“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй долоон хүнийг урьдчилан саатуулах төвд цагдан хориод хагас сар гаруй хугацаа өнгөрч буй. Ямархуу үндэслэлээр цагдан хорьсон талаар цагдаагийн байгууллагаас ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан. Энэ сарын 6-наас эхлэн хөдөлгөөний хуулийн зөвлөх Г.Дашдэмбэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр нар нойтон өлсгөлөнгөө хуурай өлсгөлөнд шилжүүлсэн талаар журмын нөхөд нь мэдэгдэж байгаа. Шат шатны шүүхийн байгууллагад хандаж энэ сарын 8-нд суллахыг шаардсан албан шаардлагуудыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч хариу аваагүй байгаа гэнэ.
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Лондон хотноо үйл ажиллагаа эрхэлдэг “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын эвслээс Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатарт хандан энэ сарын 3-нд захидал илгээжээ. Захидалд “Монголын байгаль орчны хамгаалал болон тогтвортой хөгжлийг дэмждэг Монголын байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд шийдвэрлэх цаг ирээд байна. Үндэстэн дамнасан олборлох сонирхол Монгол Улсын байгалийн тэнцвэрт байдал болон иргэний эрх чөлөөнд заналхийлж байна. Өнөөдөр үндэсний төрийн бус байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэгээс их зүйл шалтгаална. Хууль хэрэгжүүлэх үүднээс уул уурхайгаас гол мөрнөө хамгааллын төлөө өөрийгөө золиосолж байгаа хүмүүсийг суллах хэрэгтэй. Хамгаалалттай бүсэд уул уурхай эрхэлсэнтэй холбогдон гарсан мөргөлдөөнийг шуурхай болон шудрагаар шийдвэрлэхдээ Монголын Засгийн газар эдгээр хүний эрхийн зарчмуудыг удирдлага болгоно гэдэгт найдаж байна” гэдгийг онцолсон байна.
Хуулийг илэрхий зөрчсөн ч гэлээ байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй компаниудад шаардлага тавьсан иргэний нийгмийн дуу хоолойг боомилох нь бусармаг хэрэг гэж тус эвсэл үзэж байгаа аж. Цагдан хоригдоод буй эдгээр нэр бүхий долоон хүнийг суллахыг шаардан, шаардлагыг эс биелүүлвээс олон улсын байгууллагуудаас нийлүүлэх хөрөнгө оруулалтад нөлөөлөх хэмжээний асуудал яригдана гэдгийг ч тэд хөндсөн байна. Тэр бүү хэл, усны эх газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн үйл ажиллагааг зургадугаар сард зогсоосон байсан бол Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдагч нарыг баривчилсны дараа компаниуд бүгд үйл ажиллагаагаа сэргээсэн гэх мэт маш нарийн мэдээллийг тус олон улсын байгууллагаас манайд өгсөн байх юм.
Тус байгууллага нь дэлхийн хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эсэх нь тодорхойгүй ч буух эзэн, буцах хаягтайгаар өөр бусад Лондонд суугаа Монгол улсын Элчин сайд, ОУЭЗХХБ-ын Удирдамжийн Канадын Үндэсний холбоо баригч Эндрю Кавчак, Их Британийн Үндэсний холбоо баригч Сержио Морено, мөн Катерин Куманз, MiningWatch Canada гэх мэтийн хүмүүст давхар хаяглан хүргүүлсэн талаараа ч дурьдсан байх юм.
Харин дээрх мэдээллийн дагуу Гадаад хэргийн дэд сайд Н.Болороос тодруулахад дээрх захидлын талаар огт мэдээлэл байхгүй, дараа холбогдьё, наадмын бэлтгэл зохион байгуулалтын ажил ихтэй байна гэсэн хариулт өгч байх юм. Найр наадмаа өөдтэй, өнгөтэй зохион байгуулах л өнөөдрийн хувьд чухал байгаа болохоос бус цагдан хоригдоод байгаа, амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарласан хүмүүсийн асуудал, цаашлаад энэ бүхэн нь манай улсын гадаад нэр хүндэд нөлөөлөх эсэх нь тэдэнд онцын ач холбогдолгүй бололтой.
Бидний авсан мэдээллээр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний дөрвөн хүнийг хэлэлцүүлэгт оролцохыг урьсан Өвөрхангай аймгийн орон нутгийн захиргааны албаны хүний урилгаар явж очиход нь баривчилсан байна. Ц.Мөнхбаяр, Н.Самбуу-Ёндон, Д.Төмөрбаатар, М.Баатархуяг нарыг ирсэн даруйд нь баривчилжээ. Тэд одоо “Ганц худаг”-т хоригдож байна. Зөвхөн Ц.Мөнхбаярын хувьд прокуророос баривчлах шийдвэр гаргасан аж. Энэ нь 2010 оны есдүгээр сард Мөнхбаяр МГННХ-ний гурван гишүүний хамт ангийн зэвсэг хэрэглэж, “Сентерра Гоулд”, “Пураам” компаниудын алтны уурхайн тоног төхөөрөмжид хохирол учруулсан хэрэгтэй холбоотой. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа аж. Ц.Мөнхбаяр мөн Өвөрхангай аймагт өнгөрсөн зургадугаар сарын 22-нд алтны уурхай эрхлэгч “Ирмүүн Босго” ХХК-ний тоног төхөөрөмж рүү гал нээжээ.
Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд буун дуу, сүрийг бадруулах тэмцэл нэмэр болохгүй байгаа нь үнэн. Гэхдээ эдгээр хөдөлгөөнийхөн байгаль орчин, экологид сөрөг нөлөө үзүүлж буй албан байгууллага, аж ахуйн нэгжтэй хуулийн дагуу шаардлага хүргүүлэх, хөдөлшгүй ноцтой баримтуудыг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах зэргээр тэмцэл хийсээр багагүй цаг хугацаа үдсэн. Харин тэр тэмцэл нь үр дүнд хүрч, төр засаг тэднийхээ үгийг сонссон бол бас яах байсан юм билээ.