Засгийн газраас хийсэн тооцоогоор Дархан хотод хоёр сая тонн, Рашаант өртөөнд 300 мянган тонн, Дорнод аймагт 120 мянган тонн, Дорноговь аймгийн Зүүнбаянд 330 мянган тонн, мөн Зүүнбаянд 50 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр барих төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 28-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр барих хугацаа нь хүчин чадлаасаа хамаарч 1,5-4 жил болох судалгаа гарчээ. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой гэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн эзэмшлийн оролцоотой, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй, хараат бус, бага хүчин чадлаар нэн даруй байгуулах шаардлагатай гэж Засгийн газраас Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороонд үүрэг өгсөн байна. Хамгийн гол нь бусдаас хараат бус байлгахад гол анхаарлаа чиглүүлэхийг үүрэгдсэн гэх.
Төрийн эзэмшлийн оролцоотой компани төрөөс хараат бус байж, төр өөрийн өмчөө хараат бус байлгана гэдэг эргэлзээтэй. Төрийн өмчит компаниудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, төсвийн зарцуулалт тэлсээр. “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”, “Мон-Атом”, “Дорнод Уран”, “Дорнод газрын тос”. Энэ мэтээр тоолвол төрөөр овоглох компаниудын уртаас урт жагсаалт гарч ирэх нь дамжиггүй. Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, төрийн мэдлийн компаниудаа хувьчилж байсан нь ердөө л нэг хоёрхон жилийн өмнөх асуудал байв. Харин сүүлийн жилүүдэд эрх баригчид хувьчлалыг зогсоож, төрийн өмчит компаниудыг шил дараалан байгуулах болсон нь “капитализмыг алгасч” гэх нэгэн хуучны танил зургийг санагдуулж байна.
Эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж, бизнесийн орчинг шинэтгэхээр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хувийн хэвшлийнхнийг хөгжүүлэхээр амалж асан Засгийн газрын бодлого, чиглэлд, зах зээлийн чөлөөт эдийн засгийг хөгжилд баяртай гэж хэлэхэд ойрхон байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө үрэгдүүлдэг, үргүй зардал гаргадаг, албан тушаалтнууд хувийн бизнес хийдэг, хулгайлдаг алдаа дутагдал арилах нь битгий хэл харин ч даамжирч байгааг мэдэхгүйдээ Засгийн газар төрийн өмчит компаниудын тоог жилээс жилд нэмж, төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлээд байгаа юм биш байх. Харин төрийн өмчийн компанийн нэрээр төсвийн мөнгөөр тоглох гэсэн, төсвийн мөнгийг төрийн өмчит компанийн нэрээр шамшигдуулах, идэх гэсэн луйврын нэг арга. Ямар сайндаа л төрийн өмч хараа хяналтгүй байдгийг харуулж төрийн өмчит банкны ахлах нягтлан бодогч нь 14 тэрбум төгрөгийг аваад идчихсэн хэрэг гарах билээ. Ашгүй нэг хувьд гарсан учраас л асуудал мандаж, хэрэгтэн баригдсан хэрэг. Хэрэв тэгээгүй бол төрийн хичнээн тэрбум төгрөгийг тэр нөхөр зувчуулаад өнгөрөх байсныг хэлэх аргагүй. Тэгэхээр “Дорнод газрын тос” компанийг “Багануур”-ын уурхай, “Дарханы хөр төмөрлөгийн үйлдвэр”-тэй адилхан хувь тавилан тосч байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ. Ашиггүй алдагдлаараа айлгадаг автобусны компаниудтай адилхан болчихвол яана.
Өөрийнхөө хөрөнгөөр газрын тос боловсруулах байгуулахыг хүсч байгаа хувийнханд яагаад зөвшөөрлийг нь олгохгүй мөртлөө, төсвөөс мөнгө гаргаж төрийн өмчит компани байгуулахаар улайраад байна вэ. Эрхэм гишүүдийн яриад байгаа импортлогч компани нь өрх тусгаар өөр нэг төрийн өмчит компани байх гэнэ. Үндсэн үүргээрээ “Мон-Атом” эсвэл, “Эрдэнэс МГЛ”-тай адилхан байх юм уу даа. Гишүүдийн санал болгож буй хувилбараар бол дээрх компанийг шатахуун импортлох үүргийг дангаар нь гүйцэтгүүлж, дараа нь хувийнханд жижиглэнгээр худалдах ажлыг хариуцуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Нефть бүтээгдэхүүн импорлогч компаниудын эрхийг цуцлаад 100 хувь төрийн мэдлийн компанид эрхийг нь өгчихвөл шатахууны үнэ шалдаа буурна гэнэ шүү. Хэрвээ шатахууны үнэ өссөн тохиолдолд төсвөөс татаас олгох замаар үнийн зохицуулалт хийж болохоо эрхэм гишүүд тайлбарлаад байгаа.
Тэгэхээр төрөөр айлгаж, төсвөөр тэжээлгэж, хүнд сурталд автагдсан, хүн залхаасан, авлигад идэгдсэн, ажил хийдэггүй нөхдийн тоо нэлээд нэмэгдэх нь дээ. Төсвийн зардлыг хумиж, төрийн бүтцийг цөөлнө гэсэн Засгийн газрын амлалт яасан бэ. Эдийн засгийн чөлөөт зах зээл гэж худлаа жүжиглэж байхаар хувьчилсан компаниудаа хурааж аваад эргээд социализмаа байгуулчихвал яасан юм бэ. Энэ байдлаараа бол ингэж магадгүй санагдаад байна. Төвөг цаашаа тэгвэл, төрдөө компаниа тушаачихья.
Ж.НЯМСҮРЭН