Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн нээлт, хаалтын тоглолт, хүчит 1024 бөхийн барилдаан болох Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн удирдлагын дарга Т.Батбаяраас тодрууллаа.
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил хэрхэн өрнөж байна вэ?
-Сүүлийн дөрвөн жилд байнга засвар хийж байгаа учраас энэ жил харьцангуй бага засвар хийж байна. Төвийн таван дүүргүүд хариуцсан талбайдаа цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайгаа цэвэрлэчихсэн. Мөн талбайн зүлэгжүүлэлт, модны хэлбэржүүлэлт, зүлгэн дээр хүн явуулахгүй гэдэг үүднээс зориулалтын хашлага татах, олон нийтийн бие засах газруудаа байршуулах зэрэг ажлуудыг хийсэн байгаа. Одоо Ерөнхийлөгчийн ордог хэсгийн дөрвөн баганыг засах ажил хийж байна.
-Энэ жилийн наадамд гадны зочид их ирэх төлөвтэй байгаа. Шинээр хийж буй тохижилт бий юу?
-Өмнөх жилийнхээс нэмэгдсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө урсгал засваруудыг хийж байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн суудлын хэсгийг шинэчилнэ. Энэ хэсгийн ширээг бор өнгөтэй мебель болгоно. Ингэснээр жил бүр урсгал засвар хийх шаардлагагүй болно гэсэн үг. Мөн Монголын үндэсний сурын холбооноос сур харвааны байрны гадна талын засварыг хариуцан хийж байна.
-Жилээс жилд баяр наадмаар сайхан цэмцгэр баярлахыг хичээх болж. Төв цэнгэлдэх орчимд хэчнээн хогийн сав, бие засах газар байршуулах вэ?
-Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хотын төвийн таван дүүрэг 40-50 ширхэг бие засах газруудыг байршуулдаг. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс 20 гаруй хогийн сав байршуулах бөгөөд нийт 240 орчим хогийн сав тавина. Олон нийтийн био бие засах газар 20 орчим, чингэлэг жорлон хоёр, суурин жорлон гурвыг ашиглах юм.
-Өнгөрсөн жилүүдээс харьцангуй бага засвар хийж байна гэлээ. Энэ жилийн тохижиолт, засварын ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Төв цэнгэлдэхийн тохижилт, засвар үйлчилгээний ажилд улсаас 565 сая төгрөг төсөвлөсөн. Үүнд Хүй долоо худгийн автомашины А, В зогсоолуудын цахилгааны хүчдлийг нэмэх ажилд л гэхэд 143 сая төгрөг зарцуулж байгаа. Мөн ногоон байгууламжийн усалгаа гэх мэт ажлууд багтана.
-Төв цэнгэлдэхийн засварын ажлыг хэзээ хүлээлгэж өгөх вэ?
-Наадмын бэлтгэл ажил энэ сарын 4-нд дуусна. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн харвааны талбайд хийсэн засварын ажилтай танилцана. Одоогийн байдлаар цаг хугацаанаасаа хоцорсон асуудал гараагүй.
А.ЦЭЭСҮРЭН