Парламентын найм дахь удаагийн сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 29-нд амжилттай явагдаж, Монгол Ардын нам 65 суудал авч ялсан ялалтынхаа шокноос, Ардчилсан нам есөн суудалтай үлдсэн ялагдлынхаа шокноос аль, аль нь гараагүй байна.
Өмнөх сонгуулиар 35 суудал авсан эрх баригч Ардчилсан нам “үсгүй арчуулах”-ад хүрч, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний кноптой үлдсэн арван шалтгааныг нэрлэе.
Нэг. Сонгууль болохоос сар гаруйн өмнө буюу тавдугаар сарын 4-нд “Пропорциональ систем нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэх Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авснаар Ардчилсан нам ялагдах гол үндэс болсон гэж дүгнэж болно. Учир нь, жижиг мажоритар систем бол маш их савлагаа үүсгэдэг, сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг болохыг Ардчилсан нам хоёр дахь удаагаа арьс, махаараа мэдэрч байна гэсэн үг.
СЕХ-ноос авсан урьдчилсан дүнгээр Ардчилсан нам нийт сонгогчдын 45-47 хувийн санал авсан ч УИХ-д дөнгөж есөн суудалтай үлдлээ. Хэрэв холимог системээр сонгуулийг явуулсан бол Ардчилсан нам ядаж л 20- 25 суудалтай хоцрох байв.
Хоёр. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэсэн үг бий. Ардчилсан нам ялагдах болсон хоёрдугаар шалтгаан бол Ардчилсан намынхан өөрсдөө. Өнгөрсөн дөрвөн жил засаг барихдаа дийлэнх хугацаанд нь сандал суудлын хэрүүл хийж, эрх мэдлийн төлөө тамираа тасартал, нэрээ бартал зодолдсоны үр дагавар.
Гурав. Ардчилсан намын нэр хүндийг шалбааг болгож, Монгол Ардын намаас “бор халзан” хонь ч байсан гарч ирэх боломжийг бий болгосон хүмүүс бол З.Энхболд, Х.Баттулга нар. Намынхаа аль өнгөтэй, өөдтэй, нэртэй төртэй яваа хүн болгонтой дайн зарлаж, хар тамхичин, оффшорчин, нүүрсчин, тагнуулч, мүүнчин болгож, эцэстээ ийнхүү намаараа лааз өшиглөхөд хүрсэн гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй юм. Х.Баттулгын хэтийдсэн хувийн тоглолт намын үнэтэй байсныг сонгуулийн дүн тов тодорхой харууллаа.
Дөрөв. Ардчилсан намынхан азгүй ч гэж хэлж болно. Дэлхийн зах зээлд нүүрлэсэн эрдэс баялгийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн саармагжилт Монголд нөлөөлснөөр эдийн засагт хямрал бий болж, үүний гол буруутан нь эрх баригч Ардчилсан нам гэж иргэд бодох болсон. Энэ бол тэдний ялагдах нэг шалтгаан болсон нь худлаа биш.
Тав. Ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жил хийсэн өөр, хоорондын зөрчил нь “АН засаглаж сураагүй” гэсэн имижийг бүрдүүлэв. Учир нь, фракциудынх нь зөрчил намын байраасаа хальж, Төрийн ордонд шилжсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ элбэж, хамжиж огцруулсныхаа горыг тэд дэндүү өндөр үнээр төллөө.
Зургаа. Ардчилсан нам анхнаасаа л буруу дүрмээр тоглосон. Засгийн эрхийг авангуутаа хэтэрхий дээрэнгүй хандлага гаргаж, хэний ч үгийг сонсохоо больсны хар гай. Ялангуяа УИХ-ын чуулганы хуралдаан дээр сөрөг хүчнийхээ үгийг үл тоомсорлох УИХ даргын хувийн зан араншин нь АН-ыг хад мөргөхөд хүргэсэн нэг шалтгаан болсон гэвэл буруудахгүй биз.
Долоо. Тавантолгойн талцал. Хэрэв Ардчилсан нам Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гацааж, нураалгүйгээр явуулчихсан бол эрх баригчид “бор халзан хонины” дайтай ч үнэлэгдэхгүйгээр, гудамжинд гарахгүй байсан ч байж мэднэ.
Найм. Эдийн засгийн хямралаас болж олон жижиг, дунд үйлдвэр хаалгаа барьж, иргэдийн амьдрал доройтсон нь Ардчилсан намын ялагдах нэг үндэс болсон. Хэдийгээр Ардчилсан намын хийсэн ажил их ч нөгөө талаар иргэдийн амьдрал эрс доошилсон нь Ардчилсан намд хасах оноо цуглуулсныг хэлэх ёстой.
Ес. Монгол Ардын намын үеийн төрийн алба төрлийнх болсныг Ардчилсан нам ч үргэлжлүүлсэн. Ардчилсан намын зарим сайд, дарга нар төрийн албыг хувийн компани шигээ болгож, бүхэл бүтэн нэг дүүрэг тэр чигээрээ нэг хүнээр овоглогдох болсон нь Ардчилсан намын унах болсон олон алдааны нэг.
Арав. “Эрдэнэт”-ийн мэдээ хар масст эсрэг ойлголт төрүүлснийг үгүйсгэхгүй. Уг нь Эрдэнэтийн 49 хувь Монголын компанид шилжсэнээр Монгол Улсын эдийн засагт асар том дэмжлэг болно гэдгийг эдийн засгийн наад захын энгийн мэдлэггүй монголчууд ойлгосонгүй. Энэ бол Ардчилсан намыг ялагдуулах нэг шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй.