  “Хөсөгтөн” Монгол угсаатны урлаг соёлын анхдугаар наадмын нээлт

12.30 Гандантэгчлэн хийдийн Дүйнхор дацангийн лам нар даян дэлхийн амгалан амар тайвны төлөө “Энх амгалангийн хот мандал” бүтээж эхэлнэ.

14.00 “Монгол хөөмийн хөгжил” илтгэл “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд /англи орчуулгатай/

16.00 Бяцхан авьяастнуудын тоглолт

18.00 Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын загварын үзүүлбэр

2011 оны долдугаар сарын 09 /Бямба гариг/

12.00 “Буддын шашин монголчуудын оюун санааны агуу өв” илтгэл Монгол улсын бурхан шашны дээд сургуулийн сургалтын албаны дарга М.Ганхуяг /англи орчуулгатай/

14.00 Үндэсний бүжиг, бий биелгээний наадам

17.00 Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын загварын үзүүлбэр

18.00 “Энх амгалангийн мандал” хураах ёслол, наадмын хаалтын ажиллагаа

20.00 “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж