1996 оны УИХ-аас хойш УИХ-ын гишүүн асан, “казино” хочит Д.Энхбаатар, Д.Баттулга, Хууль зүйн сайд асан С.Батчулуун, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Хууль зүй дотод хэргийн сайд Ц.Нямдоржтон өөрөө, Хадгаламж банкны хэргээр У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар, сайд асан С.Отгонбаяр, АТГ-ын Ч.Сангарагчаа, Б.Сундуйсүрэн гээд гарын арван хуруун дээр хөлийнхөө арван хурууг нэмээд ч дөхөхөөргүй олон нөхдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байсан түүх бий билээ. Алин дээр нь ч УИХ “хэлэлцэхгүй” хэмээн гүрийж байсангүй. Хууль нь тийм юм чинь. Хэлэлцсэн хойноо харин эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой, боломжгүй гэдэг ялгавартай шийдвэрүүдийг л гаргаж байсан.
Хэдийгээр оройгоор хуулийн анги төгссөн бөхийг мэргэжлийн байнгын хорооны даргаар тавилаа гэж өөд уруугүй шүүмжлүүлж байсан ч гэсэн Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Хууль зүйн байнгын хороог тэргүүлж байх үед лав прокуророос оруулж ирсэн асуудлыг дутуу дулимаг ч бас л хэлэлцэж байв. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Б.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн ч хоёр шатны шүүхээс түүнд 2,4 жилийн ял өгчихөөд байгаа. Харин энэ удаа л Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “Прокурорын саналыг УИХ-аар хэлэлцэхгүй” гэдэг хариултыг хоёр дахь удаагаа хэлээд байгаа юм. Үндэслэлээ “УИХ-ын гишүүнийг гэмт хэргийн газар үйлдэл дээр нь гардаагүй бол эрхийг нь түдгэлзүүлэх асуудал байхгүй” гэж тайлбарлаж байна. Уг нь хуулинд “УИХ-ын гишүүн хүн гэмт хэргийн үйлдэл дээр баригдсанаас бусад тохиолдолд хорьж саатуулж болохгүй. УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шалгалтыг явуулах ёстой” гэдэг заалт хуучин үйлчилж байсан шиг билээ. Харин Д.Одбаяр даргын үед хууль хүртэл хоёр нүүртэй болдог юм байна.
Тэгээд ч Д.Одбаяр дарга ядахдаа хуулийн дагуу прокрорын тавьсан шаардлагыг УИХ-д оруулж хэлэлцүүлээд албан ёсны шийдвэр гарсны дараа ингэж ярьж байгаа бол ч бас яая гэх вэ. Тэртэй тэргүй МАН-ынхан хүнийхээ олноор хүч түрээд хүмүүсээ хамгаалаад сурчихсан юм чинь. Гэтэл асуудлаа хэлэлцүүлэлгүйгээр байнгын хороо, УИХ-ын нэрийн өмнөөс ингэж том дуугарч байгаа нь бүр ч гайхалтай. Сануулахад МАН-ын бүлгийн хүчин чартайлтаар бүрэн эрхийг нь хамгаалж үлдсэн АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, Б.Сундуйсүрэн нарт хоёр ч шатны шүүхээс ял оноож, хорих ангид шилжүүлчихээд байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “Ерөнхийлөгч дараачийн хүнийг оруулж ирвэл УИХ АТГ-ын даргыг томилоход бэлэн” гэж байсан Д.Одбаяр гишүүн саяхнаас “Дээд шатны шүүхийн шийдвэр гартал АТГ-ын дарга нарыг албан тушаалаас нь огцруулсанд тооцохгүй” хэмээн адарсан байна лээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын байр суурь ингэж ойр ойрхон эргэж буцаад байгаагаас харвал хуулиас гадуур өөр нэгэн “үл үзэгдэх гар” түүнийг хөдөлгөж байгаа бололтой. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл ч юм уу.
Хамгийн сүүлд тус намын Удирдах зөвлөл намын бүлэгтээ өгсөн “Сонгуулийн тогтолцоог пропорциональ давамгайлсан 50:26-гаар биш, мажоритари давамгайлсан 24:52-оор явуул” гэдэг шахалтын ард ч гэсэн МАХН-ыг улс төрийн намын жагсаалтад бүртгэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр гогцоо болон харагдаж байгаа юм. Гурван сар гаруй хүлээлгэсэн Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа нөхдүүд “Ерөнхийлөгч л үүрэг өгсөн учраас Дээд шүүх бүртгэчихлээ” гэж нэг хэсэг сонин хэвлэлийнхнийг самардсан. Хоёр намын хооронд үүссэн сонгуулийн тогтолцооны маргаан ийнхүү УИХ, Ерөнхийлөгч, тэндээс томилогддог Дээд шүүх, Ерөнхий прокурорыг хамарсан маргаан болж, төрийн институциудын хооронд гацаа үүсгэж байна. Би байхгүй бол чи ч гэсэн байхгүй гэсэн явуургүй, башир арга нь л тэднийг тогтоон барьж байна.
Дээр нь саяхан тус намын бүлгээс Ардчилсан намын бүлэгт тавьсан шаардлага нь “Тавантолгойнхоо асуудлыг урагшлуулья гэж бодож байвал Сонгуулийн хуулиа манай саналаар явуул” гэсэн тулгалт. Хэрвээ сонгуулийн тогтолцоог МАН-ын захиалгаар хийхгүй бол УИХ ч, Засгийн газар ч, тэр бүү хэл Ерөнхийлөгчийн институциуд ч гацаанд орох юм байна л даа. Ийм л нэг хуулиас дээгүүр, төрөөс ч өндөр эрх мэдэлтэй МАН гэдэг “мангаа” бидний толгой дээр сууж байгаа юм байна. Хэдийгээр хоёр намын Засгийн газарт эзэлж буй суудал тэнцвэртэй биш ч гэсэн улс төрийн нам гэдэг утгаараа адил тэнцүү үүрэг, хариуцлага хүлээхээр гэрээ хийж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ. Тэр утгаараа хоёр нам хамтарсан Засгийн газрын гэрээний өмнө яг адил үүрэг хүлээж, хамтарч ажиллах ёстой. Харин одоо харвал Ардчилсан нам бол тэдний хаяанд сууж, хар бор ажлыг нь гүйцэлдүүлдэг айлын зарц, харин МАН хэмжээгүй эрхт эзэн болсон юм байна.
Тэгвэл энэ хуулиа биелүүлдэггүй, гэрээгээ ч сахидаггүй, адайр зантай айлын авгай шиг олон ааштай МАН-ыг ахиад сонгох хэрэг байна уу. Мажоритариар сонгуулиа явуулчихаар л МАН ялчихдаг гэж ер нь хэн хэлсэн юм бэ. Тэр Тавантолгойн хэлэлцээр ч, тогтолцооны маргаан ч МАН-тай хамт чөтгөр лүүгээ тонилог. Зүгээр л өдий хүртэл явж ирсэн тэдний энэ дүрэмгүй тоглоомыг марталгүй шиг санаж байгаад ирэх сонгуулиар эргэлт буцалтгүйгээр халж орхиё. Өөрчлөлтийг зогсоож байгаа биш, зүтгүүлж байгаа хэсэгт нь саналаа нэмэрлэцгээе. Одоо байгаа хуулиа олигтойхон шиг мөрдөж, мөнгө амласан, тараасан, сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн бүгдийг нь байх ёстой газар нь байлгаж, илүү эрүүл саруул, цэвэр тунгалаг хүмүүсийг нь гаргаж ирцгээе. Эрх биш энэ хэмжээний эр зориг Монголын ард түмэнд байгаа байлгүй дээ.