Ядаж байхад энэ жил ямар ч олон хоног амрах юм. Урьд нь гурав хоног нааддаг байсан бол энэ жил долоо хоног наадах болохоор наадмын төсөв нэмэгдэх нь тодорхой. Тэгээд ч бензин шатахууны үнэ өсөөд талх тариа гурил будаа, төмс ногоо, мах сүүний үнэ талийсан. Төсөв мөнгө, түрийвчинд байгаа хэддээ тохируулахгүй бол наадмаар “намирч”, дараа нь хямрахад хүрч болзошгүй шинжтэй. Хэдхэн хоног гэдсээ хагартал идэж уугаад бусад өдөр нь хоосон хонолтой нь биш. Цэнгэлдэх орж хуушуур зооглохгүй бол наадсан болохгүй. Морь үзэж, хөлсөнд нь хүрэхгүй бол хийморь сэргэхгүй. Найз нөхөд, ах дүүстэйгээ салхинд гарч, хорхог хийсний дараа л сая нэг баярласан болдог хойно. Тэгээд ч жилдээ нэг удаа болдог наадмаараа “нарийлаад” сууж байлтай нь биш. Бусдаас илүү гарч баярладаггүй юм аа гэхэд дутахгүйн тулд бүгд л хичээдэг шүү дээ. Энэ жил их гоё наадам болох юм гэсэн. Олон ч түүхт ой тохиож байгаа болохоор олон нийтэд үзэх юм их л байх бололтой дог. Мянган цэргийн жагсаал болж, 999 бяцхан морин хуурч цэнгэлдэхийг хөглөж, 1500 хүн урлагийн тоглолт үзүүлэхээр бэлтгэж байгаа гэсэн шүү. Монгол Улсын Засгийн газраас Хүннү гүрний түүхт 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойг Үндэсний их баяр наадмаар хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Тиймээс ч наадмын төсөв урьд өмнөхөөсөө хэд дахиан өссөн гэнэ лээ. Зөвхөн нээлтийн ажиллагаанд л гэхэд 120 сая төгрөг төсөвлөсөн бол түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг олгохоор болсон. Өмнөх наадмаар түрүүлсэн бөхийг хоёр сая төгрөгөөр л мялааж байсан юм. Түүнчлэн түрүү морины эзнийг өмнө нь 600 мянган төгрөгөөр мялаадаг байсан бол энэ жилээс таван сая болтлоо өссөн. Сур, шагайн харваанд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй харваачид тус бүр дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон гээд тоочвол төрийн наадмын төсөв талийна. Төсвийн зардал ирэх долоо хоногт суга өсөх дэг. Наадамд нийтдээ 1,3 тэрбумыг төсөвлөсөн гээд бод доо. Гэхдээ төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр бид үүнд санаа зовоод байх ч юу байх вэ. Харин иргэд наадмаар хичнээн төгрөг төсөвлөх хэрэгтэй вэ. Хичнээн төгрөг зарцуулах нь вэ гэдэгтээ л санаа зовох хэрэгтэй болоод байна. Жил жилийн наадмаар иргэд чамгүй мөнгө зарцуулдаг. Энэ жил урьд өмнөхөөсөө илүү мөнгө зарцуулах тооцоо гараад байгаа. Учир нь өнгөрсөн тав, зургадугаар сард нүүрлэсэн шатахууны хомсдолоос болоод бараа бүтээгдэхүүний үнэ цөөнгүй төгрөгөөр өсчихсөн. Инфляцийн өсөлт иргэдийн хэтэвчинд сөргөөр нөлөөлөх нь тодорхой.
Наадмаар нэг сайхан шинэ шөл уухыг хэн хүнгүй л хүсдэг. Тэр шинэ “шөл”-ний үнэ нь өнөөдрийн байдлаар 70-150 мянган төгрөг байна лээ. Гэхдээ нийслэлд энэ жилээс амьд хонь оруулахыг хориглосон учраас Налайх эсвэл Эмээлтээс очиж авч болох юм билээ. Тарган эр хонь 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол дундаж нь 100 мянга бүр бага нь 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин “Нарантуул”, “Баянзүрх”, “Хархорин” захуудад хонины мах нэг килограмм нь 3000-3600 төгрөгийн үнэтэй байсан. Үхрийн мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байгаа бол ямааны мах 2600-2700 төгрөгийн үнэтэй байна. Эндээс харвал хонь авахад дор хаяж 70 мянган төгрөг зарцуулах нь. Дан ганц мах чанаж идээд баярлахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр төмс, хүнсний ногооны үнэ ямар байгааг сонирхуулья. Нэг килограмм хятад төмс 700 төгрөг, монгол нь 1200 төгрөгийн үнэтэй байна. Харин манжин 4000 төгрөг, лууван 2000-2500 төгрөгийн үнэтэй байна лээ. Өргөст хэмх 1500-аас дээш 5800 төгрөг хүртлэх байсан. Ченжүүд махны үнэ өдрөөс өдөрт өснө гэж анхааруулсан. Тэр ч бүү хэл наадмын орой өмнө зарагддаггүй байсан үнэр орж, өнгө нь хувирсан махаа хүртэл шахчихдаг гэсэн шүү. Худалдан авагчид мэдээтэй л байгаарай. Харин наадмын дараа махны үнэ навс унадаг гэнэ лээ.
Дөрвөн их түүхт ойн баяр давхцаж байгаа болохоор энэ жилийн наадмын тасалбар нэлээд эрэлттэй байгаа бололтой. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар жинхэнэ наадмын нээлт ямар байдгийг харуулна гэдгээ амалсан болоод тэр үү иргэд энэ жилийн наадмын тасалбар авах гэж нэлээд хөөцөлдөөн болж байгаа гэх. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр өдрийн билет секцээсээ хамаарч 13000-24000 төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, 1, 2, 3, 4, 14, 15, 16, 17-р секц 24000, 9, 10-р секц 15000, 6, 7, 8, 11, 12, 13-р секц нь 13000 төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ нь тасалбарын албан ёсны үнэ. Ингэж онцолж байгаа нь албан бусаар наадмын тасалбарыг шаглах болсонтой холбоотой. Наадмын тасалбар хэдийнэ шагчдын гарт орчихсон бололтой, нэг тасалбар 50 мянган төгрөгт хүрээд байгаа гэх мэдээлэл байна. Түүнчлэн автомашины А, Д, Ж зөвшөөрөл 20000, Б 15000, Ү, М 10000, Г 8000, М зөвшөөрөл 3000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бас л албан ёсны үнэ. Албан бусаар автомашины А, Д, Ж зөвшөөрөл 45 мянган төгрөгт хүрчээ.