Асуудлаа шийдэхгүй бол бослого л гарна даа

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Асуудлаа шийдэхгүй бол бослого л гарна даа

Э.БАТ-ҮҮЛ: АСУУДЛАА ШИЙДЭХГҮЙ БОЛ БОСЛОГО Л ГАРНА ДАА


УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Та хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж гарын үсэг цуглуулна гэж байсан. Тэр асуудал юу болж байна. УИХ-ын гишүүд дэмжих юм уу?

-Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн гаргах эрхтэй. Гэхдээ УИХ-ын 19 гишүүн саналыг нь дэмжсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцдэг. Би дэмжсэн 19 хүний гарын үсгийг цуглуулаад л явж байна.

-Одоогоор хэдэн хүн гарын үсэг зураад байна?

-Ойролцоогоор арваад хүн зурсан. Дээрээс нь нэмэгдэх байх аа
.
-УИХ-ын гишүүдтэй уулзалдах­гүй байна уу. Эсвэл таны саналыг дэмжихгүй байгаа учраас энэ хугацаанд гарын үсэг зурсангүй юу?

-Уулзаж чадахгүй байна. Уулзсан зарим нь гарын үсгээ зурсан.

-Наадам дөхөөд, уяачид маань морио уяхаар явчихаж уу. Төрийн ордонд ажил хийж байгаа хүн ховор харагдаж байна?

-Тиймэрхүү л байдалтай байна даа.

-Сая Тавантолгойн гүйцэтгэгч компаниудыг тодорхой болгочих шиг боллоо. Энэ талаар нээлттэй мэдээлсэн юм алга. Танд мэдээлэл ирсэн үү?

-Бидэнд ч мэдээлэл алга. Энэ тухай мэдээлэл муу байна.

-Гадаадын хэвлэлүүд биднээс илүү мэдээлэлтэй, гүйцэтгэгч тодорхой болсон гээд байгаа шүү дээ. Гэтэл өөрсдөө юу ч мэдэхгүй байх юм. Хятад 40, Орос 36, АНУ-ийн компани 24 хувийн оролцоотой гээд л?

-Ер нь Засгийн газар энэ тухай мэдээлэх ёстой. УИХ-д, ард түмэндээ мэдээлэх ёстой зүйл. Манайхан гадны хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл авах ёсгүй шүү дээ. Гэтэл Засгийн газар яагаад мэдээлэхгүй байгааг л гайхаад байна. Яагаад УИХ-д танилцуулахгүй, нуугаад байгаа юм. УИХ-ын гаргасан тогтоолд ч энэ тухай тусгаж өгсөн. Энэ асуудлыг шийдэхдээ иргэдэд нээлттэйгээр шийднэ шүү гэж. Нээлттэй байдлаар асуудлаа тавьж, тэр тухай нарийн мэдээллийг хэлэх л ёстой шүү дээ.

-Сонгуулийн тогтолцоо гэж ярьсаар байгаад л Сонгуулийн хуулийг гацаанд оруулж, шийдэж чадалгүй хаврын чуулган завсарлах нь тодорхой болчихлоо. Хуучин хуулиараа явуулахаар зүтгээд байна уу?

-Хамгийн гол нь бид нэг юмыг их тодорхой ойлгох хэрэгтэй байгаа юм. УИХ-ын Дэгийн тухай хуулиар хэлэлцүүлэг нь зүв зүгээр явж байсан Сонгуулийн хуулийг гацаачихлаа. Энэ хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийчихсэн шүү дээ. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөл шууд зогсоочихлоо. Тэгээд бүр УИХ-аар яригдаагүй, тийм утгагүй шийдвэрийг оруулж ирж л УИХ-ын бүрэн эрхэнд халдчихлаа шүү дээ. Ер нь УИХ үйл ажиллагаагаа явуулж чадах юм уу, үгүй юу гэдэг асуудал яригдах нь шиг байна. Нэг намын Удирдах зөвлөл төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдчихлаа. Зүгээр ч эрх биш шүү. Бүр онцгой бүрэн эрхэд нь халдаад энэ ажлыг гацаачихлаа.

