“Daily Telegraph” сонинд олдсон мэдээгээр, Тереза Мэй өөрийн туслахуудтай ням гаригийн турш ярилцаж, Ерөнхий сайдад өрсөлдөхөд нь өөрт нь туслах багийг бүрдүүлжээ.
Их Британийн ДХЯ-ны тэргүүн Тереза Мэй ойрын хоногуудад эрх баригч Консерватив намын лидерийн тушаалд нэрээ дэвшүүлэх гэнэ. Намын лидерийн хамт бас ерөнхий сайдад нэр нь дэвших юм. Энэ тухай Daily Telegraph сонины цахим хувилбарт мэдээлжээ.
“Дотоод хэргийн сайд энэ долоо хоногийн сүүлчээр, намын тэргүүний төлөө гол өрсөлдөгч болох Лондон хотын захирагч асан Борис Жонсоны эсрэг нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа тодорхой хэлнэ” гэж уг хэвлэл мэдээлэв. Хэвлэлд дурдсанаар сайд эмэгтэй энэ сонгуульд нь туслах хүмүүстэйгээ нухацтай ярилцсан байна.
Жонсон нь Европын холбоонд гишүүн байх эсэх асуудлаар зургадугаар сарын 23-нд болсон бүх нийтийн санал асуулга дээр Европт үл итгэх талынхны лидерүүдийн нэг байлаа. Харин Тереза Мэй Брюссельтай харьцаагаа хэвээр үлдээхийн төлөө байсан ерөнхий сайд Дэвид Кэмероныг дэмжсэн юм. Хүсэл бодлоо илэрхийлэх бүх нийтийн санал хураалтад Европт үл итгэгчид 51,9 хувийн санал авч, 48,1 хувийн саналтай Европын талынхныг дийлэн гарчээ.
Кэмерон яагаад огцрохоор болов
Бүх нийтийн санал асуулгын дүн гарсны дараа Кэмерон огцрох тухайгаа мэдэгдсэн юм. Жонсон ерөнхий сайдын суудлыг эзлэх өндөр магадлалтай хүн болов. Тэр хэдийгээр энэ тухайгаа мэдэгдээгүй ч намын дотор түүний эсрэг тавих хүнээ хайж эхэлсэн байна. Английн нийслэлийг найман жил (2008−2016 ) удирдсан , нүдэнд дулаахан энэ улстөрчийн сул тал нь туршлага, намба байхгүй гэж намынхан нь үздэг аж.
Мэй намынхандаа Ерөнхий сайдад таарах хүн гэгдэж байгаа юм. Тэрээр намыг хагаралдуулсан бүх нийтийн санал асуулгын үеэр ямар нэгэн хурц мэдэгдэл хийгээгүй чимээгүй байжээ. Түүнээс гадна Хүний эрхийн Европын конвенциас Их Британи гарсныг зарлаад сайдын чансаа нь Европт үл итгэгчдийн дунд нэмэгдсэн байна.
Намын сонгууль хэрхэн болох вэ?
Консерватив намын Засгийн газарт багтдаггүй депутатуудаас бүрэлдсэн арын суудлынхны гэж нэрлэгддэг “1922 оны хороо” нь энэ долоо хоногт намын дотоод сонгуулийн дэгийг зарлах юм. Үүний дараа намын гишүүд нь нэрээ дэвшүүлж эхэлнэ.
Долдугаар сарын сүүлч гэхэд консерватив депутатуудын санал хураалтаар нэр дэвшигчдийн тоог хоёр нэр дэвшигч хүртэл хасах юм. Есдүгээр сард 150 мянга орчим намын гишүүд нь санал өгөх ба түүний дүнг Бирмингем хотноо аравдугаар сарын 2-нд нээгдэх намын бага хурал дээр зарлах юм. Ямартай ч Тереза Мэй хамгийн өндөр магадлалтай хүнээр тодроод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР