Сонгуулийн ХАМГИЙН ХАМГИЙН

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ХАМГИЙН ХАМГИЙН

ШИНЭ ПАРЛАМЕНТЫН СОДОН ӨНГӨ

Сонгууль  дууслаа. Ард олон сонголтоо хийлээ. Дараа, дараагийн сонгууль даанч хол байна даа. Ирэх дөрвөн жилд төр барихаар ард олноосоо итгэл хүлээсэн УИХ ямар өнгө төрхтэй бүрэлдэж буйг товчхон тодорхойлъё.


  • 2016-2020 оны парламентын олонхыг МАН-аас сонгогдсон 65 гишүүн бүрдүүлж байна. Тэдний хувьд хамгийн ахмад нь УИХ-ын анхны чуулганыг даргалах юм.

  • Шинээр бүрэлдэх парламент хамгийн олон шинэ гишүүнтэй. 76 гишүүний 40 нь УИХ-д шинээр сонгогдож буй “нялх Сэнгүм”-үүд. Тэдний дотор төрийн албанд ч анх удаагаа зүтгэж буй нь цөөнгүй.

Хамгийн залуу гишүүн Д.Гантулга

  • Хамгийн залуу гишүүн нь 29 настай. Гучин насны босго алхаагүй байхдаа төрийн түшээ болж байгаа гурав дахь тохиолдол болон бичигдэж байна. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 27, 28 насандаа төрийн түшээгээр сонгогдож байжээ. Шинэ парламентийн хамгийн залуу гишүүн нь Д.Гантулга. Тэрбээр  Хэнтий аймгийн НАМОХ-ны тэргүүнээр ажиллаж байгаад УИХ-ын 42 дугаар тойрогт өрсөлдөн,  5735 санал авчээ.

  • Хамгийн олон эмэгтэйчүүдтэй парламент. Шинэ парламентийн 76 гишүүнээс 13 нь эмэгтэйчүүд юм. Энэ нь өмнөх УИХ-ын 11 эмэгтэй гишүүний тоог ахиулсан үзүүлэлт юм. Шинэ парламентийн эмэгтэй гишүүдийн 12 нь МАН-ын гишүүд бол АН-аас З.Нарантуяа ганцаар эмэгтэйчүүдийг төлөөлөн сонгогджээ.

  • Шинэ сонгуульд хэлэмгий, нүүрэмгий, хэнээс ч айлгүй санаа бодлоо илэрхийлчих чадвартай, мэдрэмжтэй, нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч сэтгүүлч мэргэжилтнүүд олон сонгогдов. Тэр дундаа эмэгтэй гишүүдийн гурав нь зохиолч, сэтгүүлчид ажээ. МАН-аас  сонгогдсон Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар үг, үзгээ хурцлан төрийн үйлд зүтгэхэд бэлэн болоод байна.

Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат

  • Бөхгүй парламент бараг үгүй.  Тэгвэл шинэ парламентад сонгогдсон бөхчүүд бүгд аварга цолтой,  монгол түмний хүндлэл хүлээсэн бөхчүүд гэдгээрээ онцлог. Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар УИХ-д “зодоглоно”.

  • 2016 оны сонгуульд хамгийн олон сонгогчийн санал авч, төрийн түшээ болж буй хүн бол Булган аймгийн 10 дугаар тойргоос сонгогдож буй Ж.Бат-Эрдэнэ юм. МАН-аас нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэд 16329 хүн санал өгчээ. Түүний араас Ч.Улаан 16133, Б.Дэлгэрсайхан 15606, Ш.Раднаасэд 14439, Т.Аюурсайхан 12704, Х.Нямбаатар 12190, Л.Энх-Амгалан 12075 нар жагсчээ. Бие даан нэр дэвшигч С.Жавхлан 11029 хүний санал авч, УИХ-ын гишүүн болж байна.

Ц.Даваасүрэн

  • Харин хувиар тооцвол хамгийн өндөр хувиар ялалт байгуулсан хүн бол Ц.Даваасүрэн. Тэрбээр Хөвсгөл аймгийн 38 дугаар тойрогт нэр дэвшиж, нийт сонгогчдынхоо 63,75 хувийн итгэлийг хүлээжээ.  Тэгвэл хамгийн бага хувьтай гарсан нь Лу.Болд аж. ХУД-т нэр дэвшсэн Лу.Болдод нийт сонгогчдын 29,67 хувь буюу 5226 хүн  санал өгсөн байна.

О.Баасанхүү

  • Хамгийн цөөн хүний саналаар УИХ-д сонгогдож буй нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм. Орхон аймгийн 47 тойргийн  4222 сонгогч буюу сонгогчдын 30,1 хувь нь түүний төлөө саналаа өгчээ. Мөн Б.Пүрэвдорж 4492, Д.Дамба-Очир 4728 нар цөөн хүний саналаар УИХ-д суух эрх өвөртөлсөн гишүүдийн тоонд багтаж байна.

Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу, С.Эрдэнэтуул

  • Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ураг саднаараа нэр дэвшсэн нь олонтаа. Эцэг үр, эгч дүүс, эхнэр нөхөр,  баз хүргэчүүл гээд гэр бүлийн хүрээнийхэн сойлгод оролцож,  тун чиг сонин найраг үүсгэсэн.  Тэднээс нэг тойрогт мөргөлдсөн нь ч бий. УИХ-ын 35 дугаар тойрогт  Ховд нутгийн хөвгүүд болох С.Бямбацогт, С.Батцогт хоёр нэр дэвшснээс С.Бямбацогт дахин УИХ-д сонгогдсон бол С.Батцогт бүдэрчээ.  Завхан аймагт нэг тойрогт нэр дэвшсэн ах дуу Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу хоёрын хэн нь ч ялагч болсонгүй. Харин Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Б.Саранчимэг, Б.Наранхүү

  • Эгч дүү гишүүд энэ сонгуулийн бас нэгэн содон өнгө. УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16 дугар тойргоос нэр дэвшиж,  яалалт байгуулсан бол түүний төрсөн эгч Б.Саранчимэг МАН-аас нийслэлийн Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшин гарч ирлээ. “Мон уран”-ы гэх тодотголоор олны танил болсон Монголын тэргүүн баячуулын нэг Б.Наранхүү намынхаа ч гэр бүлийнхээ ч нэр хүндийг цайз мэт хамгаалж чадлаа.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж