ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу өнөөдөр буюу долдугаар сарын 1-ний өдөр гарна. Энэ жилийн хувьд ЭЕШ-д 37 мянга гаруй хүүхэд оролцсон билээ.
ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм.
- Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнг эцсийн байдлаар өчигдөр танилцууллаа. Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байжээ. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувь байв.
Сонгуулийн дүн гарсны дүр намууд хэвлэлийн хурал зарласан юм. МАН-ын дарга М.Энхболд юун түрүүнд итгэл найдвар хүлээлгэсэн ард түмэндээ талархлаа илэрхийлээд, итгэлийг дааж ажиллана гэдгээ хэллээ. Тэрбээр “Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн нийтдээ 63-65 тойрогт ялалт байгууллаа. Манай нам аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Завхан аймгаас бусад аймагт ялалт байгуулаад байна. Манай намыг дэмжсэн нийт ард түмэндээ баярлалаа” гэлээ.
- Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр,
-“НИТХ-ын сонгуулийн дүн гарч Нийслэлийн Ардчилсан нам 11 суудал, МАН үнэмлэхгүй ялалт байгуулжээ. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэл хотод ид шидтэй мэт бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна. Нийслэлийн амьдрал өөр болсон гэдэгт санал нэгтэй байгаа байх. Иргэдийн зүгээс дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон байх гэж найдаж байна” гэлээ.
- Сонгуулийн үр дүнтэй холбогдуулж “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс мэдээлэл хийлээ.
ТТЭНН-ЫН ДАРГА Г.УЯНГА:
-“Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д баяр хүргэх нь зүйтэй. Энэ ялалт бол МАН сайндаа гэхээс илүү сонгууль явуулсан арга хэлбэр, алдаатай холбоотой. Тухайлбал, сонгуулийн системийн алдаанаас болсон. Мажоритар систем бол сонгогчийн санал хамгийн ихээр гээгддэг систем юм. Хамгийн харалсалтай нь, монголчууд сонгуулиа дотроо хийж чадахаа болилоо. Хил хязгаар давсан энэ байдалд дүгнэлт хийх хэрэгтэй” гэлээ.
- Нийслэл хотод энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, зоорийн давхар руу ус орсон хороодын оршин суугчдаас дуудлага ирсэн байна. Дээрх хороодын 210 айл өрх усанд автаж, 200 метр авто зам эвдэрч, үерийн ус зайлуулах суваг нурсан
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 17 настай И гэх эрэгтэй машин дотор мансуурч байгаад баригджээ. Үйл явдал өчигдөр болсон бөгөөд тэрбээр “Nissan Patrol” маркийн автомашинд мансуурсан байдалтай олдохдоо цэнхэр өнгийн капсултай долоон ширхэг эм авч явжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
- “ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810, АРДЫН ХУВЬСГАЛЫН 95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР” батлагдлаа. Үндэсний их баяр наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлнэ. Харин долдугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагт албан ёсны нээлтийн ажиллагаа эхэлнэ.