-МАН-ын, Ардчилсан намын гишүүдийн санаачилсан хоёр хуу­лийн төсөл анх явж байсан. Хоёулаа л пропорциональ тогтолцоогоор сон­гуулийг явуулна гэсэн төсөл ха­раг­даж байсан шүү дээ. Гэтэл гэ­нэт мажоритари яриад уналаа. Хэлэл­цүүлгийг нь хийчихсэн байхад шүү. Ийм юм байж болдог юм уу?

-Харин бүр гайхаад байна. Сонгуулийн дараахан МАН-ын өөрсдийнх нь гаргасан шийдвэр бий. Сонгуулийн тогтолцоогоо сонгогчдын санал парламентад илүү тусдаг хэлбэрээр өөрчилнө гээд. Түүгээр ч барахгүй энэ намын Бага хурал зөвлөмж гаргасан. Өөрөөр хэлбэл, пропорциональ давамгайлсан сонгуулийн хууль байна гээд. Гэтэл Удирдах зөвлөл нь өнөөдөр бүр УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж, хууль хэлэлцэх үйл ажиллагааг бүгдийг нь зогсоочихлоо.

-УИХ дахь МАН-ын дарга Сү.Батболд “З.Алтай байхад Ардчил­сан намаар яадаг юм” гэж байсан. Үнэхээр МАН дангаараа асуудлаа шийдэх гээд байна
уу?

-УИХ-ын чуулган дээр би хэлээд л байгаа юм. Нэгдүгээрт, аль болох шу­дарга сонгууль болох ёстой. Хоёр­дугаарт, 2012 оноос эхлээд аль болох улс төрийн намуудын оролцоотойгоор парламент нь ажиллах ёстой. Нэг хэсэг нь төрийн эрх барих дээд байгууллагыг эзэлчихсэн, нөгөөдүүл нь гудамжинд явдаг байж таарахгүй. Сонгуулийн хуулийг хэлэлцэж байхад бид бусад намуудаас санал авсан. Иргэний байгууллагуудын саналыг тусгасан. Бүр эмэгтэйчүүдийн байгууллагаас ч санал ирүүлсэн. Ингээд нэгтгэхээр нийтээрээ пропорциональ давамгайлсан байна гэсэн дүгнэлтэд хүрээд дараагийн алхамыг хийгээд явсан. Тэгсэн чинь л МАН-ын Удирдах зөвлөл ганцхан хуралдаад л зогсоочихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг Ардын намын Удирдах зөвлөл удирдаж байна шүү.

-Энэ хууль гацаанаас гараад цааш явлаа гэж бодьё. Тэглээ гэхэд энэ ер нь хэр төсөл вэ. Өмнөхөөсөө юугаараа илүү, дутуу хууль гэж та харж байна.  Зарим хүний тайлбарлаж байгаагаар нэр дэвшигч сонгуулийн будилааны талаар гомдол гаргах эрхгүй юм билээ?

-Нэр дэвшигч будилааны талаар өргөдөл гомдол гаргаж болно. Гэхдээ тодорхой хугацаатай. Тэр хугацаанд өргөдөл, гомдлын хариуг өгөх ёстой. Хугацаа заачихсан. Тэгэхгүй болохоор сонгуулийн будилааны асуудал хугацаагүй маргаан болоод хувирчихдаг шүү дээ. Сонгуулийн үйл ажиллагааг зогсоочих аюултай байхгүй юу. Ийм л заалт оруулсан. Нэр дэвшигч өргөдөл, гомдол гаргаж болохгүй биш, болно. Гэхдээ тэр өргөдөл, гомдлыг хэлэлцэх хугацааг бол тодорхой болгож, хязгаарлаж өгсөн. Жишээлэхэд, зарим нэг тойргийн маргаан хоёр жил сунжраад, тойргийнх нь төлөөлөгчийн суудал эзэнгүй байсан түүх бий.
Нуулгүй хэлэхэд, МАН-ын нөхөд 2012 онд яавал бидэнд ашигтай байх вэ гэж бодоод байгаа юм. Яавал ард түмэнд ашигтай хувилбар байх вэ гэж бодохгүй юм. Эцсийн бүлэгт сонгууль яаж явах ёстой вэ гэхээр шударга л болох ёстой. Шударга явуулахад илүү ойрхон тогтолцоо нь юу байж болох вэ гэдгийг л ажлын хэсэг ярьсан шүү дээ. Сүүлдээ хардах боллоо. Тойргоо өмчлөөд, бараг л хувьчлаад авчихсан нөхөд л ийм будилаан тавьж байгаа юм байна гэж хардаад байна.

-Удирдах зөвлөл гэхээсээ илүүтэй өнөөгийн УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд ахиж гарч ирэхийн тулд мажоритарийг зүтгүүлээд байгаа юм биш үү?

-Тэгвэл гишүүд түүнийгээ УИХ-ын чуулган дээр ярих ёстой байхгүй юу. Тийм биз дээ.

-Харин?

-Шууд ил, тод яриад “Бид ингэж байна” гээд. Тэгэхгүй Удирдах зөв­лөлөөрөө шийдвэр гаргуулж, ард түм­ний элч гэдэг өөрийнхөө эрхэндээ хал­дуулж, намын элч болж ерөөсөө болохгүй.

-Өөрсдийнхөө хүссэнээр аливааг батлуулчихдаг боллоо. Тэдэнд өөр хүн хэрхэн бодож, хүсч байгаа огт падлийгүй.

-Тийм.

-Жишээ нь, бидэнд өгч байгаа мөнгө биш гэдэг хэрнээ тойрог тойрогтоо тэрбумыг батлаад тарааж байна. Тэгснээ мөнгөө гаргуулсан хойноо “Би тэрбум төгрөгөөрөө тойрогтоо тийм юм хийлээ” гээд л бүр дэмийрдэг болсон?

-Харин тийм. Улс төрийг улам их ээдрээтэй, будилаантай болгож байна, тэд. Энэ бүх зүйл нь ямар үр дагаварт хөтлөөд хүргэхийг ерөөсөө ойлгохгүй байна шүү дээ. Одоо энэ хэвээрээ улс төр нь ээдрээтэй, будилаантай, асуудлаа шийдэж чадахгүй хэвээр байх бол бүх нийтийн бослого л болно доо. Тэгэхээр улс орон хүчирхийлэл, мөргөлдөөнд автаад тогтворгүй байдалд л живнэ гэсэн үг биз дээ. Үүнийг УИХ-ын чуулган дээр би удаа дараа хэлсэн. Дахиад хэлье. Надад ашигтай гэж бодохоосоо илүү нийтийн ашиг сонирхолд нийцэх хууль нь юу вэ гэдэгт хариу өгөх ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр ийм мухардсан байдалд аваачих нь цаашлаад Үндсэн хуулийн хямрал болно. Тогтвортой байдлыг байхгүй болгоно. Ер нь их аюул руу хөтөлнө шүү.  

-Эхнээсээ тэр тогтворгүй байдал гараад эхэллээ. Иргэд та нарт итгэхээ болиод өөрсдөө хүчээр асуудлыг шийдэх гэж оролдлоо шүү дээ. Бэлэн жишээ нь “Гал үндэстэн” холбооны хийсэн үйлдэл байна?

-Гарахаар барах уу. Нэн ялангуяа Монгол Улс их баялагтай, олон улсын сонирхлыг ихээр татсан ийм улс оронд тогтворгүй байдал руу түлхэх л юм бол гал асдаг юм. Яаж ингэж болох юм бэ. Би бүр гайхаад байна.

-Монголдоо арай бодитой судалгаа хийдэг гэдэг “Сант марал” саяхан судалгааныхаа дүнг танилцуулсан. Гэтэл тэр судалгаагаар үл итгэгч нарын нийгэмд эзлэх байр суурь бэхжиж, өссөн гэсэн тоо гарсан байна лээ?

-Тэгэлгүй яах вэ.   

-Энэ төрлийнхөн олширвол хэн нэгэн дарангуйлагч ашиглаад төрийн эрхийг гартаа авах тохиодол олон бий. Түүнээс болгоомжлох ёстой юм биш үү. Гэтэл бүр л тэнэг алхам хийгээд байх юм, улстөрчид?

-Хар л даа. УИХ ажиллаж чадахгүй боллоо. Асуудлаа шийдэж чадахгүй байна. Уг нь биднийг чинь сонгоод, та нар асуудлыг шийд, нийгмээ удирд, тийм онцгой бүрэн эрхийг олгоё гээд явуулж байхад бид “Асуудлаа шийдэж чадахгүй байна” гээд суух нь. Тэгвэл ийм төрийг тараагаад, өөрөөр байгуулахаас өөр замгүй.

-УИХ дахь МАН-ын бүлэг хууль ёсны чадвартай байж чадах уу, та юу гэж боддог вэ. Өмнө нь Ардчилсан эвсэл нэртэй сонгуульд оролцсон намууд тарахад Ардчилсан нам бүлэг байгуулах эрхгүй болсон шүү дээ?

-Энэ талаар маргаан үүсгээд, шүүх авч хэлэлцээд эцсийн шийдвэр гаргавал чадвартай эсэх асуудлыг бид хариулж чадна. Одоохондоо маргаан үүсгэсэн хүн, шүүхийн шийдвэр алга. Өнөөдөр МАН хууль эрх зүйн чадвартай эсэхийг зүгээр л яриад байх юм. Зүгээр ярих биш шүүхэд асуудлаа тавих л ёстой шүү дээ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад бид янз бүрийн зүйл мэдэмхийрч ярих бололцоогүй. Хэрэв тэгвэл их хариуцлагагүй ажил болно. Төрийн түшээ хүн тийм хариуцлагагүйгээр шүүхийн шийдвэр гараагүй асуудлыг өөрийнхөө дур зоргоор ярьж болохгүй. Тийм учраас л дуугүй байна.

-Та ч яах вэ, ёс зүй гэдэг л юм байж. Цаадуул чинь дураараа дургиж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр гэхэд л Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавьсан прокурорт УИХ-ын өмнөөс шийдвэр өгчихлөө шүү дээ?

-Ганц л юм хэлье. Ардын намын энэ даварсан үйл ажиллагаа явж явж өөрийг нь л сүйдэлнэ. Эд нар ойлгохгүй байна. Одоо энэ байгаа байдалд нийгэм ямар ихээр хорсч, сэтгэл ханамжгүй болж байна вэ гэдгийг тэд гадарлахгүй байна. Ямар мэдрэмжгүй улс вэ. Д.Одбаяр тийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээд ганцхан өөрийнх нь нэр хүнд унасан бол өөр хэрэг. УИХ-ын нэр хүнд шууд уналаа шүү дээ. “Өө за за. УИХ чинь нэг нэгнийхээ луйврыг ч хамгаалдаг боллоо. Ард түмнийхээ төлөө ажиллахаа ч байлаа. Асуудлаа ч шийдэж чадахгүй боллоо. Эд ер нь ямар хэрэгтэй юм”, ингэж асуудал тавигдаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

-Ардчилсан намыг Засгийн газраас гаргах сонирхолтой байх шиг байна. Гишүүд нь ганц нэгээрээ хэлээд л байна. Тавантолгойг ашиглаад эхлэх байх. Дангаараа Засгийн газраа байгуулаад ахиад мөнгө тараагаад эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм биш үү. Удахгүй бас хөөх вий, танайхныг?

-Нэг л хүсэл байна, надад. Битгий улс орныг тогтворгүй байдал, хүчирхийлэл рүү турхирч хөтлөөсэй. Монгол Улсыг Африк, латин Америкийн орнууд шиг тогтворгүй улс битгий болгоосой л гэж хүсч байна. Ийм үед шууд л намын даргатай нь халзагнаад, хариуцлага тооцохоос өөр аргагүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл энэ хүн чинь Ерөнхий сайдынхаа үүргийг биелүүлэхгүй намын даргынхаа ажлыг хийгээд байна. Засгийн газрын тэргүүний хувиар УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгаа ийм явдлыг зогсоох ёстой. Нам нь ийм үйл ажиллагаа явуулж байгааг өөгшүүлэхгүй байх ёстой. Тийм болохоор нь л асуудал тавиад “Ерөнхий сайдыг огцруулна” гээд байгаа юм, Э.Бат-Үүл гэдэг хүн.

-Асуудлыг шийдүүлж чадна гэдэгтээ хэр найдаж байгаа вэ, та?

– Зүтгэнэ. Ямар ч байсан шийдүүлэх гэж л зүтгэнэ дээ.

-Ер нь УИХ нь дээрээ байна уу, УИХ-ынхаа дээр Засгийн газар нь байна уу?

-УИХ, Засгийн газрын дээр доорыг ярих ч өнгөрлөө. Ардын намын Удирдах зөвлөл бүхний дээр гарчихлаа. Энэ л хамгийн том асуудал болоод байна.

-Ярилцсан танд баярла­лаа. Амжилт хүсье.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж