Автомат машинд саатал гарсан 30 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Автомат машинд саатал гарсан 30 дуудлага иржээ

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 202 ажиглагч УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургаадугаар сарын 29-нд сонгогчдын саналыг авч байгаа байдал, саналын хуудсыг тоолох дүнг гаргах үйл явц, техникийн тооллого зэрэг нь Сонгуулийн тухай хуулийн дагуу болж буй эсэхэд хяналт тавьж ажиглалт хийжээ.

Ажиглалт нь Улаанбаатар хотын есөн дүүргийн 101 хэсгийн хороог хамарсан байна.

202 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2016 оны УИХ-ын сонгууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийг хурлын сонгуулийн санал хураах, тоолох дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд болсон ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж дүгнэжээ.

Энэ талаар Нээлттэй нийгэм форумын байранд өнөөдөр Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Өөрчлөлтийн салхи зэрэг залуучуудын төрийн бус байгууллагууд мэдээлэл хийлээ.

2012 оноос эхлэн саналын хуудсыг автомат машинаар уншуулдаг болсон. Энэ удаагийн сонгуулиар автомат машинд уншигдсан саналын дүнг төв сервер рүү шууд дамжуулах, ингэхдээ мэдээллийн технологийг ашиглан шууд дэлгэцэнд гарган үзүүлсэн нь олон нийтийн дунд байсан эргэлзээг тайлжээ. Эдгээр ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл технологийн хэлтсийнхэн өндөр төвшинд зохион байгуулж, сайн ажилласныг онцлон тэмдэглэлээ.

Ингэхдээ автомат машин нь саналын хуудсыг тоолуулахад ямар хэрэгтэй вэ гэдэг нь давхар батлагдсан гэдгийг мөн сануулсан юм.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах ажиллагаа 22.00 цагаар дууссан. Харин саналын дүн 22.20 цагаас эхэлж, иржээ.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас мөн газар зүйн байршлаасаа хамаарч Баян-Өлгий аймагт өндөр, өндөр уул нь халхлаад утасны сүлжээ орж ирдэггүй учраас тэнд саатах магадлалтай байжээ. Гэтэл ийм асуудалгүй газруудын сонгуулийн хэсгийн хороо саналын дүнгээ ирүүлэхгүй барьсан тохиолдол гарчээ.

Гэхдээ санал хураалтын дүнг гаргах үйл явц өмнөхийг бодвол илүү хурдтай ил тод болсон байна.

Сервер дээр ирж байгаа дүн эцсийн дүн биш, сервертэй тулгаж үздэг учраас дундаас нь хакердах боломжгүй.

Америкийн автоматжуулсан санал тоолох машинаас манайд ашиглаж байгаа автомат машины систем нь өөр, тодорхой хэмжээгээр гар ажиллагаа шаарддаг, хяналтын систем нь сайн хийгдсэн төхөөрөмж гэдгийг тодотголоо.

Мөн саналын дүнд эргэлзэж байгаа хүн давхар хянах бололцоо нээлттэй байгаа нь өмнөх сонгуулиудаас давуу талыг үүсгэж буй аж.

Гэхдээ цаашдаа анхаарах зарим асуудал байна.

Системийн цагийг тохируулахдаа алдаа гарсан. Зарим нь урд тест хийж байсан системийн цагаа солиогүйгээс саналаа өгсөн цаг нь маргааш өдрийнхөөр гарсан тохиолдол мэр сэр гарчээ.

Улсын хэмжээнд санал тоолох машин зургааг сольсон байна. Ховд аймагт нэг машин шатсан, хурдан хугацаанд өөр машин хүргэх боломжгүй учраас саналын хуудсыг нь гар тооллогод шилжүүлсэн юм байна.

Автомат машины эвдрэл гэмтлийг засварлах Явуулын хэлтэс дээр 30 дуудлага ирсэн. Ихэнх дуудлагыг гар утсаар заавар өгөн шийдвэрлэжээ.

Саналын хуудсыг бөглөхдөө мандатын тоогоо илүү тоогоор дугуйлсан нөхцөлд автомат машин уншихгүй буцаадаг. Гэхдээ УИХ, ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг болсон, нэгийг нь дугуйлаад нөгөөг нь дугуйлаагүй нөхцөлд хэдийг нь будаагүй вэ гэдэг баланс хуудсанд тусгагдаагүй учраас саналын хуудсын тоо, саналын тоо хоёр зөрөх тохиолдол бий аж. Үүнийг цаашдаа анхаарах.

Сонгууль зохион байгуулахад ажиллаж байгаа хүмүүс нь автомат машинтай холбоотой ойлголт тааруу байсан, үүн дээр Сонгуулийн ерөнхий хороо сайн ажиллах ёстой гэдгийг энэ үеэр тодотголоо.

Согтуу сонгогчид санал өгчээ

Сонгуулийн санал хураалтын өдөр архи зарахыг хориглосон боловч согтуу сонгогч бөөнөөрөө орж ирж, саналаа өгсөн байна.

Зарим хэсгийн хорооны байр жижиг, бүхээгийг ойр байршуулснаас саналын хуудасны нууцлал алдагдаж болзошгүй байгааг цаашдаа анхаарах.

Сонгогч саналын хуудсыг хэрхэн дугуйлах, хэдэн хүн тойрогт нэр дэвшсэн талаарх мэдээлэл дутмагаас нууцлалаа алдах магадлал мөн гарч байсан аж.

Санал өгөх хэсгийн хороогоо андуурч нааш цааш явах тохиолдол гарчээ.

Хурууны хээг таних төхөөрөмжтэй холбоотой ноцтой хүндрэл учраагүй. Тодорхой газруудад сонгогчийн хурууны хээг уншихгүй тохиолдол гарсан. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийг нь үндэслэж саналыг нь өгүүлсэн.

Хурууны хээг уншихгүй байгаа тохиолдолд насыг нь харах зөвлөмжийг ажиглагч нарын зүгээс өгсөн юм байна. Учир нь залуу үеийнхэн эс бол настай хүний хурууны хээг уншихгүй байх тохиолдол гардаг аж. Санал хураалтын өдөр 40-ээс дээш насныхны хурууны хээг танихгүй байх тохиолдол гарчээ.

18-25 насныхан энэ удаагийн сонгуульд идэвх муутай оролцсон шалтгааныг ултай суурьтай судлан гаргах ёстойг тэд хэллээ. Энэ насныхан гол төлөв гадаад улсад суралцахаар явснаас саналаа өгч чадсангүй гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж