Олонд тархсан төөрөгдлийн дагуу Саудын Арабын эмэгтэйчүүд дандаа тийм даруухан чимээгүй байгаагүй. Олон бүсгүйчүүд боловсролтой, тогтвортой мэргэжилтэй. Гэтэл тэд ажилдаа унаа хөлөглөөд очиж болдоггүй. Шашны номнолоор эмэгтэй хүн гэрээс ганцаараа гарч болохгүй учраас тэд машин жолоодож болохгүй. Сүүлд харин энэ заншлыг бага зэрэг сулруулжь жолооч хөлсөлж болох болсон.
Хэт хуучинсаг шашины зүтгэлтнүүд жолоо барихад тавьсан хоригоо эмэгтэйчүүд харийн эрэгтэйтэй ярьж болохгүй гэдгээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, цагдаа, автомеханик, жолооны багштай ярьж болохгүй гэсэн үг. Тэгээд ч эмэгтэйчүүд жолооны сургуульд сурч чадахгүй байдаг. Гэртээ ойр дотны эрчүүдийн нэг нь жолооны багш хийж болохгүй. Учир нь тэгвэл олон нийтийн хэв журмыг алдагдуулсан гээд шийтгүүлэх магадлалтай.
Энэ салбарын байдал бараг 20 жилийн турш халуухан байгаа юм. Хамгийн анхны эсэргүүцэл 1990-ээд огд гарав. Үүнд 47 эмэгтэй 17 машинтайгаар гудамжаар яван эсэргүүцэл илэрхийлэхэд нь бүгдийг нь баривчилсан. Дараа нь тэднийг халамжлагч нарт нь дамжуулан өгч эдгээр эмэгтэйчүүд хэзээ ч жолооны ард суухгүй гэсэн ам өчиг гаргуулан авсан байлаа.
Жолоо барих эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн яриа 2000 дахь оны дундуур гарч ирлээ. 2005 онд ван Абдаллагийн дэргэдэх зөвлөлдөх зөвлөл энэ сэдвээр ярилцав. Зөвлөлийн нэгэн гишүүн Мухаммед аль-Зальфа (Mohammed al Zalfa) хувьсгал гэмээр санаа гарган 30 гарсан эмэгтэйчүүдийг ажлын өдрүүдээр өглөөний 7 цагаас оройн 8 цаг хүртэл жолооны ард суулгах нь зүйтэй гэсэн байлаа. Зөрчил гаргангуут нь жолооны эрхийг нь хураах хэрэгтэй гэсэн тодотголтойгоор. Гэтэл хэт хуучинсаг үзэлтнүүд тэднийг дэмжсэнгүй. Хэвлэл мэдээллээр 118 шашны болон төрийн зүтгэлтнүүд ийм санаачлагыг эрс эсэргүүцэн мэдэгдэл гаргав. Хэт хуучинсаг хөдөлгөөний зарим төлөөлөгчид машины жолоог эмэгтэйчүүдээр бариулах гэж байгаа эрчүүдийг “исламын дайсан” гэж зарлана гэсэн байв. Төлөвлөгөө нь нурлаа.
Машин жолоодох эрхийнхээ төлөө тэдний хийсэн дараагийн алхам нь ван Абдаллад ивэвхтнүүдийнх нь хүргүүлсэн гуйх бичиг болов. Тэд машин барихад тавьсан хоригоо улс байгуулагдсаны 75 жилийн ойгоор цуцлахыг гуйсан байлаа. Хэдэн долоо хоногийн турш тэр бичиг нь блогуудаар дамжин мянга гаруй хүн гарын үсэг зурав. Гэсэн ч төрийн эзэн эмэгтэйчүүдийн хүсэлтийг үл тоов.
2011 оны самуун хаврын сүүлчээр хөдөлгөөний идэвхтэн эмэгтэй Манал аль-Шариф (Manal al-Sharif) зүгээр нэг машинаа жолоодсонгүй түүнийгээ видеод бичүүлээд YouTube сүлжээнд тавьсан байлаа. Тавдугаар сарын 22-нд Манал дахин машинтайгаа явж байгаад баривчлагдсан байна. Эхлээд түүнийг зургаан цагаар хорьж байгаад сулласан юм. Дараа нь дахин баривчлаад 10 хоногоор хорьжээ. Сүлжээн дэх түүний бичлэгийг устгасан байлаа. YouTube дэх түүний хуудсыг хаажээ. Харин Маналыг баривчилсан нь олон нийтийн резонанс үүсгэв. Эмэгтэйчүүд түүнийг чөлөөлөхийг шаардаж Саудын Арабын бүх эмэгтэйчүүдэд түүний жишээгээр явахыг уриалсан байлаа.
Тэдний нэг Маха аль-Кахтани (Maha al-Qahtani) Facebook дэх өөрийн хуудсанд 17-ны өдрөөс эхлэн машин жолоодно гэж мэдэгдээд Саудын Арабын Үндсэн хууль, шашинтай зөрөлдөхгүй, энэ нь өөрийнх нь дархан эрх гэсэн байв. Маха жолооны үнэмлэхтэй эмэгтэйчүүдэд (мэдээж, гадаадад авсан) хандан жолооны ард суухыг уриалжээ. Түүний уриалгыг дэмжсэн эмэгтэйчүүд машин барьж явж эхэллээ. Зургадугаар сарын 28 хүртэл тэр эсэргүүцэл тайван явагдаж, жолоо барьсан эмэгтэйчүүдийг торгож байв. Дараа нь эрх баригчдын тэсвэр алдагдсан бололтой Жидда хотод таван эмэгтэйг баривчилсан байлаа.
Гэлээ ч баривчилгаа, баригдсан бүгдээс авсан “дахин жолооны ард суухгүй” гэсэн тангараг нь саудын эмэгтэйчүүдийг зогсоохгүй болж байна. Эхний эсэргүүцлээс ялгаатай нь тэдэнд одоо Facebook ба Twitter байгаа. Одоо тэд хэнийг барьсан, хэрхэн яаж эсэргүүцэл гаргах зэргээр сүүлийн мэдээгээ солилцох боломжтой болсон байна.
Машин жолоодох эмэгтэйчүүдийн эрхийнх нь төлөө Хиллари Клинтон, Ангела Меркель нар үг хэлж дэмжлэг үзүүлсэн юм. Тун удалгүй эмэгтэйчүүд нь машин жолоодох эрхгүй дэлхийн цорын ганц энэ оронд ямар нэгэн өөрчлөлт гарч магадгүй.