Шинэ Юндэн, Нансалмаа хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

Шинэ Юндэн, Нансалмаа хэн бэ?

МУГЖ Э.Амартүвшин, СТА Ш.Наранчимэг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалтыг өнөөдөр /2016.06.30/ 11.00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа эхэллээ.

Монголын сонгодог ноён оргил болох "Учиртай гурван толгой" дуурийг хоёр жилдээ Чингис хааны нэрэмжит талбайд тоглох бөгөөд уг дуурийг үндэсний их баяр наадмын үеэр буюу ирэх сарын 10-нд юм.

Ууган дуурийн сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин оролцож байгаа бөгөөд дуурийн Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, Б.Шинэбаяр, Э.Бумхүү, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс нар өрсөлдөх бол Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, Л.Нарангэрэл, Б.Долгормаа, Б.Энхнаран нар оролцоно.

Харин уг дуурийн эсрэг дүр болох Хоролмаад С.Баттүшиг, Ө.Уянга, Ш.Наранчимэг өрсөлдөх бол Балганд Б.Алтанхуяг, С.Бат-Эрдэнэ, О.Хүрэлбаатар, Ж.Бямбажав, Э.Бумхүү гэсэн таван Балган өрсөлдөж байна.

"Учиртай гурван толгой" дуурийг хоёр дахь жилдээ Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулах бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Б.Жавзандулам, МУГЖ М.Болд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нарын долоон шүүгч ажиллах гэнэ.

Мөн сонгон шалгаруулалтыг явуулахдаа дуучны нотны бүрэн дуулалт, дуулах, жүжиглэх ур чадвар, тайзны соёл гэсэн дөрвөн үзүүлэлтээр 25 хүртэлх оноогоор дүгнэх юм байна. Дашрамд дуулгахад шалгарсан гол дүр тус бүр 10 сая төгрөгийн шагналтай ажээ.

Өнгөрсөн жил “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг нар шалгарсан юм. Шалгарсан гол дүрүүд ирэх сарын 1-нээс бэлтгэлдээ орох юм байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж