“Мажоритар, эсвэл пропорциональ давамгайлсан сонгуулийн тогтолцоотой байх уу”. Энэ бол хэдхэн хоногын өмнөх гол маргаан байлаа. Үүний дараа асуулт өөрчлөгдсөн ч маргаан хэвээрээ л байв. Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү?
АН –ын бүлэг сонгуулийн тогтолцооны талаар Ард нийтийн санал асуулга явуулах нь оновчгүй гэж үзсэн бол МАН-ын бүлэг байр сууриндаа хатуу зогсохоо мэдэгдсэн. Ингээд энэ талаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг сонирхлоо.
Буруу гэж бодож байна. Явуулах гэж байгаа асуудал нь сонгуулийн тогтолцоо нь ямар байх тухай байх нь ойлгомжгүй. Тэгээд ч ийм асуулт ард түмэндээ тавьж байсан тохиолдол дэлхийн аль ч оронд байдаггүй. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдгийг парламентад суудалтай болон гаднах улс төрийн намуудтай хэлэлцүүлэг хийж, УИХ асуудлыг эцэслэдэг. Энэ нь ард түмнээс асуудаг асуудал биш. Гэтэл энэ асуултыг ард түмнээс асууж байгаа нь асуудлыг шийдэж чадахгүй болсныг нь харуулж байгаа юм.
Я.БАТСУУРЬ: ШИЙДВЭР ГАРТАЛ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭХГҮЙ
-Ард түмний санал асуулгын талаар гишүүдийг бүлгийн хуралдаанаас шийдвэр гартал ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байхыг үүрэгдсэн.
О.ЧУЛУУНБАТ: УИХ ЭНЭ ХУУЛИА ШИЙД ГЭЭД БИДНИЙГ СОНГОСОН
Анхны хэлэлцүүлгээ хийсний дараа ард түмнээсээ асууна гэж юу байсан юм бэ. Асуух л байсан юм бол анхнаасаа асуух ёстой байсан. Анхны хэлэлцүүлгээ хийсний дараа ард түмнээс асуухаар 76 үүргээ гүйцэтгэх чадваргүй хүмүүс болж хувирна. Үндсэн хуулийг бол ард түмнээсээ асуух нь зөв. Харин Сонгуулийн хуулийн хувьд ард түмэн УИХ энэ хуулиа шийд гээд биднийг сонгосон. Тэгэхээр шийдвэрлэж чадахгүй бол бид чадваргүй хүмүүс болох гээд байна.
Ө.ЭНХТҮВШИН: ЗАРЧМЫН ХОЁР АСУУЛТ Л БИЙ ШҮҮ ДЭЭ
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахад төвөгтэй нь үнэн. Хугацаа шаарддаг. Ардчилсан намынхны хэлж байгаачлан Сонгуулийн хуулиар санал асуулга явуулахад бэлтгэл хангаад байх зүйлгүй. Хүнээ сонгох уу, намыг нь эхэлж сонгоод нам нь хүнээ сонгох зарчмыг авах уу гэсэн хоёр асуулт л бий. Зарим хүн 10 тэрбум төгрөгийн зардал гарна гэж байгаа. Бидний тооцоогоор гурав орчим тэрбум төгрөгт багтана. Тойрог, хэсгийн хороонд ажиллах хүний цалин, сурталчилгааны зардал л гарах байх. Санал асуулгыг Сонгуулийн хуулиар явуулбал амжина. Ирэх есдүгээр сард багтаах бололцоотой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явуулахад оны төгсгөл рүү байж болно.
Ж.ЭНХБАЯР: ГОЛ ВАКЦИН БОЛ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА
2012 оны сонгууль улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, улс төрийн хучин чадалтай болгох ёстой. Өнөөдөр улс төрийн хоёр том нам зарчмын ийм хол байр суурьтай байгаа нь ирээдүйн аюулыг бий болгож байна. Үүн дээр нь янз бүрийн тоглолтууд бий болж болзошгүй гэж би бодож байгаа. Үүнээс л урьдчилан сэргийлэх гол вакцин бол бүх нийтийн санал асуулга. Ард түмнээсээ асуух. Гэтэл АН жалга дов, тэр орон нутаг, малчин ард түмнээсээ яагаад татгалзаад байгааг би ойлгохгүй байна. Тэр жалга довонд чинь Монгол орны үнэт зүйл тээгдэж байдаг юм