Салхи сэвэлзэж, тэнгэр бүүдийсэн зуны жихүүн өдөр жанжны талбайд хүмүүс харин ч их байлаа. Талбайн урд талд хэдэн өдрийн өмнөөс л зассан Монгол гэрийн үүдэн дээр монгол бичгээр бичсэн үгсийг хаджээ. “Судрын алтан хуудас, Суут өвгөдийн минь ухаан” зэрэг бие, биенээсээ давхцахгүй мөртүүдийг монгол уран бичлэгээр таталган бичсэн байх аж. Ач, зээгээ дагуулсан хөгшид, найзуудтайгаа алхах залуус, гаднын жуулчид бүгд л эдгээр гэрийн урд хадсан монгол бичиг рүү анхаарлаа хандуулцгаана. Гэр дотор орж сонирхох гэсэн боловч эхлэх цаг нь болоогүй бололтой зохион байгуулж байгаа хүмүүс нь оруулахгүй холдуулж байлаа. Зохион байгуулагчдын хэлснээс сонсвол өдрийн 13 цагаас эхлэх бололтой. Эхлэх цаг нь ойртох тусам хүмүүсийн хөдөлгөөн улам ихсэх. Камер барьсан телевизийнхэн, аппарат барьсан жуулчид, хүүхдээ дагуулсан аав, ээжүүд гээд л…
Эдний дундаас Монгол бичгийн уран бичлэгийн аргаар таталсан чамин жаазтай зургийг зөөсөн хэсэг залуус анхаарал татна. Учрыг лавлавал өнөөдрийн үйл ажиллагаанд зориулж бичсэн бүтээлүүдийг МУИС-иас зөөн авчирч байгаа нь энэ аж. Эхлэх цаг нь ойртсон болохоор тэд хар гүйхээрээ л нөгөө хэдэн гэр рүү орцгоож байлаа.
Гадаа нэлээн жихүүн, дээрээс нь тэнгэр бүүдгэр байсан болохоор өдөрлөгийг сонирхохоор ирсэн хүмүүс ч эхнээсээ явцгааж эхэллээ. Гэсэн ч хүний хөдөлгөөн татарсангүй. Зарим гэрүүд нь монгол бичгээр таталсан хэдэн бүтээлүүдээ гэрт байрлуулж байгаагаа хүмүүст харуулах. Бараг гучин минут гадаа зогссон тэд таван ханатай гэрийг нураах шахам дотогш явж орлоо. Гэр дотор Боорчи, Зэлмэ тэргүүтэй есөн өрлөг жанжны нэрсийг урнаар таталсан байх бөгөөд Чингис хааны нэр ч байх аж. Басхүү “Монголын нууц товчоо”-ны эхний бүлгийг, сүүлийн бүлэгтэй нь таталсан байгаа харагдав. Ийнхүү хүмүүс сонирхож байтал зохион байгуулагч нэг нөхөр “Хүмүүсээ гарга” гэж зарлигдав. Нээлтнээс өмнө хүмүүс үзээд өдөр хүн ирэхээ больчихно гэж болгоомжилсноос болж биднийг ийн хөөх ажээ.
Өдөрлөгийн нээлт эхлэх цаг ойртох тусам наймаачид бараагаа гэрүүдийн урд байрлуулна. Үүнийг харсан зохион байгуулагч нар “Өнөөдрийн арга хэмжээний үеэр бараа зарж болохгүй. Та нэр эндээс өөр газар зар” гэж учирлахад наймаачин авгай урдаас нь шүлсээ үсчүүлэн хэрэлдэнэ. Зохион байгуулагч, наймаачин хоёрын хэрүүл нэг хэсэг тэнд байгаа хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Ийн хэрэлдэж байх зуур өдөрлөг эхлэхэд арваадхан минут үлджээ. Олны танил эрхмүүд ч энэ хооронд ирээд амжсан аж. Тэдний дундаас улаан хүрэн өнгийн дээл, монгол уран бичгээр таталсан үгс хадсан цүнхээ мөрлөсөн нэгэн хүн олны анхаарлыг татна. Энэ хүн бол ардын уран зохиолч П.Бадарч. Тэрээр энэхүү өдөрлөгийг талархан дэмжиж уран бичлэгээр бичсэн дөрвөн мөртүүдийн заримыг нь зохиож өгсөн гэх. Ийн байж байтал хүндэтгэлийн ая гэнэт хангиналаа. Нээлтийн ажиллагаа эхэллээ.
Ардаа дэлгэц хадсан том тайзны ард “Цогт Тайж” киноны хэсэг гарна. Харин тайзны урд хөтлөгч зогсон өнөөдрийн өдөрлөгийг эхэлснийг зарлалаа. Хөтлөгч үг хэлсэний дараа “Хүмүүн Бичиг” сонины эрхлэгч н.Элбэгзаяа өнөөдрийн арга хэмжээний зорилгыг тайлбарлан албан ёсны нээлтийг хийсэн юм. Ийнхүү сүүлийн хэдэн минут гэрт орж болохгүй хөөгдөж байсан хүмүүс гэрт орох эрхээр хангагдаж байгаа нь энэ. Нээлтийн ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн яамны төлөөлөл болон Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл оролцсон юм. Олон нийтэд сонирхуулж байгаа монгол бичгийн бүтээлүүдийг МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн оюутнууд урлажээ. Тэд өнөөдрийн гол баатрууд. Хүмүүс үзэсгэлэнг үзэж, сонирхож байх хооронд Монголын морин хуурын чуулгын тоглосон аязууд чанга яригчаар эгшиглэж байсан юм.
Талбайн урд зассан гэрүүд дундаас хамгийн чамин хийцтэй, арван ханатай гэрт XIII зууны үеийн баатруудын нэрсийг урнаар бичиж гэрийнхээ хананд хадсан байх аж. Жуулчид үүнийг ихэд сонирхон хоорондоо ярьж, урд нь зургаа татуулах. Монголчууд ч бас эдгээр бичлэгүүдийн зургийг гар утсандаа буулгах ажээ. Дараагийн гэрт орвол Монгол улсын тухай бичсэн шүлгүүдийг янз бүрийн хээ, угалзанд оруулан бичсэн байлаа. Эхний гэрийн бичлэгүүд шиг гоёмсог жаазанд хийгээгүй ч хүмүүсийн анхаарлыг татах.
Ийнхүү гэр болгон өөр, хоорондоо дахин давтагдашгүй байх аж. Гэрт байгаа эдгээр чамин бичлэгүүдийг “авъя” гэсэн хүн эхнээсээ гарч ирж байлаа. Даанч эднийг зарж болохгүй гэх. Харин МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн оюутнууд үнэ, хөлстэйгөөр хүссэн үгийг нь таталган бичиж байлаа. Хэрэв сонирхогчдын халаасанд 5000 төгрөг байвал монгол бичгийн чамин бичлэг танд очино гэсэн үг.
“Монгол бичгийн өдөрлөг зохиож байгаа нь үнэхээр талархууштай хэрэг байна. Өнөөдрийн өдөрлөгийг залуучууд их үзэж байна. Ямар ч байсан хойч үедээ оюуны энэ үнэт өвийг хадгалуулан үлдээх нь зүйтэй” гэж н.Даваа хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн настан хуучилж байлаа. Сүүлийн үед монгол бичгийг албан ёсны бичиг болгох талаар яриа цуварч байгаа нь үнэн. Гэхдээ шууд шилжээд орчих боломж нь одоохондоо манай оронд бүрдээгүй байна. Монгол бичгийн талаар санаа зовнисон хэсэг эрдэмтэн Монголын соёлын өвөөр бүртгүүлэх гэж ЮНЕСКО-д ханджээ. Тэднээс “Танайх албан ёсны хэл чинь өөр. Хүн амын хэрэглээнд ч бага байгаа энэ бичгийг танай соёлын өвөөр бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгсөөр удаж байна. Шийдвэр гаргах төвшинд сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд хоёр ч үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь хэдэн жилийн дараа монгол бичигтээ эргэн шилжих бэлтгэл ажил байжээ. Харин хэзээ бүрэн шилжих вэ гэдэг нь одоогоор хариултгүй хэвээр байна.
Ийнхүү 2000 гаруй жилийн түүхтэй монгол бичгээр жанжны талбай нэг өдөр амисгаллаа.
Монгол бичиг бол эдүгээ хүн төрөлхтний нийтээр хэрэглэж буй таван зүйл бичгийн /латин, арав, ханз, кирилл/ нэг бөгөөд бичиг үсгийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн хэлбэршил авианы тогтолцоот бичиг юм. Бичих журмын хувьд Монгол бичиг дээрээс дорогш, босоо чиглэлтэй нь хүн төрөлхтний олон зүйл бичиг үсгээс ялгарах өвөрмөц ондоошил, монголчуудын хөх тэнгэр шүтлэгийн бэлгэдэл болдог. Монгол бичиг нь бичих зориулалт, тиг хэлбэрийн хувьд хичээнгүй, эвхмэл, таталган буюу хурдан бичих гэсэн төрөл зүйлтэй. Сүүлийн үед уран бичмэл буюу каллиграфын төрөл зүйл хөгжиж байна. Эрдэмтдийн судалгаагаар монголчууд Монгол бичгийг Манай Эриний VI-VII зууны үеэс анх хэрэглэж эхэлсэн болохыг тогтоосон байна. Монгол бичгийг анх 1980-аад оны дунд үеэс Европ дахины монголч эрдэмтэд цахим тооцоолуурын системд оруулж, 2000 онд “Олон улсын стандарт код”-ыг нь баталснаар, хэрэглээгүй байсан ч устаж алга болох аюулаас бага ч болов ангижруулсан юм. Монгол Улс 1946 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл төрийн албан харилцаа болон энгийн хэрэглээнд монгол бичгийг хэрэглэж байв. Шинэ үсгийн тогтолцоонд шилжсэнээр төрийн албан ёсны хэрэглээнээс хассан ч 1980-аад оноос Монгол бичгийг сэргээх төрийн бодлого гарч, дунд сургуулиудад туршиж эхэлсэн юм. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хоёр ч үе шаттай хэрэгжүүлээд байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин