Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэр дүүгээ юуны учир харвасан тухай, XIII зууны үеийн хатадын үзэсгэлэн гоо, баатар эрсийн сүр хүчийг өгүүлэх “Монгол түүхийн хөлгөн судар” цогц зургийн үзэсгэлэн өчигдөр /2016.06.30/ 17 цагт Урчуудын эвлэлийн хорооны танхимд нээлтээ хийлээ.
Их түүхийн шаштир хэмээх “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн уг үзэсгэлэнд түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлаас гадна тухайн цаг үеийн монгол ахуйг илтгэх “Эцгийн захиас”, “Монгол наадгай”, “Дэв тэнгэр” “Тачаал”, “Бага нас” зэрэг 30 гаруй уран бүтээлүүдийг сонирхуулжээ.
“Монгол түүхийн хөлгөн судар” төслийг анх 2014 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байна. Зураач Б.Отгонтүвдэнгийн уг зургийн үзэсгэлэн дэлхийн 10 гаруй улсад үзэсгэлэн болж, дэлгэгдэх ажээ.
Уг төсөлд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, шог зураач С.Цогтбаяр, зураач Б.Отгонтүвдэн, Б.Дөлгөөн “Гамма” студийн захирал С.Цацралт нар болон арын албаны 100 гаруй хүний ажиллажээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон “Энэ үзэсгэлэн сүүлийн үед дэлгэгдээгүй сонирхолтой үзэсгэлэн байна. Монголд, Орост, бүр дэлхий дахинд ховордсон түүхэн сэдвийг харуулжээ. Дэлхий дахинд Монгол улсын түүхийг урлагаар дамжуулж хэлэх үг их бий. Үүнийг залуу уран бүтээлч Б.Отгонтүвдэн зураач ажил болгон хэрэгжүүлж буй нь сайшаалтай юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүний үзэсгэлэнг үзэж буй хүмүүс “Жинхэнэ монгол ахуй, “үнэртсэн” уран бүтээлүүд байна”, “Үнэхээр сэтгэл огшоож, эх түүхээрээ бахархах сэтгэгдэл төрүүллээ” хэмээн ярилцацгаана. Зарим нь зурагных нь хажууд зогсон зураг татуулж харагдав.
“Монголын нууц товчоо”-нд Жамуха, Тэмүжин хоёр гурван удаа анд бололцсон түүхтэй ч хожим Жамуха улсаа алдаж, тэнүүлчилж явж байхдаа урвагч нарын гарт баригдан Чингис хаанд хүргэгдэж ирдэг тухай өгүүлдэг билээ. Харин зураач Б.Отгонтүвдэний “Жамухын өчил” уран бүтээл уг түүхийг харуулжээ. Тэдний шударга андын сэтгэл нь завсардаж, Жамуха сэцэний сэтгэлийн их эмзэглэл тэдний цаашдын харилцааг төгсгөл болгож буйг өгүүлэх аж.
Дэлхийн хөгжилтэй орнуудад уран зургаар эх орныхоо түүхийг илэрхийлсэн тусгай музей бий. Харин Монгол орны хувьд нэгэн цагт дэлхийг байлдан дагуулж байсан агуу түүхтэй хэдий ч уран зургаар илэрхийлсэн музей байхгүй байгааг төслийн багийнхан дурдаж байлаа.
Тийм ч учраас “Монгол түүхийн хөлгөн судар” цогц зургийн үзэсгэлэнгээрээ эх түүхийн цаг хугацаагаар аялах томоохон хэмжээний зурган музейн эхлэл хэмээн нэрлэжээ.
А.ЦЭЭСҮРЭН