Дуурийн театр 30 жилийн дараа шинэ хөшигтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

Дуурийн театр 30 жилийн дараа шинэ хөшигтэй боллоо

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолт бүрийн уур амьсгалыг бүрдүүлж, холболт хийдэг зөөлөн хөшгийг удахгүй шинэчлэх гэнэ. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу /ТИКА/-аас Дуурь бүжгийн эрдмийн театрын зөөлөн хөшгийг солих төслийг дэмжихээр 30 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаа аж.

Уг төслийн гэрээнд УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар өнөөдөр /2016.06.30/ гарын үсэг зурлаа.

ДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул “Дуурийн театрыг зорин ирж буй үзэгчдийг хамгийн түрүүнд угтаж, бүх тоглолтуудыг холбож өгдөг чухал хэсэг бол яахын аргагүй зөөлөн хөшиг юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон зөөлөн хөшгөө 30 гаруй жилийн солиогүй. Мөн зөөлөн хөшигний дунд зориулалтын дуу тусгаарлагч байхгүй учраас тайзны арын үйл явдал үзэгчдэд сонсогдох тохиолдол гардаг. Харин шинэ зөөлөн хөшиг маань дундаа дуу тусгаарлагчтай гэдгээрээ онцлог бөгөөд манай театрын хамт олонд маш их хувь нэмэр оруулж байгаа юм” гэв.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөөлөн хөшиг цагаан, хүрэн гэсэн хоёр өнгөтэй. Харин шинэ зөөлөн хөшиг нь хар, цагаан, хүрэн гэсэн гурван өнгөтэй бөгөөд дундаа дуу тусгаарлагчтай юм байна. Сарын дараа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр шинэхэн зөөлөн хөшгөө зүүх гэнэ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж