Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна

УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойргийн гуравдугаар хэсгийн санал хураалт хэвийн үргэлжилж байна. Энэхүү тойрогт нийт 1944 сонгогч бүртгэгджээ. Үүнээс одоогийн байдлаар 583 саналаа өгсөн байна.  Мөн хөдөө орон нутаг руу ажлаар болон амралт, сувилалд явсан гэсэн шалтгаанаар түр шилжсэн 41 иргэн байна. Уг тойргийн гуравдугаар хэсгийн санал хураалтыг Чингэлтэй дүүргийн 224 дүгээр цэцэрлэгийн байранд авч байлаа.

Уг тойргийн ахлах зохион байгуулагч А.Эрдэнэцэцэг “Сонгуулийн санал хураалтад 25-40 насны иргэд идэвхтэй оролцож байна. Санал хураалт өглөөнөөс эхлэн жигд ирцтэйгээр асуудалгүй явагдаж байна” хэмээн ярилаа. Харин саналаа өгөөд гарч ирж буй Н.Энхчимэг “Би 22 настай. Хоёр удаагийн сонгуульд оролцож  байна. Сонгуульд саналаа өгөх нь залуус бидний хариуцлага гэж боддог” гэв.

УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрогт нийт 10 намын нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол НИТХ-ын сонгуульд долоон нэр дэвшигчид өрсөлдөж байна.

Харин Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны байранд УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрог, НИТХ-ын тавдугаар тойргийн санал хураалтыг авч байв.  Энэ хэсэгт УИХ-ын сонгуульд нийт найман намын нэр дэвшигч, нэг бие даагч нэр дэвшин өрсөлдөж байгаа бол НИТХ-ын сонгуульд долоон намын нэр дэвшигч, нэг бие даагч нэр дэвшиж байна.

Уг тойрогт нийт 2738 сонгогч бүртгэгдснээс одоогийн байдлаар 925 иргэн саналаа өгчээ. Энэ хэсэгт түр хасалт хийлгэсэн 200 орчим иргэд байгаа бөгөөд тэднээс дөрвөн иргэн эргэн ирж, саналаа өгчээ.

Баянгол дүүргийн 70 дугаар тойргийн нэгдүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч Д.Лувсандэмбэрэл “Манай хэсгийн иргэд өглөө 7:00 цагаас эхлэн тасралтгүй, тогтмол ирцтэйгээр санал хураалт идэвхтэй өгч байна. Одоогийн байдлаар 34 хувьтай явж байна” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж