Ардын хүүхэд үзэж болдоггүй наадам уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Ардын хүүхэд үзэж болдоггүй наадам уу?

АРДЫН ХҮҮХЭД ҮЗЭЖ БОЛДОГГҮЙ НААДАМ УУ?

Балжинням, дашням давхацсан гэг­чээр тэгш ойн баяр давхацсан их наадам айсуй өдрүүд. Хүннү гүрний 2200 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтолын 100,  Ардын хувьсгалын 90 жилийн ой гээд сүрдэм тоог илэрхийлэх энэ жилийн баяр наадмын нээлт ойрын хэдэн жилдээ байгаагүй нүсэр бөгөөд гайхам сайхан болно гэсэн албаны хүмүүсийн үг сэтгэл гижигдэнэ.

Их Монгол Улс байгуулагдсан ойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд Чингис хаан /жүжигчин Түвшин/ заларч гарч ирсэн болохоор Хүннү гүрний хоёр мянган дамжсан ойгоор Атилла хаан давхиж орж ирэх ч юм билүү гэж сониу­чирхаад. Араас Чингис хаан, жанжин Сүхбаатар, за тэгээд түүний одоогийн “залгамжлагч” Хүрэлсүх ч билүү, Батболд ч билүү тэргүүтэн жагсах ч юм болуу гэж бодогдоод. Ер нь л энэ жилийн наадмын нээлт үнэхээр үзүүштэй сонирхууштай болохоор шинжтэй байгаа юм.

Ямар ч гэсэн дотоодын болон хи­лийн цэргийнхэн бултаараа шинэ дүрэмт хувцсаараа гоёод Багануурт өдөржин шөнөжин “хөл тавих” сур­гууль хийж байгаа, наадмын гол дэглээч С.Сүхбаатар хоёр мянга гаруй цэргийг нэгэн дэгээр бүжиглүүлэхээр Тавантолгойд өндөржүүлсэн бэлэн байдлаар жагсааж, дөнгөж саяхан цэрэгт татагдсан гоожууруудыг хүртэл С.Сүхбаатар ахайтан ганц командлаад л хосгүй бүжигчин болгож байгаа юм гэсэн. За тэгээд наадмын өмнөх “жижигхээн үзүүлбэр”-т 999 морин хуурч “Дуут нуур”-ыг аялгуулсан гээд бодохоор наадмын жинхэнэ нээлт супер болох нь дамжиггүй. 

Чингээд хэдэн зуун жилдээ ганц тохиох наадмын нээлтийг үзчих санаа­тай тасалбарын эрэлд мордов. Албаны хүмүүсийн хэлснээр бол өдөр товлон Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассаар худалдаална гэсний дагуу утас цохиж асуухад бүр улаан цайм “Манайх зараагүй” гэж чулуу хөөлгөх юм. Тэдний хэлсэн ёсоор хотын захиргаа руу утасдахад “Манайх билет зардаг газар биш” гэж намжирдах. Сураг сонсо­ход товлосон өдөр дээр дурдсан хоёр “каасын газар”-т тасалбар зараад өнгөрсөн бөгөөд өнгөрсөн зууны эцсийн үеийн картын барааны үеийг санагдуулам урт дараалал үүсч, азтай одтой аавын хүү л олж авч чадсан юм байх. Азгүй, одгүй, хувь муутайдаа хэсэг гутрав.

Гэвч сураг дуулах нь ээ хотын захиргаа хавьцаа танил тал байвал ховор эрдэнийн тасалбарыг олж болдог юм байна. Хүний хүүгээс дутна гэж юу байх дээ, эрлээ сурлаа. Олддоггүй. Орой зурагтын суваг эргүүлж суутал “Машины А зогсоолын зөвшөөрөл, наадмын нээлтийн тасалбар өндөр үнээр худалдаж авна” гэсэн зар жирэл­зэх. Хэрийн хүнд олддоггүй эд бололтой шүү.

Өнгөрсөн борооны хойноос цув гэж хэзээ хойно төв талбай тойрон тасалбар сураглаж байгаа намайг “хүрээ”-ний уугуул нөхөр “Ингэж хайгаад ч олдоггүйм даа хүү минь. Жилийн жилд наадмын нээлтийн тасалбар жир нэгэнд олддог ч үгүй юм. Харин наадмын өдөр стадионы үүд хавиар мөнгө чинь байвал шагийн тасалбар зөндөө. Танилаараа бөөндөж аваад шагладаг байхгүй юу даа” гэж ёжтой инээмсэглэл дайсан зөвлөгөө өглөө. Басхүү албан тушаалтнууд, дарга дорго нарт тусгайлан суудал засч, тасалбар илгээдэг тэдний зарим нь тоож ирдэггүй гэх үгийг сонсохоор “Ардын хүүхэд үзэж болдоггүй наадам уу” гэсэн шазруун бодол зурсхийнэ. Цээжилтлээ үзсэн “Гарьд магнай” киноны үг толгойд орж ирж байгаа хэрэг л дээ. За тэгэхдээ яах вэ дээ, наадмынхаа нээлтийг, бас жил болгоноор л суваг болгон гаргадаг “Гарьд магнай” киногоо зурагтаар дахиад нэг үзчихнэ, гутраад байх ч юу байхав.

Амьд явбал ирэх жилийн наадам үзнэ гэгчээр дараа жил л тэр тасалбар гээчийнх нь эрэлд эртхэн мордоно доо.

Бас нэг горьдлого төрүүлсэн мэдээ­лэл нь ихэнх үзэгч наадмын нээлтийг үзчихээд гараад явчихдаг. Энэ үеэр сиймхий таарбал “бага” давааны бөх­чүүд барилдахыг шавайгаа ханатал үзэж болно гэсэн шүү.

А.ШАРХҮҮ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж