“PLAYTIME” дахь залуусын гангараа

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

“PLAYTIME” дахь залуусын гангараа

Загварлаг залуусын “амьд” үдэш болсон “Playtime” наадам энэ сарын 24, 25, 26-нд “Монгол шилтгээн”-д болж өндөрлөлөө. “Монгол залуус цаанаа л нэг загварлаг, мэдрэмжтэй болжээ” гэх үгс наадмын үеэр олонтаа сонсогдсон юм.

Наадамд оролцогчдод энэ жил Монголын хүүхдийн ордоны үүднээс автобусаар цаг тутамд үнэгүй үйлчлэв. Наадмын хоёр дахь өдөр хэдий ч автобусанд хүн дүүрэн. 40 минут явсны эцэст “Монгол шилтгээн”-д ирлээ.

Ихэвчлэн залуус. Энгийн мөртлөө цаанаа л этгээд хувцаслалтыг тэд цогцлоожээ. Уранхай жийнс, элдэв бичигтэй хар фудволк, халимаг стильтэй үс, хар дугуй шил… Охидын нийтлэг дүр зураг нэг иймэрхүү. Гэхдээ тэднээс тэс ондоо, уруулаа хараар будаж, үсээ хургачин охин шиг хувааж, монгол дээл, кейт өмссөн охин ч харагдана. Хотын гудамжаар хаа нэг харагддаг этгээд загварлаг залуусыг нэг дороос олноор харж болно. Тэд бүгд эрх чөлөөтэй, зөвхөн өөрийн хүссэнээр хувцаслаж, дүр төрхөө бүрдүүлсэн зоригтой залуус гэмээр…

Энэ наадам зуны улиралд болдог элдэв парти, үдэшлэгээс тэс ондоо. Наанадаж л богино юбка, өсгийтэй туфли өмсч, үсээ задгайлан гангарсан охид барагтай үзэгдэхгүй. Тэд хайнга. Биедээ эвтэйхнээр хувцаслана. Бас цэмцэгнэхгүй. Хаа тааралдсан газраа, тухалж болох хаа ч хайнгадуухан суух нь энүүхэнд. Тайзыг тойрсон зүлгэн дээр завилан суусан, хэвтсэн, гүйлдсэн залуус хаа сайгүй. Хэдий тийм ч тэд цаанаа л нэг этгээд. Жинсэн банзалыг израйл гуталтай хослуулан өмсөх жишээний. Рок, богем, хиппи гээд этгээд, содон хувцасласан залуус олноороо цугларчээ.

Наадмын үеэр хамгийн олон сонссон үг бол “Монгол залуус үнэхээр стильтэй болжээ” гэх үг байв.

Ингээд “PLAYTIME” наадам дахь залуусын гангараа, содон стиль бүхий зургийг үзнэ үү.

М.КЕЙТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: ZUGEERL FULL /FULLPHOTOGRAPHER/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж