Загварлаг залуусын “амьд” үдэш “Playtime”

Хуучирсан мэдээ: 2016.06.28-нд нийтлэгдсэн

Загварлаг залуусын “амьд” үдэш “Playtime”

Загварлаг залуусын “амьд” үдэш болсон “Playtime” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол шилтгээн”-д болж өндөрлөлөө. “Монгол залуус цаанаа л нэг загварлаг, мэдрэмжтэй болжээ” гэх үгс наадмын үеэр  олонтаа сонсогдсон юм.

Анх “Playtime” гэж, хүнд рокууд, болж бүтэхгүй залуус цуглардаг гэх ойлголт нийгэмд байсан ч эдүгээ энэ наадам цар хүрээгээ тэлж, нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг төлөвлөгөөт ажлын нэг болтлоо өргөжиж чаджээ. Нийслэлээс зохион байгуулдаг болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа нь энэ юм. Наадмын нээлт, хаалтанд хотын дарга Э.Бат-Үүл хүртэл ирж оролцдог болсноос л цар хүрээг нь харж болно.

“Энгийн мөртлөө нэг л этгээд”

Наадамд оролцогчдод энэ жил Монголын хүүхдийн ордоны үүднээс автобусаар цаг тутамд үнэгүй үйлчлэв. Наадмын хоёр дахь өдөр хэдий ч автобусанд хүн дүүрэн. 40 минут явсны эцэст “Монгол шилтгээн”-д ирлээ.

Ихэвчлэн залуус. Энгийн мөртлөө цаанаа л этгээд хувцаслалтыг тэд цогцлоожээ. Уранхай жийнс, элдэв бичигтэй хар фудволк, халимаг стильтэй үс, хар дугуй шил… Охидын нийтлэг дүр зураг нэг иймэрхүү. Гэхдээ тэднээс тэс ондоо, уруулаа хараар будаж, үсээ хургачин охин шиг хувааж, монгол дээл, кейт өмссөн охин ч харагдана. Хотын гудамжаар хаа нэг харагддаг этгээд загварлаг залуусыг нэг дороос олноор харж болно. Тэд бүгд эрх чөлөөтэй, зөвхөн өөрийн хүссэнээр хувцаслаж, дүр төрхөө бүрдүүлсэн зоригтой залуус гэмээр…

Энэ наадам зуны улиралд болдог элдэв парти, үдэшлэгээс тэс ондоо. Наанадаж л богино юбка, өсгийтэй туфли өмсч, үсээ задгайлан гангарсан охид барагтай үзэгдэхгүй. Тэд хайнга. Биедээ эвтэйхнээр хувцаслана. Бас цэмцэгнэхгүй. Хаа тааралдсан газраа, тухалж болох хаа ч хайнгадуухан суух нь энүүхэнд. Тайзыг тойрсон зүлгэн дээр завилан суусан, хэвтсэн, гүйлдсэн залуус хаа сайгүй. Хэдий тийм ч тэд  цаанаа л нэг этгээд. Жинсэн юбкийг израйлан гуталтай хослуулан өмсөх жишээний. Рок, богем, хиппи гээд этгээд, содон стильтэй залуус олноороо цугларчээ.

Наадмын үеэр хамгийн олон сонссон үг бол “Монгол залуус үнэхээр стильтэй болжээ” гэх үг байв.

“Монгол залуус, залуусыгаа дэмжинэ”

Энэ жилийн бас нэг онцлог нь шинэ брэнд, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр зүтгэж буй залуусын бизнесийг наадмын үеэр толилуулж байв. Монгол залуус өөр хоорондоо хамтран, нэгнээ дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээсээ сонголт хийдэг болох бас нэгэн уриалгыг дэвшүүлжээ. Наадмын үеэр монгол загвар зохион бүтээгчдийн содон, сонин загваруудыг ч худалдаалж, нүд хужирлаж байв. Монгол залуус ч дотоодын брэндийг сонирхон, хэрэглэдэг болсон нь энэ үеэр харагдаж байсан юм. Мөн зураач, гарын ур дүйтэй залуус хена хээг охид, хөвгүүдийн нүүрэн дээр зурж өгч харагдана.

“Гадныхнаас туршлага судлав”

Энэ жил өмнөхүүдийг бодвол гадны хамтлаг харьцангуй олон ирж, олон улсын хэмжээний наадмын хэмжээнд зохион байгуулагдаж буйг тэд онцлов. Наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлагирж ая дуугаа өргөсөн юм.

Ингэснээр Монголын рокерууд гадны уран бүтээлчидтэй хамтрах, туршлага судлах гээд олон боломж ирж буйг ч залуус өөр хоорондоо ярилцаж байв.

Наадмын эхний хоёр өдөр альтернатив чиглэлийн уран бүтээлчдийг тайзнаа гаргажээ. Эхний орой “Lemons” хамтлагийнхан залуусыг доргиож, амьд хөгжмийн наадмын эхлэлийг тавьсан. Харин гурав дахь өдөр хөгжим илүү хүндэрч, рок, метал урсгалаар залуусыг доргиов. Рокеруудын хувьд гаднаасаа хатуу, ширүүн харагддаг ч сэтгэл  хөдлөлөө нуудаггүй, илэрхийлж, доргиж чаддаг гэх үгийг бишгүй сонсч байсан нь ч энэ өдөр харагдав. Сэтгэл хөдлөлөө барьж ядсан залуус нүдээ тас анин, үсээ сэгсчин, гагцхүү ертөнцөөс тасарч, эрх чөлөө, кайфыг мэдэрч буй бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж