Гүржийн Тбилис хотноо хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ өнөөдөр өндөрлөж байна. Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын залуучуудын шигшээ багаас эмэгтэй 75 кг-ын жинд өрсөлдсөн Азийн аварга М.Анхцэцэг алт, хошой мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд нийт 14 тамирчин өрсөлдсөнөөс тэрээр огцомоор 115 кг-ыг өргөж МӨНГӨ, түлхэлтээр 138 кг-аар АЛТ, нийлбэрээр 253 кг-аар МӨНГӨН медальийн эзэн болсон юм. Энэ жинд ОУХМ Д.Энхтамир өрсөлдсөн бөгөөд 210 кг 96+114-аар VII байр эзэллээ.
М.Анхцэцэгийн хувьд нийлбэрээр түрүүлсэн Украины Д.Ирянаагаас нэг кг дутуу өргөсөн юм. Энэ жингийн нийлбэрийн хүрэл медалийг БНХАУ-ын Чаймэй 245 кг-аар хүртлээ.
Азийн аварга, залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг эх орондоо анхлан авчраад байгаа М.Анхцэцэг энэ жил 18 настай. Түүний хувьд "Рио-2016" олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.
М.Анхцэцэг хүндийн өргөлтийн спортоор хичээллээд найман жил болох хугацаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлэн тогтоосон. 2009 онд спортын дэд мастер, 2010 онд спортын мастер цолыг хүртсэн бол 2011 онд 13 насандаа ОУХМ цолны болзлыг биелүүлжээ.
М.Анхцэцэг “Наньжин-2014” залуучуудын II олимпод шагналт IV байрыг эзэлсэн. Үүний дараа насанд хүрэгчдийн дэлхийн аваргад хоёр жил дараалан оролцож, Монголын хүндийн өргөлтийн холбооны түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Тэрээр 2014 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д X байрт орж байсан амжилтаа өнгөрсөн онд хоёр байраар ахиулж, улмаар медалийн төлөө өрсөлдсөн. Мөн амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд оролцож, хүрэл медаль хүртсэн. Ийнхүү найман жилийн өмнө өөрийн сонирхлоор штанк өргөж, энэхүү спортыг сонгосон тэрээр өнөөдөр тивийн аварга болж, улмаар залуучуудын дэлхийн аварга цолыг хүртээд байна.
М.АНХЦЭЦЭГИЙН АМЖИЛТ:
- Залуучуудын олимпийн IV байр
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ий X байр 2014
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ий VII байр 2015
- Шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын хүрэл 2015
- Азийн аварга 2016
- Дэлхийн залуучуудын аварга, хошой мөнгө 2016
ЯРИЛЦЛАГА:
М.Анхцэцэг: Тивийн аваргад зорилгоо 100 хувь биелүүлж чадлаа 2016.05.01
М.Анхцэцэг: Би энэ спортыг өөрийн хүслээр сонгосон 2015.08.03