Л.Эрхэмбаяр: Хэзээ ч огцроход бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Л.Эрхэмбаяр: Хэзээ ч огцроход бэлэн байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас цөөн асуултад хариулт авлаа.


-УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан нам төсөөлж байснаас ч доогуур санал авлаа. Намуудын рейтингийн хувьд Ардчилсан нам, Ардын намаас нэг их сул байгаагүй. Харамсалтай нь, Ардчилсан нам дөнгөж бүлэг байгуулах хэмжээний санал авсан нь чухам юунаас болсон гэж та бодож байна?

-СЕХ-ноос авсан урьдчилсан дүнгээр Ардчилсан нам нийт сонгогчдын 45-46 хувийн саналыг авсан байсан. Гэвч харамсалтайнь, жижиг мажоритар систем бол 51-ээс дээш санал авсан нам тэр чигээрээ үнэмлэхүй ялалт байгуулдаг дахиад л нотлогдлоо. Сонгуулийн системээс болж сонгогчдын санал гээгдсэн нь манай намын ялагдах нэг шалтгаан болсон гэж бодох байна. Гэхдээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ямар нэгэн тайлбар хиймээргүй байна.

-Эрдэнэтийг хувьчилсан асуудлаас болчихов уу гэсэн хардлага танай намын гишүүдийн дунд байна?

-Олон ч хүн тэгж ярьж байна. Сонголтоо хийгээгүй хүмүүс Эрдэнэтийн мэдээг сонссоны дараа л шийдвэрээ гаргачихлаа гэж. Уг нь Монголын баялаг Монголдоо үлдэж байгаа асуудал юм шүү дээ. Эдийн засаг талаас нь харвал маш зөв шийдвэр болсон л доо. Даанч сөрөг хүчин хэт улстөржүүлчихсэн болохоос.

-МАН-ынхан сонгуулийн дүн гартал хар машинд итгээгүй. Ардчилсан нам луйвар хийх нь гэж бодож байсан. Гэтэл шатаагаад, сор залаад байсан МАН одоо хар машин ямар үнэн, бодитой дүн гаргадгийг харсан байх?

-Сонгуулийн дүн гаран гартал Ардын намынхан хар машин Ардчилсан намын талд ажиллана гэсэн мессеж тараасан. Ардчилсан нам зөв жижиг тогтоосон гэж би боддог. Өмнө нь сонгууль ямар булхай, будилаантай болдог байлаа. Харин одоо сонгуулийн дүн хэдхэн цагийн дотор л ямар булхай, будилаангүй, ард түмний нүдэн дээр тоологдож байна. Энэ шинэчлэлээс Ардын нам битгий ухраасай гэж хүсч байгаа.

-Ард түмэн Ардчилсан намд гэрээ дахин засах, алдаа дүгнэх боломж олголоо гэж зарим улстөрчид дүгнэж байгаа. Та харин ялагдсан шалтгаанаа юу хийж хүлээж авч байна вэ?

-Үнэн, үнэн. Ардчилсан нам ялагдлынхаа шалтгааныг олж харах, алдаагаа дүгнэх, алдаан дээрээсээ дахин суралцах ёстой. Өнгөрсөн дөрвөн жил юун дээр алдав, ямар алдаа гаргав гэдгээ ч судлах хэрэгтэй. Гэхдээ ялагдал заримдаа ялалтын эхлэл байдаг гэдэг. Миний ойлгож байгаагаар намыг шинэчилнэ гэдэг нас шинэчлэхийн нэр биш юм.

-З.Энхболд дарга та хоёр хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн?

-Тэгсэн. Намын дүрмээрээ бид хариуцлагаа хүлээх нь тодорхой. Хэзээ ч хариуцлагаа хүлээгаад албан тушаалаасаа огцроход бэлэн байна. Гэхдээ хариуцлагаа хүлээж байна гээд зугатахгүй. Шинэчлэлийн талаар Ардчилсан нам маш нуцахцтай ярилцах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш. Юун дээр алдав, юун дээр онов, хэнээр намаа удирдуулбал зүгээр вэ гээд бүгдийг ярина. Тамга тэмдэг өгөлцөж, авах шиг амархан асуудал байхгүй. Гол нь намаа хэрхэн, яаж шинэчлэх вэ гэдэг хамгийн чухал.

-Нэг нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Ингэснээр төсвөөс дураараа хулгайлах, өмнөх шигээ дөрвөн жил юу ч хийхгүй суучих юм биш байгаа гэсэн эмзэглэл зарим иргэдийн дунд байх шиг?

-Сонгочихоод одоо юундаа амаа барих вэ дээ.

-Ардчилсан нам ялагдахад хамгийн их нөлөөлсөн нь танай намын фракциудын зодоон. Өнгөрсөн дөрвөн жил эрх мэдэл булаацалдсанаас болоод АН ялагдал хүлээлээ гэж дүгнэх хүмүүс ч байна?

-Энэ бол хатуу, гашуун ч гэсэн сонсох ёстой үнэн. Өнгөрсөн дөрвөн жил багийн гэхээсээ хувийн тоглолт хийсэн, популизмдсан, өөрийнхөө хаалганд гоол оруулдаг хүмүүс олон бий. Тэд нарын нэрийг дурдаад яах вэ. Тэдний хэлсэн, хийсэн үгийг МАН энэ сонгуулиар сайн ашиглалаа. Уг нь нам бол хувийн тоглолт хийдэг орой зай биш л дээ.

-Танай намынхан үнэхээр эв түнжингүй байсан. Ядаж л намынхаа генсекийг жинхэлж чаддаггүй хүмүүс шүү дээ. Үүрэг гүйцэтгэгч генсектэй сонгуульд оролцоно гэдэг бол байж улс төрд байж боломгүй юм шиг санагдсан?

-Төгс, төгөлдөр хүн гэж байдаггүй хойно, надад алдаа дутагдал байсан л байх. Гэхдээ чиний хэлдэг үнэн. За одоо ингээд яриагаа дуусгая. Ялагдсан хүмүүсээс илүү ялсан нөхдүүдийн ярих үг элбэг байгаа байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж