Риогийн олимпод өмсөх Монголын тамирчдын хувцас, гоёл бэлэн болжээ. Ямар хувцсаар жигдэрч, нээлтийн ажиллагаанд хэрхэн ёслон жигдрэхийг долдугаар сарын 3-нд болох Чингисийн талбайд болох Тамирчдын баярын өдөрлөгөөс харж болно. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан болон тус төвийн удирдлагууд мэдээлэл хийж, танилцууллаа.
Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг Тамирчдын баяр олимпийн жилд улам өргөн хүрээг хамарч, тамирчдын амжилтыг дэмжих, алдар цуутай тамирчдаар дамжуулан спортыг нийтэд түгээх чиглэлд олон төрлийн хөтөлбөр агуулжээ.
Монголын тамирчид олимпийн жилд буюу 2016 оны эхний хагас жилд олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон зуун медаль хүртсэн. Түүний дотроос “РИО-2016” олимпийн наадамд бэлтгэгдэж буй үндэсний шигшээ багийн тамирчид 33 алт, 33 мөнгө, 60 хүрэл, нийт 126 медалийг эх орондоо авч иржээ.
РИО-2016 олимпийн наадамд Монгол Улс түүхэн дэх хамгийн олон бүрэлдэхүүнтэй багаараа очих гэж байна. Өнөөдрийн байдлаар,
Жүдо бөх – 13
Чөлөөт бөх -9
Бокс – 6
Буудлага – 3
Таэквонда – 1
Хүндийг өргөлт – 1
Байт харваа – 1
Хөнгөн атлетик – 4 /IAAF-аас батламж хүлээж байгаа/.
Нийт 38 тамирчин Рио-2016 олимпийн эрхээ хүртэж, усанд сэлэлтийн төрөлд 2 тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох нь тодорхой болсноор өнөөдрийн байдлаар энэ тоог 40 тамирчин гэж албан бусаар зарлаж болохоор байна.
Паралимпийн тамирчдын амжилт ч чамлахааргүй. Манай тамирчид “Рио-2016” паралимпод таван төрөлд найман тамирчнаа сойно.
Пара байт харваа – 3
Пара жүдо бөх – 2
Пара буудлага – 1
Пара хөнгөн атлетик – 1
Пара пауэрлифтинг – 1
Чингисийн талбайд болох Тамирчдын баярт РИО-2016 олимпийн эрх аваад буй тамирчид оролцоно. Өдөрлөгийн нээлтийн ёслол 10.00 цагаас эхэлнэ.
Б.БАЯСАХ