Уянгаар халгисан он жилүүдийн эзэн

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Уянгаар халгисан он жилүүдийн эзэн

Хөх сайрын Их бэлчир. Зуны сүүл сарын эхэн. Машид тунгалагхан сайхан өглөө болж, тарвага хошгичин, хойлог дуугарч байлаа. Хэдийгээр наймдугаар сар гарсан ч гэсэн ногоо гандаагүй бөгөөд цэцэгс нь зунаараа алаглаж, вансэмбэрүү, минжиннаваг, алтан гагнуур, сэржмядаг, эрээ гомбо гэх мэт эмийн ховор ургамал холилдон ургасан нь гайхал төрүүлмээр. …Энэ нутагт хар бага наснаасаа тоглож өссөн хэдий ч тансаг сайхныг нь төдийлэн анзаардаггүй л байж дээ. Өдөр болгон шахуу энэ өндөр өөд мацаж хонио хариулан, тошлог түүж идээд л аргаль, янгир харан баясаж, чадвал ганц нэг тарвага тоншиж их л зугаатай сайхан өнгөрөөдөгсөн.

…Одоо бол энэ өөд мацахад арайхийж л гарч байна лээ. Харин бууж ирэх нь авирахаасаа илүү хэцүү болсон байна.

…Олон үеэрээ амьдран суусан сайхан нутаг минь чинийхээ, усаар угааж, цэцэгсээр амьсгалж, чулуунд чинь бүдрэхдээ ухаажиж, хөрсөнд чинь хүйгээ дарж үлдээсэндээ бахархаж, гүйгүүл сэтгэлийнхээ жолоог барьж ядан байн байн ирж очмоор санагдах юм даа …” гэсэн энэхүү сэтгэл сэргэм сайхан мөр бадгуудыг Баатарын Цэрэндондовын аян замын тэмдэглэлээс иш татахдаа би хэрэв тэр уран зохиолын зам мөр хөөсөн бол томоохон туурвигч байх байж гэж бодсоноо нуух юун. Баатарын Цэрэндондов бас уран гоё зурна. Ерөөс байгаль эх заримд маань тал бүрийн авьяас билгийг цогцоор нь харамгүй өгөх юм даа. Өнгөрсөн зун намар нутгийнхаа уул ус, байгалийн гойд сайхны гэрэлт агшныг гэрэл зурагчид атаархам яруу сайхнаар буулгаснаа цахим сүлжээнд бараг өдөр бүр шахам тавьж байв даа. Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг, усны үзэсгэлэнг магтаад барамгүйеэ. Тийм сайхан нутагт төрж өссөн хүү авьяаслаг байхаас ч яах билээ. Энэ жил тохиох Бугат сумынхаа 90 жилийн ойд тэрхүү гэрэл зургуудаараа цомог хийн хэвлүүлж бэлэг барих юм гэсэн. Сайн хүний үр нутаг усаа алдаршуулах юм даа.

Нэгэн цагт Багшийн сургуулийн оюутны дотуур байрны зүүн, баруун 2 буланг нэг нэгээрээ эзэгнэн, зав л гарвал баян хуур хөгжим эгшиглүүлж байдаг үеийн хоёр хөвгүүн байжээ. Алс нь энэ хоёр л нэг юм дуулгана даа гэж багш нар нь ярилцдаг байсан тухай би нэгэн ахмад хөгжмийн зохиолчийн амнаас сонссон юм. Тэр хоёрын нэг нь хөгжмийн нэрт зохиолч Бадарчийн Магсаржав, нөгөө нь энэхүү хөргийн эзэн, авъяаслаг хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов байсан юм билээ. Төрөлхийн авъяас хийгээд сонирхол гэдэг хүнийг өдөөж хатгаад зүгээр суулгадаггүй, тэр хэрээрээ ч амжилтын алтан үрлийг алган дээр нь харамгүй асгадаг гэдэг л энэ байх. Сайх хоёртой хоёулантай нь хувь ерөөлөөр учирч уран бүтээлийн андууд болсон хүн юмаа, би.

“Хонгор зул”-ын хэмээн алдаршсан Б.Цэрэндондовтой тэртээ 1998 онд Эрдэнэт хотод зохиогдсон дуу хуурын “Хөдөөгийн одод” уралдааны үеэр танилцаж “Хөндүүр эгшиг” шүлгийн номоо дурсгахад минь энэ дотор дуу болох шүлэг байгаа байлгүй гээд Алтайруугаа авч явсансан. Үнэндээ дууных гэхээр ганц л шүлэг байсныг Цэрэндондов олоод л ая хийчихсэн байж билээ. Тэр нь “Хаан эцгийн нутаг” юм л даа. Их сайхан аятай дуу болж, “Алтай” чуулгын дуучин М.Батсайхан дан найрал дуучидтай хамтран дуулсан нь өнөө ч чихнээ яруусан эгшиглэсээр байдаг юм.

“Алтай” чуулга нийслэл хотноо тоглосон Соёл урлагийн өдрүүдийн Гала концертоо “Хаан эцгийн нутаг” хэмээн нэрлэсэнд би уран бүтээлч хүний жаргал эдлэн баярлаж л явлаа. Цэрэндондов байгалаас заяагдмал их авъяас билэгтэй, онгод нь халгиж цалгиж байдаг хөгжмийн зохиолч болох нь тод мэдрэгддэг. Таалагдсан шүлгэндээ удаж төдөлгүй ая хийчихсэн л байх, ийм уран чадвар, онгод тэр бүрий хөгжмийн зохиолчид байдаггүйг би мэднэ. Цэрэндондов нийтийн 300 шахам дуу, бүжгийн 50 гаруй хөгжим, дан хөгжмийн 30 гаруй бүтээл, жүжиг, хөгжимт драм, кино, дуурийн 5 том бүтээл туурвиад байгаа том уран бүтээлч.

Сайн уран бүтээлч бас сайн уран бүтээлчийг төрүүлдэг жамтай. Нэрт дуучин Алтайн жаахан бор Энхбатыг чухамдаа Цэрэндондовын “Хонгор зул” л олны танил том дуучин болгосон. Цэрэндондовын сэтгэл зүрхний хайлал, Алаг хайрханы аялгуут уран тогтоц, Сутай хайрханы сүрлэг бишрэм сайхан төрх, Алтайн уулсын анир яруу эгшиг, асга хадны яруухан цуурай нэвт шингэсэн гэлтэй “Сутай зүгийн нутаг”, “Зүүдэн хайлан ижий”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу”, “Орой намрын бороо”-гүйгээр Энхбат хэн юм бэ гэж аархмаар. Гэвч эдгээр сайхан дуунуудын хөгжмийг зохиож, хөгийг нь тааруулж өгсөн Б.Цэрэндондов тэгж онгирох эр биш. Хийхээ хийчихээд тэнгэр мэт аг чиг явдаг нэгэн.

Цэрэндондовын онгод авъяасын билэгдэл болсон “Хонгор зул” –аар Д.Лхагвасүрэнг, “Гүнж тогоруу”-гаар Я.Бадамсүрэнг, “Намайгаа дурсаарай”-гаар Ц.Бавуудоржийг, “Зүүдний хоймор Алтай”-гаар Т.Очирхүүг, “Аян замын дуу”-гаар Намсрайжавын Батжаргалыг улам өнгө оруулан гялалзуулж, “Сутай зүгийн нутаг”-аар Г.Чардагийг, “Зүүдэн хайлан ээжий”-гээр С.Рэнцэндоржийг цоо шинээр олны танил болгосонтой маргах хүн гарахгүй нь магад. Эдгээр яруу найрагчид ч Цэрэндондовт ээл буянаа харамгүй өгчээ. Ц.Оюунцэцэг, Х.Болормаа, Л.Оюунчимэг, Б.Лхагва зэрэг олон дуучдын Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх алдрын алтан оргилд гарахад нь Цэрэндондовын зүслэж өгсөн дуун хүлгүүд, уянгын даль жигүүр болж өгсөнийг ч тэмдэглэлтэй.

Цэрэндондовын яруу сайхан хөгжмөөр амилсан “Бор талын алтан харгана” дуу “Морин хуур-96” улсын уралдааны тусгай шагнал, “Уул Алтайн унага”, “Ажнай хүрэн” дуунууд “Морин эрдэнэ” даншиг наадмын шилдэг уран бүтээлийн шагнал,, “Хонгор зул” дуу “Цагаан лавай-2000” болон “Хайрын дуу-2001” наадмын шагнал, “Гүнж тогоруу” дуу “Хайрын дуу-2004” уралдааны тэргүүн шагнал, “Баргуужин төхөм” дуу нь Олон улсын “Алтаргана-2010” наадмын шагналыг тус тус хүртжээ.

Ингээд бодохоор Цэрэндондовтой учирсан найрагчид, дуучид, хөгжимчид, жүжигчид үнэхээр азтай гэж ам бардам хэлэлтэй юу. Тийм ээ, би ч гэсэн тэр азтаны нэгэн билээ. Бид хоёрын сэтгэлийн торгон бэлчир дээр 20 гаруй дуу бүтжээ. Бид хоёр хэн хэнээ цоо шинээр хөглөсөн учирал ерөөлтэй гэх үү дээ.

2006 онд Их Монол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд өргөн барьсан “Бөртэ” түүхэн хөгжимт драм энэхүү ойг зохион байгуулах Үндэсний хорооноос “Хамгийн хамгийн шилдэг уран бүтээл” өргөмжлөл хүртсэн. “Бөртэ” бол миний гурав дахь шүлгэн жүжиг л дээ. Цэрэндондов тун оночийг нь олж хөгжмийн яруу сайхан аялгуугаар чимэж амилуулсан нь олны сэтгэлийг хөдөлгөж чадсан сайхан бүтээл болж билээ. Бөртэ хатны бодрол хэсгийн хөгжим, санааширлын дууны уянгалаг гэдгийг дээ. Ёстой л сэтгэлийг сорсон сайхан хөгжим болсон доо. “Бөртэ”-ийн хөгжим хагас жил хүрэхгүй богинохон хугацаанд бүтсэнсэн.

Хүүгийн минь суугаа зүгийн

Салхи нь зөөлөн илбээсэй

Хүмүүн олон нь амгалан

Санаа нь ариун байгаасай … гээд л … Манай С.Ариун-Эрдэнэ ч сэтгэлийн мяндсан утсыг үнэн нэг хөвсөлзүүлж өгсөн л дөө.

2008 онд Монголын анхны фольк дуурь “Есүхэй” мэндэлсэн. Манайд “Учиртай гурван толгой”, “Хан бүргэд”, “Жаргалын зам” гээд үндэсний дууриуд бий л дээ. Гэхдээ л сонгодог хэлбэртэй, өрнийн аястай гэчихвэл санал хол зөрөхгүй л болов уу. Дуурийн урлагийг монголчуудын сэтгэл зүрхэнд ойр, чихэнд наалдацтай, харах нүдэнд чимэгтэй болгоход Цэрэндондов яах аргагүй нэгэн балрашгүй шан татсан гавьяатай.

Монголчууд рок дуурь тавьсан, харин танайх фольк дуурь тавьж чадлаа хэмээн тэр үед Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дарга, эрхэмсэг хатагтай Б.Сэргэлэн ам алдсан нь мэргэжлийн үүднээс “Есүхэй” дуурийг хүлээн зөвшөөрсөн том үнэлгээ болсон гэж би боддог юм. “Бөртэ” хөгжимт драм, “Есүхэй” дуурийг үзээд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны дарга, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Рагчаагийн Ганбаатар, танай энэ хоёр бүтээлийг радиогийн алтан санд үнэ төлбөргүй бичиж авъя гэсэн нь албаны гэхээсээ мэргэжлийн хүний үнэлгээ гэлтэй санагдаж дараа дараагийн маань уран бүтээлд их урам өгч билээ. “Есүхэй” дуурь их уянгалаг, үнэн тансаг гоё болжээ гэж үзсэн хүн болгон уулга алдаж байхыг сонсоод Цэрэндондовоороо бахархаж байлаа. Ер нь зохиолын баатруудын бодол санаа, сэтгэлийн шаналан, зовинол, бухимдал, цухалдал, харуусал, ганихрал, гуниглал, гансрал, хорсол, зүхэл, эгдүүцэл, хөөр баяр, омгорхол, бахархал, уярал тэр бүрийг хөгжмийн хэлээр яруу ойлгомжтой илэрхийлнэ гэдэг их авьяас, ур чадвар, арга туршлага шаардах нь мэдээж биз.

“Бөртэ” хөгжимт драм, “Есүхэй” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын алтан тайзнаа тавьж нийслэлчүүддээ толилуулан байх үеэрээ Цэрэндондов маань Хөгжмийн зохиолчдын холбооны дээд шагнал хүртсэнд би их баяртай явдаг юм. Найруулагч Дүгэрийн Одончимэг эрдэмтэн зохиолч Э.Оюуны нэрэмжит шагнал хүртэхэд ч эдгээр бүтээл ач буянаа өгсөн гэж би боддог юм.

Дуурийн хөгжим туурвина гэдэг чөмөг дундалсан хөдөлмөр юм билээ дээ. Манай “Уурхайчин” соёлын ордны жүжүүрийн тэмдэглэлд Цэрэндондов багш юм хийж байгаад шөнийн 03 цагт явлаа, 04 цагт явлаа гэх жишээний бичвэр хэдэн сарын турш үргэлжилж, түүх болон үлдсэн байдаг юм. “Есүхэй”-г бичиж дуусаад хүлээлгэн өгөхдөө хөгжмийн зохиолч маань “Би хамаг авъяас, чадвараа шавхаж дууслаа. Одоо надаас дахиад юу ч гарахгүй” гэж найруулагчдаа хэлсэн гэдэг. Найруулагч Д.Одончимэг тэгэхэд нь “Үгүй дээ, Та харин дөнгөж эхэлж байна” гэж зоригжуулсан нь үнэн л болж таараад байгаа юм.

2010 оны эхээр “Ану хатан” түүхэн язгуур дуурь тайзнаа тавигдсан. 2008 онд “Ану хатан” дуурийн цомнолоо бичиж дуусаад байлаа. Хөгжмийн хувьд Цэрэндондовтоо л найдахаас өөр аргагүй байв. Учир нь тэр “Алтай” чуулгыг хөдөлгөж явахдаа баруун монголоор чамгүй амьсгалж олон ч сайхан хөгжим зохиож, дуулалт жүжиг тавьсан туршлагатай байв. Дашрамд дурьдахад Б.Цэрэндондов монголынхоо бүх амгийн 325 сумд урлагийн бригадаар аялан тоглолт хийж хөдөө хөхөрч, гадаа гандаж үзсэн уран бүтээлч. Бидний итгэлийг Цэрэндондов гайхамшигтай сайхан бүтээсэн дээ. Ану хатны бодрол (ари) дууг Та нэг сонсоорой. Монголын дууны урлагт энэ бол үзэгдэл дээ. Хормейстр, хөгжмийн зохиолч Б.Нарантуяа энэ дуурийн талаар:

“Ану хатан” дуурийн хөгжим яах аргагүй ардын аялгуу нэвт эгшиглэх атлаа хөг интонацийн хувьд сонгодог талруугаа хийгдсэн, аккорд нь их хүнд л дээ. Дайны бүжгийн хэсгийг дуучдад заах гэж маш их чармайлт гаргасан. Гоцлол нь ардын аялгуутай атал цаана нь найрал дуу нь хоолойн цохилго орсон их өвөрмөц гоё шийдэлтэй. Энэ дуурьт Цэрэндондов багш речитатив буюу үглэлийг маш сайхан оруулсан байдаг. 5-р үзэгдэл дээр Ану хатан Аат түшмэл хоёрын речитатив үглэл ямар мундаг гээ. Ану хатны ари бол пентатоникийн цомнол дээр суурилсан хэрнээ монгол ардын урт богино дуунд байдаг жижиг уран нугалаа, цохилого чимэглэлүүдийг (фрошлаг) маш чадварлаг арван зургаат, гучин хоёрт ноттой хослуулан маш урнаар оруулж өгснөөрөө гайхамшигтай болсон. Энэ арид Ану хатны сэтгэлийн их хөдлөл, хямрал, бодролыг уянгалаг зөөлөн аялгуу, үглэл, хоолойн цохилого оруулж дуулахаар хийснээрээ маш өвөрмөц. Гашуудлын хорт маш олон хагас тон, хроматик эгшиг бүхий дайран өнгөрөх аккордуудыг ихээр ашигласныг дуучид дуулж чаддаг болов уу гэж эргэлзэж байсан. Манайхан дуулж чадсанд би маш их баярлаж, бахархсан. Төгсгөл хэсгийн Галдан, Ану хатан нарын хоршил (андгай) дээд регистрт бичигдсэн, дуулаачдаас их өндөр ур чадвар шаарддаг. “Ану хатан”-ы сургуулилтын явцад нэг үзэгдлийг сургуулилж дуусаад л дараагийнх нь ямар гоё шийдэлтэй байгаа бол гэхээс яарч, улам л их сонирхол татаж, сэтгэл булааж яаруулж байсан. Тэгж явахад чинь шатаар өгсөж алхах хүртэл удаан санагдаад гүйчихнэ шүү дээ. Тэгж л тэмүүлж догдолж, цаг наргүй, завгүй ажиллаж энэ дуурийн ард гарснаа бодоход бахархалтай байдаг” гэсэн нь мэргэжлийн хүний үнэлгээ билээ.

Бид “Ану хатан” дууриараа Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн соёл урлагийн арга хэмжээний салхийг улсын хэмжээнд хагалсандаа сэтгэл ханамжтай явцгаадаг юм.

2012 онд “Сонгодог бүтээл 2012” улсын уралдаанд миний цомнол, Б.Цэрэндондовын хөгжим, “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь болон “Зүүдний Соннамбула” концерт “Гран при” шагнал хүртсэн билээ. Ер нь Цэрэндондовын зохиосон хөгжмөөс хөгжим судлаачдын яриад байдаг хөгжмийн хэл аялга, дүрслэл буюу драматург, дэвсгэр хөгийн сэлгээ, хөгжмийн зохиомжийн нэвтрэн гарах санаа илэрхийллийн ялгарал, солигдмол холимог хэм хэмнэлийн баяжуулалт, аялгуу дуурьслыг гайхамшигтай сайхнаар зохироон туурвидаг нь ажиглагддаг. Монголын дуурийн урлагт оруулсан хувь нэмрээрээ Цэрэндондов мөнхийн гавьяатай гэж урлагт элэгтэй бүхэн хүлээн зөвшөөрөх байх аа.

2014 онд “Улаанбаатар палас”-т Б.Цэрэндондовын “Хаврын борооны өмнөтгөл” уран бүтээлийн цэнгүүн нийслэлийнхний сэтгэлийг донсолгон доргиов. Энэ тоглолтонд С.Ганзориг, Д.Энхзул, Х.Болормаа, Ч.Бат-Эрдэнэ нарын гавьяат дуучид орон нутагт тоглолтоор одож оролцож амжаагүй ч олон алдартай дуучид, гавьяатууд дууг нь дуулж сайхан тоглолт болсныг дурьдалтай.

2015 онд Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” улсын уралдаанд “Хайрлан жаргах эх орон” дуугаараа оролцсон. Хөгжим судлаач, МУСГЗ Ч.Буянхишиг энэ дууг их дээгүүр явах ёстой сайн дуу байсан даа гэж өнөө хэр ярьж байхыг би сонссон. Үнэндээ энэ дуу нь сонгодог болон үндэсний хэв шинжийг хослуулсан мэргэжлийн том дуу л даа. Уг нь найрал дуучид маань нийслэлд очиж тэр наадамд оролцсон бол ч … гэж бодогдож байсан шүү. Тэр олон дуучдыг аваачих зардал байсангүй л дээ. Дуурийн найрал дуучдыг авна гэхээр 2 сая төгрөгийг нь хэн төлөхсөн билээ. Тэгээд ч богино хугацаанд гаргахад дуулаачдаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардах дуу. Харин гоцлолыг нь манай Н.Нямсүрэн, Д.Дагиймаа хоёр сайхан дуулсан. Том дууны зовлон гэж байх юм билээ. “Гургалдайн цэцэрлэгт хот” бол тийм том дууны нэг. Олон дуучин оролцож дуулдаг том дуу болохоор хэрийн концерт, цомог зэрэгт багтаахад бэрхшээлтэй. Орхон аймгийн 30 жилийн ойн концертыг энэ дуу ёстой л чимэж байсан даа.

2016 онд Баатарын Цэрэндондов “Миний сэтгэлийн хөг” уран бүтээлийн цэнгүүнээ “Уурхайчин” соёлын ордондоо хийсэн нь ойрд болоогүй сайхан тоглолт болсон. Энэ тоглолтонд ДБЭЧ-ын шилдэг уран бүтээлчдээс гадна С.Батсүх, Ц.Оюунцэцэг, Х.Болормаа, Д. Энхзул, С.Ганзориг, С.Эрхэмбаяр, Д.Сийлэгмаа нарын гавьяатууд, МУСТА Хумбагарын Батмэнд, О.Баянмөнх, М.Янжиндарь гээд олон шилдэг дуучид ирж үзэгч олондоо сэтгэлийн цэнгэл эдлүүлсний дээр хөгжмийн зохиогч маань шинэхэн хэвлэгдсэн цомгоо тоглолтын тасалбартаа дагалдуулж нүнжиг заасан.

Баатарын Цэрэндондов 300 гаруй дууг ноттой нь багтаасан “Монгол морины тухай дуунууд” эмхэтгэл хэвлүүлсэн нь мэргэжлийн урлагийн байгууллагууд, дуучдад чухал хэрэгцээтэй гарын авлага болох сайн ном болжээ. Энэ номонд орох дуунуудын үг, хөгжмийн нотыг олж цуглуулах, компьютерт шивж оруулах чимхлүүр ажлыг уйгагүй чамбай хийжээ. Урлагтаа, нөхдөдөө хандах чин сэтгэл нь эндээс хүртэл гэрэлтэн байх шиг.

Ажилсаг малчин аавын дөрвөн хүүхдийн отгон хүү Цэрэндондов хүний алаг хорвоод хоёр сайхан охин, ихэр хөөрхөн хүүтэй, зээгийнхээ зулайг үнэрлэсэн ачлалт эцэг болжээ. Хүнийхээ хувьд их дөлгөөн, даруухан, үг дуу цөөнтэй, хааяа дуугарвал үг нь их жинтэй, голч байдаг гэсэн хамт олны үнэлгээтэй би санал нийлдэг. Зурхай асгарсан хөх тэнгэрийн дор зуу зуун жилээр амьдрах мөнхийн бүтээлийн эзэн Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баатарын Цэрэндондов их бүтээн байгуулалтын нүргээн эгшиглэсэн Эрдэнэтийн тэнгэр дор уянга яруу хөгжмөө зохиож, унасан газар, угаасан ус Алтайруугаа бодол сэтгэлийн хүлгээрээ үес үесхэн тэлгүүлсээр явна.

МУСГЗ Дамбийн Дашдондов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж