ОХУ-ын ерөнхийлөгч Путин Туркийн ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярихдаа Туркийн эсрэг авсан аялал жуучлалынхаа хоригийг дуусгавар болгохыг зөвшөөрсөн боловч Туркийн эрх баригчдыг Оросын иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр дорвитой алхам хийхийг зөвлөв.
2015 онд Сирийн газар нутагт Оросын нисгэгчийг буудаж, амь насыг нь хөнөөсний хариуд Москва Туркийн эсрэг хориг арга хэмжээ авснаар хоёр улсын харилцаа хөндийрсөн гэхэд болно.
Энэ хоригт визний асуудлыг чангатгаснаас гадна Турк руу нисэх нислэгт хориг тавих, Туркийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдхүүнийг ОХУ-д худалдаалах, Турк иргэдийг ажиллуулахыг тус тус хориглосон юм. Кремлийн хүсэлтийн дагуу ОХУ-ын аялал жуучлалын агентлагийн Турк чиглэлийн аялалуудыг зогсоох тал дээр мөн арга хэмжээ авсан байна.
Үүний улмаас Туркийн цэцэглэж байсан аялал жуучлалын салбар буурахын сацуу ар араасаа гарах террорист халдлагаас үүдэн уналтад орж эхэллээ.
Жилийн эхний хагаст Туркийн аялал жуучлал 16 хувиар буурсан бол энэ зуны зочид буудлын захиалга өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 40 хувиар буурчээ.
Аялал жуучлалын салбар нь Туркийн эдийн засагт маш чухал нөлөөтэй бөгөөд ҮНБ-ний 11 хувийг дангаараа бүрдүүлдэг аж.
Энэ долоо хоногийн эхээр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Владимир Путинээс уучлалт гуйсан бөгөөд Орос улсыг “найз бөгөөд стратегийн түнш” хэмээн тодорхойлсон нь ОХУ-тай харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаагийн илрэл аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RUSSIA TODAY