АН ард түмний сонголтыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2016.06.30-нд нийтлэгдсэн

АН ард түмний сонголтыг хүндэтгэв

УИХ-ын сонгуулийн дүн 23:00 цагийн байдлаар эхнээсээ гарч, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл технологийн хэлтэс тоон мэдээг онлайнаар түгээж эхэллээ.

Сонгуулийн дүнгийн мэдээллээр МАН илүүрхэж байгаа нь тодорхой болсон.

Шөнийн 01:00 цагийн байдлаар МАН УИХ-д 65, Ардчилсан нам 9, МАХН нэг (О.Баасанхүү), бие даагч нэг (С.Жавхлан) суудал авчээ. АН-аас Лу.Болд, Б.Эрдэнэбат, Ж.Бакей зэрэг тойрогтоо нэр хүндтэй, туршлагатай парламентчид намдаа сууудал авчирлаа. Шинэ УИХ-д арван эмэгтэй сонгогдсны нэг нь АН-ын төлөөлөл байв. Энэ бол Завхан аймагт нэр дэвшсэн З.Нарантуяа. Үлдсэн есөн эмэгтэй нь МАН-аас нэр дэвшсэн бүсгүйчүүд. Шинэ парламентын 76 хүний 39 нь шинэ, залуу улстөрч байгаа юм. Тэдний хамгийн ахмад нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, хамгийн залуу нь НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга юм. Ц.Нямдорж 1956 онд төрсөн. 1981 онд Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн арав гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, УИХ-ын гишүүнээр 20 гаруй жил долоо дахь удаагаа сонгогдож байгаа мэргэшсэн парламентич юм. 

Шөнийн 00 цаг өнгөрч байхад УИХ-д олонхийн санал авсан МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийхдээ “Ард түмнийхээ итгэлийг дааж ажиллана” гэсэн бол түүний дараа АН-ын дарга З.Энхболд сонгуулийн штабын байрандаа мөн мэдэгдэл хийж, ялагдлаа хүлээн зөвшөөрч, “Ирэх жилүүд улам хэцүү байх болно. Бид дараа өөрсдийн хийсэн ажлаа үргэлжлүүлнэ
Монголчууд долоо дахь удаагийн УИХ-аа сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгцгөөлөө. Ирээдүйгээ “зурах” энэ удаагийн сонгуульд сонгогчдын идэвхи хангалттай сайн байсан гэхэд болно. Санал хураалт өглөөний 07:00 цагт орон даяар эхэлсэн. Ердөө өдрийн 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 40 орчим хувь нь саналаа өгсөн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Манай улс парламентын засаглалтай болж, УИХ-ын сонгуулийг явуулж ирсэн цагаас сонгуульд оролцох сонгогчдын ирц тогтмол буурсан үзүүлэлттэй байсан билээ. Тухайлбал, 1992 оны зургаадугаар сарын 28-нд явагдсан УИХ-ын сонгуульд 1.085.129 сонгогч санал өгөх байснаас 95.6 хувь нь оролцож байсан бол 1996 оны зургаадугаар сарын 30-нд болсон сонгуулиар 1.147.260 сонгогчийн 92.1, 2000 оны долоодугаар сарын 2-нд болсон сонгуулиар 1.247.033 сонгогчийн 82.2, 2004 оны зургаадугаар сарын 27-нд болсон сонгуулиар 1.279.516 сонгогчийн 82.2, 2008 оны зургаадугаар сарын 29-нд болсон сонгуулиар 1.542.617 сонгогчийн 76.5 хувь нь саналаа өгч байжээ. Өнгөрсөн УИХ-ын сонгууль буюу 2012 оны зургаадугаар сарын 28-нд болсон санал хураалтаар энэ тоо эрс буурч сонгуульд 1.836.548 сонгогчийн 67.3 хувь нь оролцож байлаа. Дөрвөн жилийн өмнөх сонгууль Сонгуулийн тухай хуулийн олон заалт зөрчигдсөн, ихээхэн булхайтай өрнөсөн нь түүхийн хуудаснаа үлджээ. 

Тухайн үед УИХ-ын сонгуулийн маргаан дуусаагүй байхад орон нутгийн сонгууль болж булхай, луйвар дагасан маргаан мэтгэлцээн удтал өрнөснийг уншигчид санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ удаагийн сонгууль зарлагдаж эхлээд Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа мэдээлэл, гомдол тасраагүй, зарим нэг булхай луйвар баримтаар нотлогдсон ч Сонгуулийн ерөнхий хороо зарга маргааныг шийдэж амжилгүйгээр санал хураалтын өдөртэй золгосон. 2016 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигчээс гадна 69 бие даагч өрсөлдсөн бөгөөд 1.9 сая иргэн саналаа өгөхөөс 900 мянга нь нийслэлийн сонгогчид байв. Үүнээс гадна сонгуулийн явцыг гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжиллаа. Түүнчлэн ХБНГУ, БНСУ, АНУ, Швед, Канад, ОХУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар улс болон олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ажиглалт хийв. Манай сурвалжлах баг долоо дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн явцыг сурвалжилсан юм. 


ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ
 

11:30 цаг: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Оросын хамтарсан III сургууль дээр буюу УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойргийн зургаадугаар хэсэг, НИТХ-ын 25 дугаар тойргийн зургаадугаар хэсэгт саналаа өглөө.
 

11:40 цаг: УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн долоодугаар хэсгийн санал авах байр буюу Нийслэлийн 45 сургууль дээр очиж санал иргэнийхээ үүргийг биелүүлэв. 

12:30 цаг: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн гуравдугаар хэсэгт буюу Удирдлагын академийн “Б” корпуст очиж саналаа өглөө.

13:00 цаг: Сонгуулийн ерөнхий хороо өдрийн 12:00 цагт УИХ-ын сонгуулийн санал хураалтын анхны ирцийн мэдээг нэгтгэн хэвлэлийнхэнд өгөв. Өдрийн 12:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 18.20 хувь буюу 164 449 сонгогч саналаа өгчээ. Энэ цагт Багахангай дүүрэгт санал хураалт хамгийн өндөр буюу 30.12 хувь, Багануур дүүрэг 13.44 хувийн ирцтэй байв. Албаныхан интернэтийн сүлжээ тасрах, аймгуудад бороо орж цаг агаар хүнд байгаагаас болж орон нутгаас сонгуулийн ирцийн мэдээлэл авч, тогтсон цагт дамжуулахад бэрхшээлтэй байгааг ч дуулгажээ. УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэлсэн цагаас 12:00 цагийн байдлаар сонгуулийн хэсгийн хороодод мөнөөх алдартай хар машины принтер гацсан, хурууны хээ таниагүй, нийслэлийн Хан-Уул дүүргийн 71 тойрог, Сонгинохайрханы 65 дугаар тойрогт саналын хайрцагны лацыг хуулж авч саналын хуудас хийсэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд цахилгаан тасарсан, цахилгааны хэлбэлзлээс болж, Хан-Уул дүүрэг, Увс аймагт автомат машин гацсан зэрэг хүндрэл гарсан аж. Дээрх явдлыг сонгууль будилаантуулах гэсэн оролдлого байж мэднэ гэж үзээд цагдаа, тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн сураг дуулдав. СЕХ-ны явуулын баг автомат төхөөрөмж, принтер гацааг гаргажээ. Өдрийн 12:00 цагт Сэлэнгэ аймаг 48.1 хувийн ирцтэй, Увс аймгийн 31 дүгээр тойрог 31.9, 32 дугаар тойрог 27.9, 33 дугаар 29 хувь, Ховд аймгийн 34 тойрогт 29.4, 35 тойрогт 33.9 хувь, Хөвсгөл аймгийн 37 дугаар тойрогт 21.8, 38 тойрог 28, 39 дүгээр тойрог 23 хувь, 40 дүгээр тойрог 32.7, 41 дүгээр 25.7, 42 дүгээр тойрог 27.7 хувь, Дархан-Уул аймагт 43 дугаар тойрог 26.7, 45 дугаар тойрог 25.3 хувь, Орхон аймгийн 46 дугаар тойрог 28.3, 47 дугаар тойрог 25.1, 48 дугаар тойрог 28.1 хувийн ирцтэй байлаа. Нийт аймгуудын сонгуулийн ирц 27.1 хувь байсан юм.

14.00 цаг: СЕХ-нд сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын удирдлагууд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүлэв. Улстөрийн намууд эрх баригч намынхан санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг өөрт ашигтайгаар тохируулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархаж байна гэж хардаж буйгаа нуугаагүй юм. Зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэл өгсөн гэх мэдээллийн дагуу тэд шаардлага өгч байгаа гэв. Тэд сонгууль будлиантуулах, үнэнээс зугтаах гээгүй бол сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т заасны дагуу тооллого явуулах ёстой гэж шаардав. Уг заалтад "Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харъяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Энэ тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна" гэсэн байгаа. 

15.30 цаг: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийв. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай намын төв штабт МАН болон бусад намтай холбоотой 60 гаруй зөрчил, тухайлбал, МАН-ын нэр дэвшигчийн нэрийг татуулах ноцтой хэдэн зөрчил байна. Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслагч сонгогчдын саналыг авах зорилгоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон. Энэ талаар МАН өчигдөр мэдэгдэл гаргасан. Ингэхдээ нилээн тэвдэж, худал мэдэгдэл гаргасныг баримттайгаар хэлье. 
Тус шийдвэрт иргэн Н.Энхзаяа нь УИХ-ын ээлжит сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах мөн гэдгийг батласан байдаг. Н.Энхзаяа нь сонгуулийн хуулийг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор нэр бүхий сонгогчдод мөнгө тараасан нь зөрчлийн материал, мөнгө авсан гэх Атар, Тугмандах, Мэндсайхан, Тамир, Хишигжаргал нарын тайлбар, бичлэг бүхий СD болон бусад нотлох баримтуудаар нотолж, тогтоож байна хэмээн шүүх дүгнэжээ” гэв. Мөн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штабаас их хэмжээний мөнгө тараах гэж байгаад баригдсан, Дорнод аймгийн 14-р тойрогт нэр дэвшигч Х.Болорчулуун тойрог руугаа сонгогчдыг автобусаар зөөсөн зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ташаа мэдээллийг МАН-аас зохион байгуулалттайгаар тараасан зэрэг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана гэлээ.

16:00 цаг: МАН-ын сонгуулийн штаб мэдэгдэл хийв. УИХ-ын гишүүн Су.Батболд Ардчилсан нам батлагдаж нотлогдоогүй асуудлаар мэдээлэл хийж, зарим нэр дэвшигчийн эрхэнд халдлаа. Иймээс үнэн зөв бодитой мэдээллийг өгөхөөс аргагүй болсон гэв. Тэрбээр “Архангай аймгийн Их тамир сумын сонгогчдод архи тараах гэж байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирж, очиж шалгахад “УБМ” дугаартай автомашинд нэр дэвшигч Д.Ганхуягийн сонгуулийн сурталчилгаа, архи ачсан байсан. Мөн сонгуулийн сурталчилгаа хараахан дуусаагүй байх үед нэр дэвшигч Ж.Мөнхбатын сонгуулийн штабт ажиллаж байсан хүний биед халдсанаас хоёр хавирга хугарч бэртэл авсныг эмнэлгийн байгууллага тогтоосон, эмчлүүлж байна. УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрог /Чингэлтэй дүүрэг/-т нэр дэвшин өрсөлдөж байгаа Г.Баярсайхан нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгөхийг уриалсан хууль зөрчсөн үйлдэл болсон. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нэр дэвшигч Д.Оюунхоролын бүрэн эрхэд, нэр хүндэд халдсан ноцтой мэдэгдлийг хийлээ. 

16:30 цаг: МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын Нарийн бичгийн дарга Б.Тулга, нэр дэвшигчид сонгуультай холбоотой зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Тус намынхан Баянзүрх дүүрэгт санал хураалт явагдаж байгаа энэ үед МАН-ынхан бөглөсөн саналын хуудас тарааж байгаад баригдсан мэдээлэл ирсэн гэв. Ингээд саналын хуудас алдагдсан талаар зохих байгууллагууд шалгах нь зүйтэй гэв. Мөн Эрдэнэт хотод УИХ-ын 47 дугаар тойрог Дэнж гэх зочид буудлын өрөөнд “Бидний төлөө саналаа өгөөрэй гээд иргэдэд 20 мянган төгрөг тарааж байгаад баригдсан. Тус тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Одхүү, Иргэний хөдөлгөөний намын Х.Золжаргал, МАН-ын нэр дэвшигч Д.Атармаа нарын хийсэн ажил байх. Мөнгө тараасан хүмүүсийг баримтжуулаад цагдаад өгсөн.

Тухайлбал, ХУД-ийн 16 дугаар хороон дээр 200 гаруй суудлын тэрэг гудамжийг бүсэлчихсэн. Иргэдээс нэг биллийг 20 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Мөн архи тарааж байна. Айл гэр бүлийн аз жаргал, сонгох эрхийг архиар сольж хууль бусаар төрийн эрхийг авах гэж байгаа явдлыг шалгаж хариуцлага тооцооч гэдгийг хууль хяналтын байгууллагаас шаардаж байна. Зарим цагдаа нар луйварчидтай нэг тал болж хэлбэрийн төдий ажиллаж байна. Хууль бус үйлдлийг илчилж дуудсан хүмүүс дээр ирэхгүй, мэдээлэл өгөхөөр тоохгүй байна. Ээж, аав, өвөө, эмээ, үр хүүхдийг нь архи уулгаад аз жаргалыг нь хулгайлж байна. Энэ нөхөдтэй тэмцээч ээ” гэв.

17:00 цаг: Гадаадын дугаараас монголчууд руу мессеж илгээдэг гаж үйлдэл дахин давтсан гэж Хан-Уул дүүргийн АН мэдэгдэв. Тодруулбал, өдрийн 12 эхлэн тус дүүргийн сонгогчдын гар утсанд 1234567890, +00447873099465 дугааруудаас УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Ганхуягийг сонгохгүй байхад уриалсан мессеж иржээ. Дүүргийн намын дарга Д.Батбилэг асуудлыг хууль хяналт байгууллагад өгч шалгуулна гэв. 

18:00 цаг: СЕХ мэдээлэл өгөв. УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн ирцийн мэдээг 17.00 цагийн байдлаар хүргэлээ.Сонгогчдын ирц улсын хэмжээнд 55 хувьтай байгаа аж. Харин нийслэлийн хэмжээнд 47 хувьтай, орон нутагт 61.5 хувьтай байгаа аж. Энэ цагт нийслэлийн дүүргүүдээс хамгийн бага ирцтэй Чингэлтэй, Налайх дүүрэг, аймгуудаас Орхон аймгийн 48 дугаар тойрогт хамгийн бага буюу 43 хувийн ирцтэй байлаа. Энэ үеэр СЕХ Төв аймгийн 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Ц.Оюунсайханыг шашны холбогдолтой үйл ажиллагаа явуулсан учраас нэр дэвшигчийн жагсаалтаас хассан гэв.

18:00 цаг: Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 17:00 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд 3.966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 17:00 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 405.236 буюу 48.03 хувь нь саналаа өгчээ. 

19:00 цаг: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хоёр дахь удаагаа мэдээлэл хийв. Тэрбээр “Ардчилсан намын сонгуулийн штаб УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогтой холбоотой гүтгэлгийн чанартай мэдээлэл хийлээ” гэж МАН-аас үгүйсгэсэн. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь хууль зөрчсөнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийг дахин давж заалдаж байгаа гэв. Мөн УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Л.Мөнхбаатар нь гар утасны нэгж тараасныг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн. Сонгуулийн өмнө бүх аймгийн төлөөллийг байршуулж 1898 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж, будилаан гарсныг эс тооцвол 1897 машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл санал тоолох машин нь Ардчилсан намын талд байгаа гэсэн цуу яриа гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна гэв.

19:30 цаг: МАН-ын сонгуулийн штабаас сонгуулийн явцын талаар мэдээлэл хийв. Сонгуулийн төв штабын дарга С.Батболд “Аймгууд дахь хэсгийн хороодод саналын хуудас хүрэхгүй байх асуудал гарсан гэдгийг бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дөнгөж сая бидэнд ирсэн мэдээллээр СЕХ тусгайлан тогтоол гаргасан байна. Энэ тогтоолоор саналын хуудас хүрэлцэхгүй байгаа нөхцөлд саналын хуудсыг хувилж, саналыг зөөврийн хайрцганд хийж, авах агуулгатай юм байна. Сонгуулийн саналын хуудас нь тусгай нууцлал, бар кодтой, дахин давтагдашгүй байгаа. Ийм саналын хуудсыг хувилах нь сонгуулийн хуулийг шууд зөрчсөн асуудал. Хүчингүй саналын хуудсаар санал авахыг хориглоно гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн. Тийм учраас МАН-ын Сонгуулийн төв штабын зүгээс СЕХ-г хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 

20:00 цаг: Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын танилцуулахад 61.30 хувьтай байгаа бөгөөд нийт сонгогчдын 517.149 нь саналаа өгсөн байв. Нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулан ажиллав. 

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж