Ломбард хулгайн үүр үү?

Хуучирсан мэдээ: 2016.06.28-нд нийтлэгдсэн

Ломбард хулгайн үүр үү?

Хотын гудамжинд “Алт, мөн­гө, эртний эдлэл, хөөрөг, авто­машин, гар утас, зургийн аппа­рат, зөөврийн компютер, цахилгаан бараа, утасны дугаар, пүүз, авна” гэсэн хаягтай ломбардууд хаа сайгүй тааралдана. Уг ломбардуудыг зорих иргэдийн хөл ч тасрахгүй үргэлжилсээр. 

Саяхан нэг хүн ломбардад таван удаа LCD зурагт тавьсан тохиолдол гарч, цагдаагийн байгууллага хулгайн эд зүйл мөн эсэхийг шалгаж байгаа аж. Энэ мэт гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудаар дамжиж, зарагддаг болохыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлсэн.

Ломбардад тавигдсан эд зүйлсийн 30 орчим хувийг “LCD”, “Led” зурагт эзэлдэг гэнэ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.ЛхагвасүрэнТухайн эд зүйлийг хулгайнх гэж мэдсээр байж авсан гэдэг үндэслэлээр зарим аж ахуй нэгжид хариуцлага тооцож, шалгаж байгаа. Ломбардаар үйлчлүүлж буй хүмүүсийн бичиг баримт нь дутуу, хүний бичиг баримтаар эд зүйлээ тавьсан, долоо хоногт хоёроос дээш удаа эд зүйлээ барьцаалсан зэрэг сэжигтэй зөрчлүүд илэрдэг” гэж ярилаа.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс Цагдаагийн ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргад ломбард ажиллуулах журмын төслийг хүргүүлсэн бөгөөд тэрхүү журам энэ сарын 10-ны өдөр 121 дүгээр тогтоол буюу “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам” нэртэйгээр батлагдсан билээ.

Өмнө нь “Монгол Улсын Иргэний хууль” болон “Барьцаалан зээлдүүлэх стандарт”-аар зохицуулагддаг байсан бол уг журам батлагдсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, барьцааны мэдээллийн цахим бүртгэлийг санг үүсгэх зорилготой аж. Шинэхэн журмын хэрэгжилт хэрхэн хэрэгжиж байгааг сонирхохоор хэдэн ломбардаар орсон юм.

Ард кино театрын автобусны буудлын урд байрлах “ Rich sun” барьцаалан зээлдүүлэх газар руу орлоо. Уг ломбардад гар утас, зөөврийн компютер, “LCD”, “Led” зурагт авна гэсэн байх юм. Ломбардны ажилтан залуугаас “LCD” зурагт хэдээр авдаг талаар сонирхвол “Манай ломбард “LCD”, “Led” зурагт авна. Гадуур 39 инчийн “LCD” зурагт 350 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг. Харин хуучин зурагтыг 280 мянгаар барьцаалж болно. Танд яг хэдэн төгрөг хэрэгтэй байна. Зурагтаа удирлагатай нь авч ирж, сувгийн сольж, шалгаж үзүүлнэ. Долоо хоногийн хугацаагаар барьцаалвал долоон хувь, 10 хоногийн найман хувийн хүү тооцно” хэмээн тайлбарлаж, танай зурагт эвдэрч гэмтээгүй бол барьцаалж болно гэв.

Харин зэргэлдээ байрлах “Сайн” ломбардад ганц нэг хүн эд зүйлийнхээ хугацааг сунгуулж харагдав. Ломбардны ажилтан Ч.Түмэнгэрэл “Манай ломбард нийт 30 гаруй салбартай, салбар бүр цахим иргэний үнэмлэх уншдаг төхөөрөмжтэй, хяналтын камертайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн шаардлагатай үед дүүргийн цагдаагийн хэлтэст холбогдох мэдээллүүдээ солилцдог. Өдөр өдрийн мэдээллийг төв салбартаа дахин хянаж, нягталдаг учраас элдэв асуудал гардаггүй” гэв.

Нийслэлийн хэмжээнд нийт 627 орчим барьцаалан зээлдүүлэх төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрийн 30-40 хувь нь дохиоллын системгүй, аюулгүй байдал хангагдаагүй, зориулалтын талбайгүй зэрэг зөрчил илэрчээ.

Чингэлтэй дүүрэгт 15 жил барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй Р.Баяртогтох “Би залуухан хүүхдүүд томхон алтан бөгж, ээмэг зэрэг үнэтэй эдлэл барьцаалахаар ирэх үед авдаггүй. Сүүлийн үед хуурамч эдлэл барьцаалах хүсэлтэй иргэд олширсон. Тэр болгоныг ялгаж, танихад үнэхээр хэцүү болжээ. Ер нь сэжигтэй эд зүйл барьцаанд авахыг хүсдэггүй” гэж ярилаа.

Энэхүү журам батлагдснаар иргэд хохирох асуудал дуусгавар болох болно хэмээн албаныхан үзэж байна. Өнөөгийн хямралтай нийгэмд энэ төрлийн бизнес иргэдэд тус болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Хамгийн гол нь хэн нэгнийг хохироохгүйгээр үйл ажиллагаа явуулах нь л чухал биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж