ЧӨЛӨӨТ БӨХ: Хэн хэн Риог зорих вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.29-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ: Хэн хэн Риог зорих вэ?

Монголын чөлөөт бөхийн тамирчид Рио-2016 олимпод оролцох эрэгтэй 6, эмэгтэй 4 эрх аваад байгаа ч холбоо нь РИО явах тамирчдыг хараахан зарлаагүй байгаа.

“РИО-2016” ОЛИМПИЙН ЭРХ АВСАН ТАМИРЧИД /ЭРЭГТЭЙ/

1. Э.Бэхбаяр /57 кг/

2. Г.Мандахнаран /65 кг/

3. П.Өнөрбат /74 кг/ 

4. О.Үйтүмэн /86 кг/

5. Д.Хүдэрбулга /97 кг/

6. Ж.Чулуунбат  /125 кг/

“РИО-2016” ОЛИМПИЙН ЭРХ АВСАН ТАМИРЧИД /ЭМЭГТЭЙ/

1. Э.Сумъяа  /53 кг/

2. П.Орхон  /58 кг/

3. С.Батцэцэг /63 кг/

4. О.Насанбурмаа /69 кг/

Хэдийгээр эдгээр тамирчид барилдаж, олимпийн эрхийг авчирсан ч Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмээр тухайн жингийн эрхийг улсад нь өгдөг тул аль жинд ямар тамирчин явуулахаа үндэсний спорт холбоод шийддэг.

Эрх авсан эмэгтэй дөрвөн тамирчны хувьд Э.Сумъяа Допингийн эсрэг зөрчил гаргасан асуудлаар тэмцээнд оролцох эрх нь түр түдгэлзээд байгаа. Сонголт яригдах гол жин бол 58 кг. Энэ жинд Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ОУХМ П.Орхон, Б.Шоовдор, Э.Гантуяа нарын хэнийг явуулах вэ гэдэг сонголтыг Монголын чөлөөт бөхийн холбоо хийнэ.

Холбооны хувьд олимпийн өмнөх гол сорилоо хилийн чанадад болсон сүүлийн тэмцээнүүдэд хийчих шиг боллоо.

Саяхан эмэгтэй шигшээ багийн тамирчид Польшид болсон “Poland Open” олон улсын тэмцээнд оролцож, 60 кг-ын жинд П.Орхон түрүүлсэн. Алтан медалийн төлөө Б.Шоовдортой таарч барилдан ялсан нь түүний олимпод сонгогдох магадлалыг нэмж өгсөн байх талтай.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хувьд одоо олимпийн өмнө нэг тэмцээнд оролцоно. Олимпийн өмнөх гол сорилго гэж үзэж буй тэмцээн долдугаар сарын 9, 10-нд Испанид болох юм. Тэмцээнд Э.Бэхбаяр /57 кг/, Г.Мандахнаран /65 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Д.Хүдэрбулга /96 кг/ нар өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэй шигшээ багийн хувьд зургаан эрх авсан. 1992 оны олимпийг эс тооцвол сүүлийн зургаан олимпод чөлөөт бөхийн төрөлд 3-4 тамирчин оролцож байсан гэхээр энэ удаагийн эрх авсан тоо нь өөрөө сайн үзүүлэлт юм.  

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хувьд мөн л албан ёсоор зарлагдаагүй байгаа ч дээр нэр бичигдсэн буюу эрхээ авчирсан тамирчид бүгд сонгогдох нь бараг тодорхой болсныг эх сурвалж хэлж байна.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж