УИХ-ын сонгууль хууль зөрчсөн байдлаар үргэлжилж байна гэж МАН-ын сонгуулийн төв штабаас дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд “УИХ-ын сонгуулийн санал хураах шатанд Ардчилсан намын дарга З.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаар өөгшүүлсэн мэдээлэл хийж байгааг хүчтэй эсэргүүцэж байна. Ардчилсан нам залуучуудыг хууль бус үйлдэлдээ татаж олон Дэнзэнг төрүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх алхам хийсэн бол шударга хуваарилалт болох байлаа. Ийм учраас УИХ-ын сонгуулийн дараа МАН “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана.
Сонгуулийн ерөнхий хорооны хариуцлагагүй үйл явдлаас болж сонгогчид саналаа өгч чадахгүй болоод байна. Архангай, Завхан, Баян-өлгий, Увсын иргэд, сонгогчдод саналын хуудас хүрэхгүй байна. Энэ бол сонгогчийн эрхэд халдсан үйлдэл.
Аймаг, нийслэл сум дүүрэгт байгаа хэсгийн хороодод саналын хуудсыг хангалттай хүргүүлээгүйгээс сонгуулийг дахин хийхэд хүргэж болзошгүй байна.
МАН-ын Сонгуулийн төв штаб дээр сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа талаарх мэдээлэл ирж байна” гэлээ.
Д.Мөрөн “СЕХ-оос саналын хуудас хүрэхгүйтэй холбоотой тогтоол гаргасан мэдээлэл авлаа. Сонсоход саналын хуудсыг каноноор хувилаад дутсан газруудад хүргүүлээд сонгогчоор санал өгүүлээд зөөврийн хайрцганд хийгээд дараа нь тоолох юм байна.
Сонгуулийн тухай хуульд саналын хуудас нууцлалтай дугаартай, хэвлэлт нь хүртэл нууцлалтай, хүргэлт хүртэл нууцлалтай байхаар заасан. Гэтэл жирийн цаасыг хувилах юм уу. Энэ бол хууль зөрчсөн асуудал гэж хууль зүйн талаас нь үзэж байна.
Ийм үйлдэл нь сонгуулийн эцсийн дүнд ноцтой нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Санал авах ажиллагаа эхэлснээс хойш 10 гаруй цаг болж байна. Гэвч ноцтой хууль зөрчсөн үйлдлүүд гарч байна. УИХ-ын 11 дүгээр тойрог Говь-Алтай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Амгаланбаатарын шадар туслах Эрдэнэбилэг бусдад мөнгө тарааж байгаад баригдсан. Хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд шилжүүлсэн.
Өнөөдөр мөн О.Амгаланбаатарын төлөө саналаа өгөөч гэж 10 мянган төгрөг иргэдэд тараасныг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Баянхонгор аймагт нэр дэвшигч Д.Ганбатын туслах Цэндсүрэн мөнгө тараасан үйлдлээрээ хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзсэн учраас шүүхэд шилжүүлсэн.
Сонгуулийн сурталчилгаа дууссан, гэтэл нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, О.Цолмон нар бие даасан нэвтрүүлэгт оролцсон. “Эрдэнэт”-ийн талаар шууд нэвтрүүлэгт орсон. Ийм нэвтрүүлэгт орох нь хууль зөрчсөн үйлдэл.
УИХ-ын дарга З.Энхболд саналаа өгөх үеэрээ сурталчилгаа хийлээ. “Эрдэнэт”-ийн асуудлаар.
Нэр дэвшигч Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар гүтгэсэн гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан” гэлээ.
Г.ХОРОЛ