СОНГУУЛИЙН ҮР ДҮН НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХУВЬД УЛС ТӨРИЙН “ЦУНАМИ” БАЙЛАА
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрээр,
-“НИТХ-ын сонгуулийн дүн гарч Нийслэлийн Ардчилсан нам 11 суудал, МАН үнэмлэхгүй ялалт байгуулжээ. Юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороо маш зохион байгуулалттай ажилсанд талархал илэрхийлж байна. Дараа нь биднийг дэмжсэн сонгогчиддоо талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэл хотод ид шидтэй мэт бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна. Нийслэлийн амьдрал өөр болсон гэдэгт санал нэгтэй байгаа байх. Иргэдийн зүгээс дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон байх гэж найдаж байна. Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ энэ сонгуулиар бүтээн байгуулалтаас илүү харлуулсан хүнийг олон түмэн дэмжлээ. Утга учиргүй хүнийг гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж бодлог гэдгийг харууллаа” гээд МАН-ынхан НИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрч, "МАН-аас бор халзан хонь ч сонгогдохоор ийм сонгууль болсон" гэв.
ДАРААГИЙН ЭРХ БАРИГЧДАД ЗАХИХ ГУРВАН ЗҮЙЛ БАЙНА
Нэгдүгээрт, Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар Улаанбаатарын утаа, эдийн засгийн хямралаас гарах өөр арга зам байхгүй. Тийм учраас эрх баригчид үүнийг ойлгож, бидний эхлүүлсэн “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, “Төрийн үйлчилгээний супер маркет” эхлүүлсэн. Энэ нь дарга нарын ширээний доор нуудаг эрх мэдлийг төрийн үйлчилгээний супер маркет-ын лангуун дээр тавьж ард иргэддээ үйлчилдэг засаг захиргаа бий болгох ажил эрчимтэй эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ авсан байдаг. Ер нь ард иргэдээ далайлгаж, дарамталсан, дарга нарын захиргааг бий болгож болохгүй. Манай нийслэлийн ард иргэд төрийн үйлчилгээг хүртэж, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй хүмүүс шүү.
Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг гацааж, зогсоож болохгүй. Энэ хөтөлбөр бол нийслэлийн соёл урлагт бодитой дэмжлэг үзүүлсэн юм. Гэтэл зогсчихвол харамсалтай. Нэн ялангуяа даншиг наадмыг улстөржүүлж зогсоож болохгүй. Даншиг наадам эхэлж байхад ардын хувьсгалын наадамтай өрсөлдүүлж ийм юм хийж байна гэх буруу ташаа ойлголт төрүүлэхээр мессеж цацагдаж байсан. Би зориуд хэлмээр байна, тийм санаа бодол байгаагүй. Ер нь “Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг татах боломж нэмэгдсэн юм шүү. Мэдээж хэрэг газрын наймаа, газрын авлигал зогссон” гэлээ.
Э.Бат-Үүл: МАН-ынх бол бор халзан хонь ч гарахаар сонгууль боллоо
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Ардчилсан намын удирдлагууд сонгуульд ялагдал хүлээсэн тул хариуцлага үүрнэ гэдгээ мэдэгдсэн. Та бүхэн хариуцлага хүлээх үү?
-Хүлээнэ. Өөрөөр хэлбэл би нийслэлийн намын даргын хувьд нийслэлийн Ардчилсан намын зөвлөх хорооны хурлыг хуралдуулаад намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина.
-Нийслэлийн Ардчилсан нам ялагдал хүлээсэн нь Ардчилсан намын нэр хүнд муу байсантай холбоотой гэдэг дүгнэлтийг зарим хүмүүс хэлж байна. Үүнтэй та санал нийлж байна уу?
-Санал нийлэхгүй байна. Нэгэнт гарсан үр дүнг мэргэн түргэн тайлбарлах хүмүүс захаас авхуулаад гарна. Гэхдээ хэнч зөв тайлбар өгч чадахгүй. Би өмнө нь хэлсэн МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч гарахаар сонгууль болсон. Түүнээс бол янз янзын хүчин зүйлүүд, янз янзын тойрог дээр янз янзаар үйлчилсэн. Хэрэв Ардчилсан намын нэр хүндээс болж ялагдал хүлээсэн гэх гээд байгаа бол бид аль ч тойрог дээр суудал авахгүй байсан.