Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Миний анхны сонгууль

УИХ-ын болон орон нутгийн сонгууль үргэлжилж байна. Түрүү түрүүчийн сонгуулийг бодвол энэ жил идэр залуучуудын оролцоо нэмэгдсэн талаар холбогдох албаныхан мэдээлсэн.

Ингээд уншигчид та бүхэндээ улс төр, сонгууль тойрсон хэрүүл маргаанаас хэсэг ч гэсэн холдож анх удаа саналаа өгч байгаа У.Бибишийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулж “Эмээ бид хоёрын сонгууль. Манай эмээ одоо 74 настай. Хэнтий аймгийн бас л том эмэгтэй дарга нарын нэг явсан юм. Хаа байсан Улаанбаатар хотоос 330 км туулаад сонгуулиа заавал өгнөө гээд нутагтаа ирсэн юм. Ихэр бид хоёрыг төрөхөөс өдийг хүртэл хажууд минь байсаар ирсэн эмээ минь нэг л өдөр хөл дээрээ босож чадахаа больсон юм. Гэхдээ зүгээрээ хоёр хүү нь таныг заавал хөл дээр нь алхуулнаа эмээ гэж байнга амладаг.хоёр хүү нь ч хичээж байгаа. Баби бид хоёрын өдий зэрэгтэй яваа таны минь ач гавьяа юм шүү. Бид хоёр өнөөдөр цуг сонгуулиа өглөө.

Миний анхны сонгууль.

Улсдаа дөрвөн жилд нэг болдог сонгуулиа хүндлээд хослол зангиагаа өмслөө. Ахмад настнууд минь хүртэл гоёлын дээлээ өмсөөд явж байхад залуус бид мөн хүндлэх ёстой гэж бодлоо.

Анхны минь сонгууль эрч хүчтэй залуу үеийн минь сонгууль болоосой гэж хүсч байна. Нэг нь ялж нөгөө нь ялагддаг. Ялалт бүр мэргэн байг. Ялагдал болгон ухаан хайрлаг. Төрийн минь сүлд өршөө хэмээн залбирах эмээ минь Сонгууль өгөхөөр өргүүлээд орж байхдаа "Залуус минь сайхан хүчтэй байнаа. Эмээ нь өнөөдөр залуу үеэ дэмжинэ дараачийн сонгуульд эмээ нь өөрөө гүйгээд сонгуулиа өгнө… Баби минь дараачийн сонгуульд өөрөө нэр дэвшнээ" гэж хэлсэн нь асар их эрч хүч энерги өгөх шиг л боллоо.

Сонгогчдын минь сонголт мэргэн

Шүүлт шударга байх болтугай

2016.06.29

Монгол Улсын Иргэн У. Бибиш” хэмээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж